Эрүүл мэндийн мэдээллийн санг ашиглах, 2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын үед ажиллах эмч нарт “Эрүүл мэнд-цахим бүртгэл” сургалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас өнөөдөр зохион байгууллаа. Сургалтын зорилго нийслэлд шинээр хийгдсэн цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн мэдээллийн сан”-г танилцуулах, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцох, цэргийн албанд татагдаж байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулж, эрүүл мэндийн мэдээллийн санг үүсгэх нэгдсэн ойлголтод хүрэх, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн улмаас цэргийн албанаас чөлөөлөгдсөн иргэдийг эрүүлжүүлэх ажлыг дээшлүүлэхэд оршино.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн мэдээллийн сан”-г мэргэжлийн байгууллагатай хамтран 2 жилийн хугацаанд боловсруулан туршиж, 2018 оноос нийслэлийн дүүргүүдэд хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангасан.

Эрүүл мэндийн мэдээллийн санг ашигласнаар цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн мэдээллийн санг дүүрэг бүрт бий болгох, дүүргийн Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар хорооны өрхийн Эрүүл мэндийн төвтэй хамтран эрүүл мэндийн улмаас цэргийн албанаас түр чөлөөлөгдсөн иргэдийн мэдээллийг солилцсоноор хороотой ажлын уялдаа холбоо сайжирч, цэргийн насны залуучуудын эрүүлжилтийн хувь нэмэгдэхэд нөлөөлөх зэрэг ач холбогдолтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.