“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь авто замын нөхөөс, ан цав хагарлыг засварлах ажлын хүрээнд Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний 17000 м2 ан цав, заадсыг гэрээт хугацаандаа бүрэн засварлажээ. Тус газар нь авто замын ан цавыг мастикаар хоёр дахь жилдээ засварлаж байгаа юм.

Өмнөх жилүүдэд заадас засварлах ажилд битум хэрэглэдэг байсан юм. Битумын дэгдэмхий элментүүд засварын ажил гүйцэтгэсний дараа агаарт их хэмжээгээр дэгдэж ууршин агаарын бохирдол үүсгэдэг байсан. Мөн агаарын температур нэмэгдэн хэт халалт үүсэхэд битум уярч, тээврийн хэрэгслийн дугуйнд наалдан засварын ажлыг үр дүнгүй болгох, зорчих хэсгийг бохирдуулах, замын хэвтээ тэмдэглэгээг хар болгох зэрэг дутагдалтай талууд их байсан. Нөгөөтэйгүүр ан цавд битум цутгасны дараа эрдэс нунтгийн хольцтой элсэн хучилт хийх шаардлагатай байдаг бөгөөд хотын авто замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсний дараа дугуйны эргэлтийн цохилтын нөлөөллөөр гудамж замаар элс тарж, орчныг бохирдуулдаг байсан. Битум нь суналтын бат бэх чанар муу учир өвлийн улиралд тасарч, эвдэрдэг зэрэг олон дутагдал байсан учир шинэлэг, үр ашигтай технологиудыг судласны дүнд 2017 оноос эхлэн мастикыг туршиж, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Мастик нь газрын тосны битум, резин, бусад химийн нэмэлт элментүүдийн нэгдэл бөгөөд халуун хүйтэнд буюу температурын нөлөөлөлд сайн ажилладаг суналт, агшилт сайтай төдийгүй -10-40 градусын хүйтэнг тэсвэрлэх чадвартай сүүлийн үеийн шинэ технологийн бүтээгдэхүүн юм. Энэ онд авто замын ан цав, хагарлыг мастикаар гүйцэтгэхдээ механикжсан төхөөрөмж ашиглаж байгаа нь олон талын давуу талыг агуулж байна. GF-100L төхөөрөмж иж бүрдэл нь замын заадас, хагарал хөрөөдөх хөрөө болон нөхөх мастик цутгах тоног төхөөрөмжөөс бүрдэнэ. Тоног төхөөрөмж нь  мастикийг халаах болон температурыг технологийн зохист хэмжээнд барих, температурын алдагдал үүсгэлгүй авто замын ан цавд мастикийн цутгадаг. Зориулалтын төхөөрөмж ашиглан ажил гүйцэтгэснээр +180С хүртэл халсан халуун мастиктай ажиллаж байгаа ажилтнуудын аюулгүй байдлыг бүрэн хангахаас гадна хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж байгаа юм гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.