Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Залуучуудын хөгжлийн сар” аяныг наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 25-ны хооронд зохион байгуулахаар баталсан. Энэхүү сарын хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, 21 аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл байгууллагууд нийт 24 үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо.

Тус аяны зорилго нь залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн талаар залуучууд, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хуулийн хэрэгжилтийг хангахаар аймаг, нийслэл, сум, дүүрэгт байгуулагдсан “Залуучуудын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг танилцуулан, эрчимжүүлэх, төр, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллан, асуудлыг оновчтой шийдвэрлэж болдог сайн туршлагыг үлгэрлэхэд оршиж байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Залуучуудын хөгжлийн сар” аяны хүрээнд залуучуудын санаачилга,  идэвх оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачилгаар хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэн, нэгдсэн шийдвэрт хүрэх ач холбогдолтой олон талт үйл ажиллагааг зохион байгуулна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.