2018 оны 08 сарын 20-ны өдөр                                      Дугаар А/742                                          Улаанбаатар хот

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг

бууруулах талаар авах зарим

арга хэмжээний тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “б”, 29.1.6-гийн “а”, “ж”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 12 дугаар зүйлийн 2, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.3, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08 дугаар, 4/14 дүгээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 225 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:

1.1.автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн автомашиныг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08.00-20.00 цагийн хооронд, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашиныг мөн сарын 26-ны өдрийн 08.00-20.00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Нийслэлийн Замын цагдаагийн газар /Д.Дашдорж/-т;

1.2.авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэ захирамжийн 1.1-д заасан хязгаарлалт хамаарахгүй байхаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохицуулалтын ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Замын цагдаагийн газар /Д.Дашдорж/, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ /Д.Одбаяр/-т тус тус;

1.3.ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд “Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний  гарц, гарамтай  хэсгүүд  дээр ажиллуулах арга хэмжээ авч, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Замын цагдаагийн газар /Д.Дашдорж/, Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т тус тус;

1.4.сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааны хуваарийг замын хөдөлгөөний ачааллыг харгалзан боловсруулж, зохих журмын дагуу батлуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс /М.Эрдэнэжаргал/, Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т тус тус;

1.5.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаж, сургуулийн хүүхдийн автобусанд үзлэг, шалгалт хийх арга хэмжээ авахыг Нийслэлийн Замын цагдаагийн газар /Д.Дашдорж/, Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/, Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т болон дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус;

1.6.Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хийж байгаа зам засварын ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэж, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, орон сууц, гэр хорооллын доторх замын эвдрэл, гэмтлийг засварлаж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл, бололцоог бүрдүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус;

1.7.Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллын талаар судалгаа гаргаж, түгжрэл саатлыг бууруулахад чиглэсэн ажлыг зохион байгуулж, тухай бүр танилцуулж байхыг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ /Д.Одбаяр/-т;

1.8.”Барс-2” худалдааны төвийн зүүн талд байрлах шороон талбайг түр хугацаанд авто зогсоол болгон ашиглах нөхцөлийг бүрдүүлж, төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн шинэ жилд зориулсан өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрт 5-аас дээш газарт зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/ болон дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус;

1.9.замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т.

2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                             С.БАТБОЛД