Аливаа зүйлийн анхдагч байх, бусдад амжилтын жимийг нь гаргаж өгөх сайхан. Ялангуяа спортын салбарт бүр ч илүү.

Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны тодотгол бүхий хамгийн олон амжилтын эзэн бол яахын аргагүй Гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргал. ДАШТ-ээс медаль хүртсэн, Азийн хошой аварга болсон, Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан гээд анхны тодотгол бүхий олон бахдам амжилт түүнийх. Үүний сацуу олон улсын тэмцээнээс медаль хүртсэн, Азийн дэвжээнд үзүүрлэсэн нь мөн л анхных.
Монгол эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр дэлхийн дэвжээнээс медаль хүртэж чадахыг анх баталсан түүхэн амжилтын эзэн Ц.Энхжаргалын 41 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Гавьяатыг булган сүүлтэй гэж спортынхон үнэлж, хүндэлдэг. Яах аргагүй түүнд тохирсон тодотгол мөнөөс мөн. Ц.Энхжаргал гавьяатын гаргасан жимээр алхан, түүнээс үлгэрлэсэн эмэгтэй бөхчүүд өнөө цагт ямар амжилт гарган, олимп, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг олонтаа дуурсгаад буйг энд онцлох илүүц биз ээ.
Тэрбээр үрийн зулай үнэрлэн дэвжээндээ эргэж ирээд, 2016 онд “Mongolia open”-д түрүүлж, дараа жил нь УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн нь ясны тамирчных нь илрэл. ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, Азийн наадмын хошой хүрэл медальт, оюутны дэлхийн аварга, Монгол Улсын 10 удаагийн аварга болж байсан юм.