ИНЕГ-аас зарласан тендерүүд будилаантай болдгийн учир

ИНЕГ-ын удирдах албан тушаалтнуудын хууль зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдлүүдийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр удаа дараа бичиж буй ч хууль сахиулагчид нь үл ойшоож, эрх мэдэлтнүүд нь хариуцлага тооцсон ч нь үгүй өдий хүрэв. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Бээжинд ослын буулт хийснийг эрс өөрөөр тайлбарласан, шинээр барьж буй нисэх буудалд зориулсан хөрөнгийг дур мэдэн зарцуулж, өндөр үнээр автомашин “шахсан”-ыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхан баримттай нь дэлгэсээр атал ИНЕГ-ын удирдлага үл ойшоож, ЗТХЯ-ныхан нь ч бүлх залгисан мэт дуугүй сууна. Тус газраас зарласан тендер үр ашиггүй болж, үхмэл хөрөнгүүдээр дүүрч байгаа нь тэнд ажилладаг хэдхэн хүний хувийн эрх ашгаа өндөрт тавьж буйтай холбон хэвлэлээр бичсэн. Гэвч ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нь тендер зохион байгуулагчид, тэнд оролцсон албан тушаалтнуудаа хаацайлсаар суугаа юм. Тиймээс бид зарим баримтыг олон нийтийн анхааралд хүргэхийг зорилоо.

 

ИНЕГ-ын Тендерийн үнэлгээний хорооныхон хууль зөрчсөн нь тодорхой болов

“ИНЕГ-аас 6.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Зөөврийн зориулалт бүхий шалгалтын нислэгийн цогц төхөөрөмж” худалдан авах тендер 2019 оны аравдугаар сард зарлан, “Ач холдинг” болон “Ач сервис” ХХК-ийн хамтарсан нэгдлийг  шалгаруулж, ИНЕГ-т 756 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй талаар “Өнөөдөр” сонинд мэдээлж байв. Тухайн тендер шалгаруулалтыг нарийвчлан судалж үзэхэд ИНЕГ-ын даргын тушаалаар томилсон Тендерийн үнэлгээний хорооныхны үйл ажиллагаатай холбоотой байж болох талтай нь ил боллоо. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хорооныхон хууль бус шийдвэр гаргаж, ИНЕГ-ын дарга нь баталсан болж таарав. Дараах баримтуудаар тодруулан хүргэе.

Баримт 1: Тендерт оролцогчдод өгөх зөвлөмж (ТОӨЗ)  заасныг зөрчжээ

Дээрх тендерт оролцогчдод ИНЕГ-аас зөвлөж өгсөн байдаг. Уг ТОӨЗ-ийн 15.5 дахь хэсэгт Олон улсын худалдааны Incoterms/Инкотермс-ийн хувилбар: Incoterms 2000” DDP нөхцөлөөр барааг санал болгоно;

ТОӨЗ-ийн 15.9 (б)-д: “Бараа хүргэгдэх газар: Иргэний нисэхийн ерөнхий газар. Инкотермсийн DDP нөхцөл;

ТОӨЗ-ийн 15.9 (а)-д: “Бараа хүргэгдэх эцсийн цэг: Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Буянт-Ухаа, Иргэний нисэхийн ерөнхий газар. Инкотермсийн DDP нөхцөл хэмээн заасан байгаа юм.

Түүнчлэн ТОӨЗ-ийн 15.10-т: Тендерт оролцогчийн санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад “тохируулахгүй тогтмол байна” гэж цагаан дээр хараар бичжээ. Гэвч энэ ТОӨЗ-ийн 15.10 дахь заалт гэрээ хийх явцад өөрчлөгдчихөв. Хэн гэдэг эрх мэдэлтэн нь уг заалтыг өөрчилж, бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн 22-1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байж болох үйлдэл гаргасныг хууль сахиулагчид уг нь тогтоох ёстой баймаар. Уг баримтыг доор эш татъя.

Баримт 2: Үнэлгээний хороо тендерийг хэрхэн шалгаруулав.

