Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл үерт автаад байна. Өчигдөр буюу долдугаар сарын 4-нд Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт 54 орон сууц, 1 худалдааны төвийн граж /В1 давхар/, амины 5 байшин, 15 гэр, 2 автозам, 2 нүхэн гарц усанд автсан, 2 далан, гүүр задарсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс НЦУГ, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус суваг удирдах газар, дүүргүүдийн ЗДТГ, хороо, СӨХ, Тохижилт үйлчилгээний хэлтсийн нийт 397 ажилтан, алба хаагч, 66 автомашинтайгаар усыг соруулан шуудуу, далан татан ажиллалаа.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон бага насны хүүхэд, өндөр настан зэрэг 526 иргэн, 306 орчим автомашиныг орц гарц хаагдсан байрнуудаас гарган аюулгүй болгож, 8 айл, 35 иргэнийг үер усны аюулаас авран хамгаалж, 61 иргэнд заавар өгч ажилласан байна.
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс НЦУГ, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус суваг удирдах газар, дүүргүүдийн ЗДТГ, хороо, СӨХ, Тохижилт үйлчилгээний хэлтсийн ажилчид усанд боогдсон хүмүүсийг гаргах, гражинд байгаа автомашиныг гаргах, дахин усанд автуулахгүй байх зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулж байгаа юм.
Манай сурвалжилах баг БЗД-ийн нутаг дэвсгэр Натурын орчимд ажиллаа.