Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотод албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Бээжин хотын Тяньчяо соёл урлагийн төвд Монгол Улсын бүтээн байгуулалтын 60 жилийн түүхийг, соёл, ёс заншлыг харуулсан “Өнөөгийн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр дэлгэгдлээ. Үзэсгэлэнг Улаанбаатар хотын музейн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт дэлгэн үзүүлсэн юм.

Үзэсгэлэнг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үг хэлэхдээ “Бээжин Улаанбаатар хотын найрамдалт харилцааны хүрээнд анх удаа “Улаанбаатарын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж байгаа нь бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Хэдхэн хоногийн дараа 379 жилийн ойтойгоо золгох Улаанбаатар хотын хөгжил дэвшил, түүхийг өгүүлсэн баримтат, гэрэл зургийн үзэсгэлэн, Улаанбаатарын үдэш урлагийн тоглолтыг бид Бээжин хотын иргэдэд толилуулж байна. Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь орчин цагийн Улаанбаатар хотын хөгжил дэвшлийг харуулаад зогсохгүй БНХАУ, Монгол Улсын харилцааг ч бүтээн байгуулалт, хүн хоорондын харилцааг харуулснаар өвөрмөц юм. 1950-1960-аад онд Улаанбаатар хотод БНХАУ-ын барилгачид, авто зам, барилгын салбарт ажиллаж байгаа нэн ховор зургууд ирснийг дуулгахад таатай байна. Өнөөдөр ч энэ бүтээн байгуулалтын үргэлжлэл болон нийслэл хотын 4 томоохон гүүрэн бүтээн байгуулалтыг БНХАУ-ын Төмөр замын 20-р товчооны төмөр замчид, барилгачид босгож байна. Өөрөөр хэлбэл, бидний хамтын ажиллагаа бүтээн байгуулалтын салбарт хагас жарнаар хэмжигдэж байгааг түүхэн гэрэл зургууд нотолно” гэлээ.

Бээжин хотод зохион байгуулагдаж буй “Улаанбаатарын өдрүүд” арга хэмжээний хүрээнд “Улаанбаатарын үдэш” урлагийн тоглолт болов. Энэхүү тоглолтоор Монголын үндэсний бүжиг, дуу, хөгжмийг сурталчлахаас гадна сонгодог болон дэлхийн тайзны уран бүтээлийг үзэгчдэд толилууллаа. Чингис хааны одонт, МУГЖ Г.Ариунбаатар “Кармен” дуурийн аригаас үзэгчдэд бэлэг барьсан бол Үндэсний Урлагийн их театрын бүжигчид ардын бүжгийн гайхамшгийг толилуулсан юм гэж нийслэлийн ЗДТГын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.