Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө батлах тухай болон “Манай хороо-Миний гудамж” аяны дүнг танилцуулсан юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын ногоон байгууламжийг газар олголт, инженерийн шугам сүлжээ, хот төлөвлөлт, хотын ландшафт дизайнтай уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөх, бий болгох арчлах цогц менежментийг нэвтрүүлэх, Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг боловсруулан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан хэлэлцүүлэв. Зөвлөлийн гишүүдийн олонх нь мастер төлөвлөгөөг дэмжин НИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барихаар болов.

“Мастер төлөвлөгөөний зорилго нь хотыг цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тохижилт, ногоон байгууламж бүхий гудамж талбайг бий болгох, тэдгээрийг хамгаалж сайжруулахад чиглэсэн хотын ногоон байгууламжийн бодлогын зорилт, хэрэгжилт, гүйцэтгэлд шаардлагатай төсвийн хүрэлцээг сайжруулах замаар цэвэр, эрүүл, аюулгүй таатай амьдрах орчныг эрхэмлэдэг иргэдтэй, байгаль орчныг хамгаалах, сэргээгдэхгүй байгалийн нөөцийг үр өгөөжтэй, хэмнэж ашиглах замаар бий болгон эрх тэгш нийгмийн харилцаатай, хүчирхэг эдийн засаг бүхий ногоон хотыг байгуулахад оршиж байгаа” гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлж байв.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нийслэлийн 2018 оны шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын шилдэг баг шалгаруулах болзолт уралдааны явц, үр дүнгийн талаар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа “Аяны хүрээнд шилдэг тохижилттой дүүрэг, байгууллага, ААН, хороо, гэр хорооллын өрх шалгаруулах ажлын хэсгүүд өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 8-ныг хүртэл батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулсан” гэлээ.

Төрийн анхан шатны нэгж хороодын үйл ажиллагааг сайжруулах, төрийн албан хаагч, хэсгийн ахлагч нарын ур чадвар, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах зорилгоор “Шилдэг хороо”, “Шилдэг хэсгийн ахлагчдын баг”-ийг шалгаруулах болзолт уралдаан зарлаад байсан юм. Болзол уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж эхний 20 хороо шалгаран үлдээд байгаа. Зөвлөлийн гишүүд хэлэлцэж шалгарсан 20 хорооноос “Шилдэг хороо”, “Шилдэг хэсгийн ахлагчдын баг”-ийг ирэх долоо хоногт тодруулахаар боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.