Иргэний нисэхийн ерөнхий газрын хурган дарга нар нийлж цэнгэн хөгжилдөхдөө тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн байна. Үүнийг нь сануулсан тухайн байгууллагын үйлчилгээний ажилтанг зодож танхайрсан байна. Албаны эх сурвалжууд энэ мэдээллийг баталж байхад ИНЕГ харин “Үгүй” хэмээн мэлзэв.

2018.05.31-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын хэсэг дарга нар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жуулчин” төвийн караокегоор үйлчлүүлжээ. Энэ үеэр тэд тамхиня хяналтын тухай хуулийг зөрчсөн бөгөөд тамхи татахгүй байхыг сануулсан барменыг зодож танхайрсан байна.

Хохирогчийг О.Т гэдэг бөгөөд хамар нь хугарсан байна. Бид түүнийг олж уулзахад “Тухайн явдлаас хойш би ажлаасаа гарсан. Ямар ажил хийдэг хүмүүс вэ гэдгийг нь мэдэхгүй. Танихгүй. Хамар хугарсан. Өөр энд тэндгүй хөхөрсөн. Цагдаад хандсан. Эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Одоо хэргийг шалгаж байгаа” гэв.

Харин хүн зодсон хүмүүс нь ИНЕГ-ын хэлтэс, албаны даргаар ажилладаг Н.Мөнхсүрэн, Ё.Эрдэнэбат нөр бөгөөд тэдэнтэй хамт тус газрын дарга Л.Бямбасүрэн байсан гэх мэдээлэл байна.

Хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа. Энэ талаар цагдаа болон прокурорын газраас лавлахад “Н.Мөнхсүрэн, Ё.Эрдэнэбат гэсэн хоёр хүнд холбогдуулан бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Энэ хүмүүс нь ИНЕГ-т эрх бүхий албан тушаал хашдаг юм билээ. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Бид мэдээллийн тэнцвэртэй хүргэхээр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээс хэвлэлийн төлөөлөгчөөр нь дамжуулан асуулгахад “Тийм зүйл болоогүй” гэсэн юм.

Гэмт хэрэгт холбогдсон дарга нарын хэн нь хэн бэ?
Л.Бямбасүрэнгийн хувьд уснаас хуурай гарахдаа гарамгай нэгэн гэдгийг түүний ойр тойрныхон хэлдэг. Тэрбээр “Чингис хаан” нисэх буудлын дэд даргаар ажиллаж байхдаа 2013 оны дөрөвдүгээр сард “Peace bridge” зочид буудалд мөрийтэй тоглоод баригдсан ч хэрэг нь тэгсгээд замхарсан түүхтэй. Учир мэдэх хүмүүс түүнийг Б.Хурц, Т.Бадамжунай нарын дэмжлэгээр дээрх албан тушаалд заларсан гэх юм билээ.

Хэрэгт холбогдоод буй Н.Мөнхсүрэн нь ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга, Ё.Эрдэнэбат нь Агаарын навигацын бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар, Н.Мөнхсүрэн нь ИНЕГ-ын Дотоод аудитын албыг ахлан ажилладаг юм байна.

Энэ хэргийн талаар бид эргэж мэдээлэх болно.