Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Бээжингийн Хот төлөвлөлтийн музейг үзэж сонирхлоо.

Бээжин хот өдгөө 21 сая хүн амтай бөгөөд 2020 он гэхэд энэ тоог 23 саяас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ. Мөн хотын захиргааг захын Тунжоу дүүрэг рүү тун удахгүй шилжүүлэхээр болжээ. Хот төлөвлөлтөө ерөнхийд нь төвлөрлийг сааруулахад чиглүүлж байгаа бөгөөд төрийн захиргааны болон төрийн өмчит байгууллагуудыг захын дүүргүүд тийш шилжүүлэхээр болсон байна.

Хотын босоо тэнхлэгийн дагуу соёл, боловсрол, хэвтээ тэнхлэгт эдийн засаг, бизнесийн байгууллагуудыг байршуулах төлөвлөгөө боловсруулжээ. Мөн хаяа залгаа Тяньжин хот, Хэбэй мужтай хөгжлийн төлөвлөгөөгөө уялдуулан хөгжүүлэхээр болсон байна. Ирэх жил гэхэд Бээжин хот нисэх онгоцны шинэ буудалтай болох аж.

Бээжин хотын ерөнхий төлөвлөлтөөс үзэхэд Улаанбаатар хот ч гаднын томоохон хотуудын орчин үеийн төлөвлөлтийн дагуу хот төлөвлөлтөө шийдэж буйг харж болохоор байлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.