Тендерийн үнэлгээний хорооныхон DDP нөхцөлөөр хэмээн ТОӨЗ-дөө тусгачихсан атлаа “Ач холдинг” нэгдлийнхэнд давуу байдал бий болгож, СИП нөхцөл буюу хилийн гаднах үнээр гэрээ байгуулчихаад байгаа юм. Тендер шалгаруулалтын өгөгдлийн

хүснэгтдээ ч захиалагчийн нэрлэсэн хилийн боомт хүртэлх СИФ үнэ, эсхүл захиалагчийн нутаг дэвсгэр дэх нэрлэсэн байрлал хүртэлх СИП үнийг бичих, гэрээ байгуулах эрх олгогдсоноор импортоор орж ирэх бараанд ногдох гаалийн, нэмэгдсэн өртгийн болон бусад албан татвар, барааг орох боомтоос буюу нэрлэсэн байрлалаас ТШӨХ-д заасан эцсийн цэгт хүргэхэд шаардагдах хуурай газрын тээвэр, даатгал болон дотоодод гарах бусад зардлыг бичих ёстой талаар заасан байгаа юм. Мөн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 15.5-д “Олон улсын худалдааны EXW, CIP болон ижил төстэй бусад нөхцөлийг хэрэглэхдээ эл хүснэгтэд дурдсан, Олон улсын худалдааны танхимаас эрхэлэн гаргасан “Encoterms”-ийн хамгийн сүүлийн хувилбарыг удирдлага болгоно” хэмээн заасан байна.

Мэргэжлийн хүмүүсийн өгүүлснээр гэрээний дагуу барааны СИП үнэ 4.8 тэрбум гаруй төгрөг гэвэл энэ үнэ дээр гаалийн татвар 243.8 сая, НӨАТ 512 саяыг нэмбэл ИНЕГ нийт 756 сая гаруй төгрөгийн алдагдалд орох гэрээ байгуулсан гэнэ. Өөрөөр хэлбэл, “Ач холдинг”-ийн үнийн саналд нийлүүлэх тоног төхөөрөмжийн СИП үнэ дээр зөвхөн НӨАТ тооцсон, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэнд тендерт оролцогчдод өгөх заавар, зөвлөгөөний 15.5, 15.9 зүйлд үнийг Инкотермс (Encoterms) нөхцөлөөр ирүүлэхийг шаардсан. Гэтэл “Ач холдинг” болон “Ач сервис” ХХК-ийн түншлэл уг шаардлагыг хангаагүй, гадаадаас нийлүүлэх тоног төхөөрөмжийн гаалийн хураамжийн өртгийг тооцоогүй, үйлдвэрийн хүлээн авах шалгалт, сургалтын зардлыг тусгаагүй, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэнд заасан DDP үнийн санал ирүүлэх шаардлагад нийцээгүй тендерийг “хамгийн сайн” гэж үнэлсэн зэрэг зөрчил байгааг албаны хүмүүс онцолсон юм.

Үнэлгээний хороо “Ач ходинг” компанийг шалгаруулахдаа “СИП” үнийн саналаар шалгаруулаад “СИП” үнийн саналаар гэрээ хийсэн байх юм.

 

Баримт 3: Тендерийн шалгаруулалтыг хэн хэрхэн гүйцэтгэв

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлд Тендерийн үнэлгээний хорооны эрх, үүргийг хуульчилсан байдаг.

Тодруулбал, 47.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна” гээд 47.2.1 дэх хэсэгт “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх”, 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” хэмээн хуульд тодорхой заажээ.

Тэгвэл ИНЕГ/ШХО/ТББ/Б-01/19-211/19 дугаартай Зөөврийн зориулалт бүхий шалгалтын нислэгийн цогц төхөөрөмж нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороог ИНЕГ-ын Агаарын навигацын бодлого зохицуулалтын газрын дарга Ё.Эрдэнэбат гэх эрхэм удирдсан юм байна. Ингэхдээ Ё.Эрдэнэбат албан тушаалаа ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчин байж “Ач холдинг- Ач СВС” түншлэлийг шалгаруулсан байж болзошгүй нь.

Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.5-д заасан “Энэ хуулийн 28.4-т заасан нэмж тооцох үнэлгээ нь зөвхөн тендерүүдийг харьцуулах зорилготой бөгөөд тендерийн үнийг өөрчлөх үндэслэл болохгүй”, 28.6-гийн “Тендерийн баримт бичигт өөрөөр заагаагүй бол тендерийн үнэд татвар, даатгал, тээвэрлэлтийн болон гэрээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бусад бүх зардлыг багтааж тооцох бөгөөд эдгээр зардлыг тендерийн үнэд тусгайлан тооцоогүй бол захиалагч тухайн зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ” гэсэн заалтуудыг зөрччихөөд байгаа гэхэд хилсдэхгүй.

 

ИНЕГ-ын удирдлага “Гүрэн” дээд сургуулийн захиралд давуу байдал олгоход Ё.Эрдэнэбат нөлөөлсөн үү

ИНЕГ-ын Агаарын навигацын бодлого зохицуулалтын газрын дарга Ё.Эрдэнэбат нэг бус Тендерийн үнэлгээний хороог ахалсан байдаг бөгөөд цөөнгүй нь хууль зөрчсөн нь тодорхой болж, хууль сахиулах байгууллагынхан шалгасан аж. Тодруулбал, ИНЕГ-аас “Гүрэн” гэх дээд сургуультай хамтарч ажилтнуудаа сургахдаа мөн л дээрх хуулийг зөрчсөн байдаг. ЭЦА-наас хууль бус үйлдлийг нь тогтоон харьяаллын дагуу АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн талаар ч хэвлэлд удаа дараа мэдээлсэн. Уг Тендерийн үнэлгээний хороог ИНЕГ-ын Агаарын навигацын бодлого зохицуулалтын газрын дарга Ё.Эрдэнэбат бас ахалжээ.

Хөшигийн хөндийд барьсан олон улсын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахтай холбогдуулан тэнд ажиллах ажилтнууддаа “Гүрэн” хэмээх дээд сургуулийн удирдлагатай менежмент, ачаа тээвэр, нисэх буудал газрын үйлчилгээ, аюулгүй байдлын чиглэлээр сургалт хийх гэрээ байгуулжээ. 2017 оны наймдугаар сарын 1-нд дээрх хоёр байгууллага 640 сая төгрөгийн төлбөртэй, ИНЕГ/УЗ/ТББ/Ү-18/17 дугаартай гэрээ хийсэн аж. Уг нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн 2017 оны тавдугаар сарын 10-нд А/295 тоот тушаал гаргаж “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургалтуудыг англи, монгол хэлээр зохион байгуулах” Тендерийн үнэлгээний хороо байгуулсан юм билээ. Тус хороо нь хууль, журмаа зөрчин “Гүрэн” дээд сургуулийг тендерийн ялагчаар тодруулж, 640 сая төгрөг шилжүүлэн авчээ. Үнэлгээний хорооны дарга нь тус сургуулийн захирал Д.Дэмбэрэлдоржтой хуйвалдан “Цахим” дээд сургуулийг тендерт оролцсон мэтээр хуурамч баримт үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг. Мөн 2017 оны наймдугаар сарын 1-нд ИНЕГ/УЗ/ТББ/Ү-18/17 дугаартай сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж 596 сая төгрөг завшсан болохыг “Баян сагсай аудит” ХХК-аас гаргасан аудитын дүгнэлтээр тогтоожээ. Эдгээр үйлдэлд нь Л.Бямбасүрэнд холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.4-2.1, 18.6-2.3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 180200021 дугаартай хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. Эл хэрэг нь хэд дахин хаагдаж, буцааж сэргээн шалгадаг ч одоо болтол эцэслэн шийдээгүй байна.

ИНЕГ-ын Агаарын навигацын бодлого зохицуулалтын газрын дарга Ё.Эрдэнэбатын ахалсан, будилаантай болсон гэж нисэхийн салбарынхан үздэг бас нэг тендерийн талаарх мэдээлэл бидэнд ирсэн юм.

“Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын автоматжуулалтын системийг шинээр нийлүүлж, суурилуулах” тендерийг Ё.Эрдэнэбат мөн л ахалсан байж. ИНЕГ-аас  “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ төвийн агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмж, систем” тендерийг анх 2019 оны аравдугаар сарын 18-нд Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд ИНЕГ/ШХО/ТББ/Б-10/19 дугаартайгаар зарласан аж. Оролцогч гадаадын нэгэн компани дээрх тендерийн баримт бичгийн ТОӨЗ 18.1(г)-д заасан шаардлагатай холбогдуулан гаргасан гомдлыг ШӨХТГ-ынхан нягтлаад “Сүүлийн таван жилийн хугацаанд бүс нутгийн хэмжээнд таваас доошгүй улс оронд /En-rote ACC/ Нислэгийн хөдөлгөөний удирдлагын автоматжуулсан системийг суурилуулж ажиллагаанд оруулсан туршлагатай, тендерийн баримт бичгийн ТОӨЗ 18.1(г)-д заасан шаардлагыг хангаж, өрсөлдөх хэмжээний аж ахуйн эрхлэгчид байгаа, эсэх талаар тодорхой мэдээлэл, судалгаанд үндэслэлгүйгээр тендерийн баримт бичигт заасан байна. Энэ нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасан “Худалдан авах ажиллагаанд  ил тод, тэгш өрсөлдөх  боломжтой байх зарчмыг баримтална” гэж заасныг зөрчсөн гэж үзжээ. Улмаар тендерийн баримт бичгийн 18.1(г)-д өөрчлөлт оруулж, тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн үргэлжлүүлэн явуулахыг ИНЕГ-т мэдэгдсэн аж. Гэтэл захиалагч ИНЕГ 2020 оны зургадугаар сарын 16-нд дээрх тендерийг ИНЕГ/ХО/ТББ/Б-01/20 дугаартайгаар дахин зарласан ч тендерийн баримт бичгийн ТОӨЗ 18.1(г)-д тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлагын шалгуурыг “Сүүлийн найман жилийн хугацаанд” гэж хуулиас давсан шаардлага тавин өөрчилж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16.1.3-ийн “сүүлийн тав хүртэлх жилийн хугацаанд” гэсэн заалтыг зөрчсөн шалгуур тогтоосон нь мөн л тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд ШӨХТГ-т гомдол гаргахад хүргэжээ. Тэдний гомдлын дагуу ШӨХТГ-ынхан хууль зөрчсөнийг тогтоож, тендерийн баримт бичгийн  18.1(г)-д өөрчлөлт оруулж, тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн үргэлжлүүлэн явуулахыг ИНЕГ-т дахин мэдэгдсэн байна. Ийнхүү уг тендерийг хоёр удаа зарлаж, хууль зөрчсөн албан тушаалтнууддаа хариуцлага тооцоогүйгээр барахгүй Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг огт өөрчлөөгүй нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн дээрх байдлаар энэ оны зургадаар сард уг тендерийг дахин зарлахдаа 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний А/957 тоот тушаалаар байгуулсан бүрэлдэхүүнтэй хэвээр нь байхаар томилжээ. Уг нь хуульд “Худалдан авах ажиллагаанд ил тод, тэгш өрсөлдөх  боломжтой байх зарчмыг баримтална” гэж заасныг баримтлан бүрэлдэхүүнийг томилдог байтал тийм боломжийг хязгаарласан, төрийн албан хаагчийн үүргээ зөрчсөн дээрх үнэлгээний хорооны анхны бүрэлдэхүүнийг дахин томилсон байх юм.

Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хүснэгтээр үзүүлбэл:

Албан тушаал нэрс 2019.11.14-ний

А /957 тушаал

2020.04.17-ний

А /207 тушаал

1 Агаарын навигацын бодлого, зохицуулалтын дарга Ё.Эрдэнэбат Үнэлгээний хорооны дарга Үнэлгээний хорооны дарга
2 Нарийн бичгийн дарга Овог нэр Нарийн бичгийн дарга Нарийн бичгийн дарга
3 Бусад гишүүд Овог нэр гишүүн Гишүүн
4 Бусад гишүүд Овог нэр гишүүн Гишүүн
5 Бусад гишүүд Овог нэр гишүүн Гишүүн
6 Бусад гишүүд Овог нэр гишүүн Гишүүн
7 Бусад гишүүд Овог нэр гишүүн Гишүүн
8 Бусад гишүүд Овог нэр гишүүн Гишүүн
9 Бусад гишүүд Овог нэр гишүүн Гишүүн
10 Бусад гишүүд Овог нэр гишүүн Гишүүн
11 Бусад гишүүд Овог нэр гишүүн Гишүүн

 

Ийнхүү байгуулагдсан үнэлгээний хороо нь хуулиас давсан заалтыг тендерийн баримт бичгийн нэг заалтад дахин дахин оруулж, хэн нэгэнд илт давуу байдал олгохоор  хандаж буй нь компаниудыг шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарлаж тэдгээрийн  хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл гэдэг нь тодорхой.

Ё.Эрдэнэбатын ахалсан Үнэлгээний хороо нь хуульд заасан үүргийн дагуу тендерийн бичиг баримтыг бэлтгэхдээ Европын нэг орны аж ахуйн нэгжийн эрх ашигт нийцүүлэн боловсруулдаг, мөн нислэг үйлдэх агаарын хөлгүүд Монгол Улсын агаарын зайд орж ирэхээс өмнө ОХУ, БНХАУ-ын агаарын зайг зайлшгүй дамжин орж ирдэг онцлог болон Монгол Улсын агаарын зайд нисэн өнгөрдөг Улаанбаатар хотын олон улсын нисэх буудалд буух ойртолт үйлдэх агаарын (улсын болон иргэний) хөлгүүдэд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний зориулалттай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх зорилготойг мэддэг атлаа зориуд хууль зөрчсөн тендерийн бичиг баримт бэлтгэж оролцогчдын шударгаар өрсөлдөх боломжийг хааж хохироож буй хэрэг гэдгийг хэд хэдэн эх сурвалж хэлж байна.

Ё.Эрдэнэбат нь тендерийн баримт бичгийг Европын үйлдвэрлэгчдийн ашиг сонирхлыг харгалзан боловсруулж зөвхөн Европын холбооны үйлдвэрлэгчдэд давуу эрх олгосноороо бусад оролцогчдын өрсөлдөөнт боломжийг үлэмж бууруулж, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай Монгол Улсын хууль тогтоомж хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж болохоор байна.

 

