Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 121 гомдол, мэдээллийг шалгажээ.

Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 856 хэрэг шалгагдаж байна. Эрүүгийн 2 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийсэн хэмээн мэдээлэв.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийн дунд Худалдаа хөгжлийн банкны ажилтанд хамаарах нэг хэрэг багтсан байна.

“Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 64 хувийн хувьцаа эзэмшигч Globull Investment and Development PTE. LTD-ийн эцсийн өмчлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга “Э” нь гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор “О”, “П”, “М”, “Ш” нартай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан гэх хэргийг Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

Э гэдэг нь “сахал” хочит, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг юм.

Харин,

  • О нь Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон
  • П нь “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин
  • Ш нь “Кью эс си” компанийн Гүйцэтгэх захирал Э.Шижир нар юм.