15 жилийн өмнө Монголын анхны аймшгийн жанрын нэвтрүүлэг “Шөнө Дундын Яриа”  хийгдэж, тухайн үед цоо шинэ жанрыг үзэгчдэд хүргэн, үзэгч  олны сонирхлыг ихээр татаж байв.
2013 онд тус нэвтрүүлэг нь кино хэлбэрт шилжсэнээр “Шөнө Дундын Яриа” бүрэн хэмжээний уран сайхны кино болон үзэгчдэд хүрч, тухайн оныхоо “Академи Авардс 2013” наадмын шинэ давлагаа шагналыг хүртэн, ашиг орлогоороо тэргүүлж байсан билээ.
Энэ удаад инээд, айдсыг хослуулсан маш хурц үйл явдалтай өвөрмөц жанрын
“Шөнө Дундын яриа 2” УСК бэлэн болж 2018 оны 11-р сарын 30-нд албан ёсны нээлтээ хийхээр товлогдсон байна.
Тус кино нь “Очир фильм” студид хийгдсэн бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Монгол фото” студи, туслан гүйцэтгэгчээр “Борн фильм” студи хамтран бүтээжээ.
Зохиолч найруулагчаар залуусын сайн мэдэх  “Шөнө дундын яриа-1 ”болон “Хамгийн сайхан нь” кинонуудыг бүтээсэн найруулагч О.Батзориг ажилласан ба ерөнхий продюсероор Д.Цэдэнгомбо, ерөнхий зураглаачаар П.Энхбаатар ажилласан байна.

Гол дүрүүдэд Монголын хипхоп хамтлагийн томоохон төлөөлөл “Опозит” хамтлагийн А.Гантулга, жүжигчин Б.Баттогтох, залуу уран бүтээлч Б.Есүжин болон сурагч Э.Нинжин, жүжигчин М.Энхзаяа, Х.Батбаяр нарын олон олон уран бүтээлчид тогложээ.
Тус киноны үйл явдал өмнөх ангиас хөвөрдөн үргэлжлэх хэдий ч “Шөнө дундын яриа-1” киног үзэж амжаагүй үзэгчдэд ч ойлгохоор хийгдсэнээрээ онцлогтой.

Уйдах завгүй ритмтэй холбоос бүхий “Шөнө дундын яриа-2” уран сайхны киноны логлайн нь “Илүү Инээдэмтэй-Илүү Аймшигтай”.
Хүүхэд залуус үзэгчдийн дунд тунчиг ихээр хүлээлт үүсгэж буй тус киног үзэх цаг удахгүй ирэх нь. Киноны нээлт 11-р сарын 30-нд 19 цагаас Өргөө-1 кинотеатрт нээх юм байна.