Ашиг сонирхолын зөрчилтэй хүнийг албан тушаалд томилсон нь хачирхалтай

ИНЕГ-ын даргын тушаалаар энэ оны тавдугаар сарын 26-нд Иргэний нисэхийн үндэсний төвийн Агаарын навигацийн үйлчилгээний газрын даргын сонгон шалгаруулалт зарлажээ. Уг нь маш чухал, нарийн шалгуур тавих албан тушаал атал ИНЕГ-ын удирдлага өөрсдийнхөө талын хүмүүст зориулан ажлын байрны тодорхойлолтыг өөрчилсөн гэнэ. Өөрөөр хэлбэл, нисэхийн нарийн мэргэжлийн болон ажлын туршлагатай хүн сонгох зорилготой атал ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн тушаалаар томилсон, сонгон шалгаруулалтын комиссын дарга мөнөөх л Ё.Эрдэнэбат тэргүүтэн шаардлагуудыг өөрсдийнхөө хүрээллийн хүмүүст зориулж өөрчилсөн байна. Тухайлбал, ажлын байрны тодорхойлолтод агаарын навигацийн үйлчилгээний салбарт 15-аас доошгүй жил ажилласан байх шалгуурыг өөрчлөн 7-гоос доошгүй болгосон байх юм. Гэх мэтээр хэн нэгэнд зориулан хэд хэдэн өөрчлөлт оруулсан байгаа гэнэ. Ингэснээр тус  Иргэний нисэхийн үндэсний төвийн Агаарын навигацийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, тус сонгон шалгаруулалтын комиссын дарга ИНҮТ-ийн дэд дарга Ё.Эрдэнэбат нартай ойр, шадар хүмүүс болох нь тодорхой болжээ. Ингээд энэ оны зургадугаар сарын 3-нд нэр бүхий зургаан хүнээс материалыг нь авсан боловч зургадугаар сарын 8-нд багтаан ажил байдлын тодорхойлолтыг хаяг толгойг нь зөрүүтэй нэг загварт хэрбэржүүлэх шаардлага тавьж нөхөж авсан гэнэ. Гэвч мөн сарын 9-нд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн материал хүлээн авах хугацааг заавал зургадугаар сарын 3-наар тасалбар болгох үүрэг өгчээ. Тухайн өдөр нь шаардлага хангасан материал өгсөн хүн нь Л.Бямбасүрэн, Ё.Эрдэнэбат нарын хүссэн хүнийх байсан нь хардлага төрүүлж байгаа юм. Харамсалтай нь, тэдний хүссэн хүн нь нисэхийн мэргэжлийн дээд сургууль төгсөөгүй, мөн иргэний нисэхийн салбарт 2008 оноос хойш ажилласан нь Агаарын навигацийн үйлчилгээний газрын даргын ажлын байрны тодорхойлолтод  нийцээгүй гэнэ.

ИНЕГ-т өдгөө удирдах албан тушаал хашиж анхнаасаа хууль зөрчиж байсан гэхэд ч хилсдэхгүй нь. Тодруулбал, ИНЕГ-ын Агаарын навигацын бодлого зохицуулалтын газрын дарга Ё.Эрдэнэбатыг 2015 онд уг албан тушаалд томилоход АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн дүгнэж байж.

Өөрөөр хэлбэл, Нислэгийн үйлчилгээний албанд түүний төрсөн эгч, садан төрлийн холбоотой дүү нь ажиллаж байжээ. АТГ-ын 2015 оны хоёрдугаар сарын 25-ны 05/1492 дугаар албан тоотод “Албаны даргын эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой” гэжээ. ИНЕГ-ын харьяа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд Ё.Эрдэнэбатын төрсөн эгч, үеэл дүү ажилладаг байхад түүнийг 2016 оны арваннэгдүгээр сард албаны дарга ч биш, ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого зохицуулалтын газрын даргын албан тушаалд томилсон нь анхаарал татмаар. Тэр ч бүү хэл, Ё.Эрдэнэбат ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого зохицуулалтын газрын дарга болсны дараа харьяа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны даргын тушаал шийдвэр гаргах эрх мэдлийг ИНЕГ-т шилжүүлэн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны холбогдолтой тушаал шйидвэрийг гаргуулах болжээ. Мөн ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого зохицуулалтын газрын дарга Ё.Эрдэнэбат, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны бүх ажилтнуудын гадаад, дотоод сургалт, албан томилолт, ажлын байрны шилжилт хөдөлгөөн, ажлын байр  албан тушаалын томилгоо хийх асуудлыг шийдвэрлэхэд шууд нөлөөлдөг болсон тул өмнө АТГ-ын 2015 оны хоёрдугаар сарын 25-ны 05/1492 дугаар албан тоотод дурдаж, сэргийлж байсан зөрчлийг ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого зохицуулалтын газрын дарга Ё.Эрдэнэбат бүрэн хэрэгжүүлэх боломж бүрджээ.

Энэ мэтээр Ё.Эрдэнэбат гэгч албан тушаалтан эрх мэдлээ ашиглан бусдад давуу байдал олгож байж болзошгүй, анхнаасаа ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтан томилсон гэдгийг нь АТГ-аас тогтоож өгсөөр байтал ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн өдий хүртэл хаацайлсаар байгаад хэн хариуцлага тооцох вэ.

Т.Энхриймаа