Нөгөө хоёр настай хүүхдийг моринд нь “баглаад” уралдуулсан эцэг малыг 100 мянгаар торгосон юм байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн эрүүл мэнд амь насанд харшлах, эсвэл аюул учруулах тоглоомд оролцуулвал 100 мянган төгрөгийн торгууль төлөхөд л хангалттай. Монгол хүүхдийн албан ёсны үнэлгээ нь энэ.

Тэгвэл ингэе л дээ.

Энэ хуулийн заалтаар хурдан морь хүүхдээр уралдуулан зохион байгуулсан холбоо буюу хуулийн этгээдтэй шүүхдээд хүүхэд тус бүрээр 1 сая төгрөгийн торгууль ноогдуулах боломжтой байх нь.

Жил бүр наадмаар 30 гаруй мянган хүүхэд уралддаг тоо байна. 30 гаруй мянган хүүхэд нэг өдрийн дотор элэг бөөрөө доргиож, зарим нь илүү хүнд бэртэж гэмтдэг гэсэн үг.

30 гаруй мянган хүүхэд амь насанд харшлах аюултай тоглоомонд насанд хүрэгчдийг зугаацуулах гэж ороцож байна. Тэгхээр уг хуулийн заалтаар 30 гаруй тэрбум төгрөгийн торгууль ноогдуулах боломж байх нь.

Уламжлал, өв соёл гээд олон юм донгосдог хүмүүс нэгдүгээрт өөрийнхөө хүүхдийг унуулчихаад олон юм онхолдвол дээр.
Хоёрт хүүхдийн амь наснаас дээр гарсан уламжлал өв соёл гэж ямар балдууш байдаг юм. Хэрвээ байдаг юм бол түргэн засах хэрэгтэй. Өв соёл бол орчин, цаг хугацаагаа дагаж өөрчлөгддөг амьд процесс. Огт өөрчлөгдөөгүй улс орон мөхсөн түүх хогоороо байна энэ хүний түүхэнд чинь.

Хуульч, өмгөөлөгчид өө! Та бүхэнд энэ бурангуй, харанхуй, хөгжлийн эсрэг уламжлал нэртэй харгислалыг өөрчлөх боломж байна.

Хүүхэд бол энэ улс эх орны чинь хамгийн том баялаг шүү дээ.

Ц.Тамирб