Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах “Малын удмын сангийн үндэсний цогцолбор” төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус төв “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд 2013 оноос эхлэн бүтээн байгуулалтын ажил хийгдэж энэ оны долоодугаар сард ашиглалтад оржээ. Тус цогцолбор нь 22.3 га газартай, одоогоор гурван алба, 34 ажилтан ажиллаж байна. 2019 онд цогцолбор бүрэн хүчин чадлаараа ажиллавал нийт 80 хүн ажлын байраар хангагдана. Үүнээс 50-60 нь мал зүйч, биотехнологич байх юм.

Манай улс 1953 онд малын чанар сайжруулах үржлийн ажилд малын нөхөн үржихүйн биотехнологийн хамгийн хямд, оновчтой, хялбар аргийн нэг болсон зохиолмол хээлтүүлгийн үйлчилгээн анх нэвтрүүлж, 1958 онд “Малын зохиомол хээлтүүлгийн төв” станц байгуулж байсан юм.

Уг төв нь мал аж ахуйн салбарын тэргүлэх зорилтууд болох мал үржлийн ажил, үйлчилгээ эрхлэх, мал сүргийн генетик нөөцийг хамгаалах, хадгалах, баяжуулах, ашиг шимийг нэмэгдүүлэх удам гарал угсааг сайжруулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Орчин үеийн биотехнологийн шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх чиглэлээр үр үйлдвэрлэл, азот цех үйлдвэрлэл, хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг иж бүрэн лабораториуд, малын генийн санг хадгалах зориулалтын байр, сайн чанарын хээлтүүлэгч бойжуулах болон малыг тэжээж бордох байр талбай, тэжээл боловсруулах цех, сургалтын байр, мал эмнэлгийн үйлчилгээний цэг зэрэг 14 объектоос бүрдэж байна.

Малын удмын сангийн генийн санд 4 үүлдрийн ямааны 1793 тун, 16 үүлдрийн хонины 25878 тун, 8 үүлдрийн бухны 37086 тун гээд нийт 30 үүлдэг омгийн мал үр хадгалагдаж байна. Ингэснээр монгол малын удмын санг хамгаалах, эдгээр үүлдэр омгийн үрийг зохиомол хээлтүүлэгт ашиглаж, удамзүйн дэвшил гарч байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.