Сүүлийн үед Стандарт, Хэмжил Зүйн Газрын албан ёсны цахим хуудас, фэйсбүүк болон нэр бүхий сайтуудаар “Стандарт, Хэмжил Зүйн Газрын зүгээс тайлбар, няцаалт хийж байна”, “Мэдэгдэл” гэсэн гарчигтай захиалгат мэдээлэл гарч байна. Уг мэдээлэлд тус газрын үйл ажиллагаа болон албан хаагчдын нэр хүндэд халдсан мэдээллүүдийг олон нийтийн сүлжээгээр цацуулж байна хэмээн бичиж иргэн Б.Ариунаагийн нэр төрд халдсан, гүтгэсэн үйлдлийг гаргажээ.
2017 оны 11-р сараас эхлэн сэтгүүлч А.Баярмаа эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулж СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн хууль бус үйлдэлтэй холбоотой баримт нотолгоог олж авч нийтэлж байгаа билээ. Сэтгүүлчийн нийтлэл бүхэн баримтаар нотлогдож байгаа бөгөөд СХЗГ-ын тайлбарт дурдсан баримтуудыг няцаасан, мөн нэмэлтээр олж авсан баримтууд багтаж байгаа. СХЗГ-ын дарга Г.Гантөмөр нь хууль бус үйл ажиллагааг нь илчилсэн сэтгүүлч А.Баярмааг цагдаа, шүүхэд өгч айлгах, залхаах оролдлого удаа дараа хийж байгаа боловч цагдаа шүүхээс биднийг буруутгасан ганц ч шийдвэр эцэслэн гараагүй юм. Мөн сэтгүүлч А.Баярмаа болон иргэн Б.Ариунааг торгосон цагдаагийн шийтгэвэрийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүчингүй болгож байсан юм. Гэтэл СХЗГ-ын тайлбар нь иргэдийн төөрөгдүүлж, сэтгүүлч А.Баярмаа болон иргэн Б.Ариунааг гүтгэж байна. Энэ ичгүүргүй үйлдлээ зогсоохыг СХЗГ-ын дарга Г.Гантөмөрөөс шаардаж байна.
Бодит байдлыг дурдвал СХЗГ-ын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.Ариунаа 2017 оны 10-р сарын 30-ны өдрөөс 12-р сарын 25-ны хооронд нийт 4 удаа АТГ-д хандаж СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл өгсөн юм. Гэтэл Б.Ариунааг 12-р сарын 1-ны өдөр ажлаас нь гэнэт халсан нь Г.Гантөмөр өөрийг нь АТГ-т өгсөны төлөө өс санаж хийсэн үйлдэл гэж үзэж Б.Ариунаа шүүхэд хандаад байна. Шүүхийн процесс дуусаагүй байгаа бөгөөд давж заалдах шатанд явж байна. Гэтэл үргэлжлэн явагдаж буй шүүхийн процессийг СХЗГ-ын зүгээс өөрт ашигтай байдлаар мэдээлж байгаа нь хууль бус, ёс зүйгүй үйлдэл юм.
СХЗГ-ын дарга Г.Гантөмөрт АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгасан боловч 2018 оны 3-р сард Нийслэлийн прокурорын газраас хэргийг хаасан юм. Г.Гантөмөр нь хуулийн байгууллагад худал мэдүүлэг, баримт гарган өгч хэргээ хаалгасныг нотлох нотлох баримтуудаас дурдвал:
1. СХЗГ-ын нэр бүхий улсын шалгагч нар удаа дараа үнэт цаас, тамга тэмдэг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг нуун дарагдуулсан үйлдэл. Нотлох баримт: Стандартчилал, хэмжил зүйн газрын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/67дугаар тушаал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр 07-ны сарын н/06 тоот Шинжээчийн дүгнэлт, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07-р сарын 30-ны өдрийн шийтгэвэр.

2. Албан тушаалын эрх мэдлээ ашиглан улсад орох мөнгийг жил гаран төрийн дансанд тушаалгүй нууж, зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл. Нотлох баримт: Монгол Улсын Сангийн яамнаас иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6/5920 тоот албан бичиг, төрийн сангийн дансны хуулга, Монгол Улсын Шадар сайдын 2016.03.21-ны өдрийн “Эрх олгох тухай” 26 дугаар тушаал, бэлэн мөнгөний баримт

3. Хүчингүй болсон санхүүгийн тамга тэмдэг ашиглан санхүүгийн хүчингүй баримт үйлдэж хэрэглэгчээс бэлэн мөнгө удаа дараа авч байсан үйлдэл. Нотлох баримт: 2017 оны бэлэн мөнгөний зарлагын баримтууд гэх мэтчилэн хангалттай баримт нотолгоо олдсоор байна. СХЗГ-ын дарга Г.Гантөмөр та албан тушаалтайгаа зууралдан худал мэдээлэл тарааж суухын оронд өөрөө хүсэлт гаргаж хяналт шалгалт, хууль, хүчний байгууллагад хууль бус үйлдлээ шалгуулбал бид таньтай хамт очиж баримтуудаа шалгуулахад бэлэн байна.

Мэдэгдэл гаргасан: Сэтгүүлч А.Баярмаа, иргэн Б.Ариунаа. 2018 оны 11-р сарын 30-ны өдөр.

Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүлчийг мэргэжлийн алдаа гаргаагүй болохыг дүгнэсэн.

СХЗГ-аас ном худалдан авахад Монгол улсад байхгүй байгууллагын тамга бүхий баримт олгосон.

Ном зарсан мөнгө тус байгууллагын дансанд ороогүй болохыг нотлох баримт. 

А.Баярмаа болон Б.Ариунаа нарыг торгосон шийтгэлийн хуудас хүчингүй болсныг батлах Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр