Жил бүр төрийн байгууллагуудад аудитын шалгалт ордог. Үүний хүрээнд МУИС-д аудитын шалгалт орсон бөгөөд хэд хэдэн сэжиг бүхий үйлдэл илэрчээ.

Монгол Улсын Их сургууль нь 2017 онд улсын төсвөөс урсгал зардалд 1,099.5 сая төгрөг, орон нутгийн төсвөөс 237.4 сая төгрөг, бусад төсөвт байгууллагаас 3,922.6 сая төгрөг, тусгай зориулалтын сангаас 1,225.8 сая төгрөгийн санхүүжилт авсан.

Өөрийн үйл ажиллагаанаас 43,165.4 сая төгрөгийн орлого олж, хандиваар 492.9 сая төгрөгийн орлого олсон байна. Үндсэн үйл ажиллагааны зардалд 39,732.9 сая төгрөгийг зарцуулж 10,441.6 сая төгрөгийн үр дүнтэй ажилласан байна.

Тэгвэл энэ удаагийн аудитын шалгалтаар илэрсэн зөрчлөөр  Монгол Улсын Их сургуулийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 100,959.8 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн ба 43,009.3 сая төгрөгийн зөрчилд 2 албан шаардлага хүргүүлж, 6.4 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн 1 акт тогтоож, 57,944.1 сая төгрөгийн зөрчилд 6 зөвлөмж өгсөн байна.

Өглөг, авлага

Тайлант оны эцэст 5,710.7 сая төгрөгийн өглөг, 2,024.4 сая төгрөгийн авлагатай байна. Өглөгийн 305.2 сая төгрөг, авлагын 578.3 сая төгрөгийг тооцоо нийлж, актаар баталгаажуулаагүй байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д “эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэж заасныг зөрчсөн байна.

Зардлын талаар

Тус сургууль байгуулагдсаны 75 жилийн ой болон бусад баяр ёслолын арга хэмжээнд 787.0 сая төгрөг зарцуулсан байна. Энэ нь Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын 3.6-д “улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, ялангуяа төсвийн нэмэлт орлого, хандив болон тусламжийн орлогоор гадаад, дотоодын тойрон аялал, зугаалга, ой тэмдэглэх арга хэмжээ, урлагийн наадам, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх” гэж заасныг зөрчсөн байна.

Дотоод хяналтын талаар

Дотоод хяналтын 2 ажилтантай ба санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлэн ажиллаагүй байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна” гэж заасныг зөрчсөн байна.

Бусад анхаарал татсан

Гадаад оюутны сургалтын төлбөр, буфет, заалны түрээсийн төлбөр, хандивын орлого болон тендерийн материалын 2,457.1 сая төгрөгийн орлогыг бэлнээр хүлээн авч зарцуулсан ба кассын бүртгэлийн дэвтэр хөтлөгдөөгүй байна. Энэ нь Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 7.2-т “Мөнгөн кассын нярав бэлэн мөнгөний гүйлгээ тус бүрийг кассын дэвтэрт бүртгэж, өдөр бүр кассын тайлан гаргаж, кассын дэвтрийн хуудас бүрийг дугаарлан, дэвтрийн сүүлчийн хуудасны тоог бичиж дараагийн ажлын өдрийн 12 цагаас хэтрүүлэхгүйгээр нягтлан бодогчид шилжүүлэн өгч хянуулж байна” гэж заасныг зөрчсөн байна

Мөн Үндэсний аудитын газраас акт гаргаж төрийн өмчийг түрээслүүлэх гэрээ байгуулаагүйгээс 6,368,307 төгрөгийн  орлогыг төсөвт дутуу төвлөрүүлсэн тул у мөнгийг улсын орлогод тушаахаар болгожээ.