Парламентэд төрийн түшиг тулгуур болсон гишүүдийн нэг бол УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ш.Адьшаа. Ховд нутгаас гаралтай түүнийг парламентийн бусад гишүүд ч хүнлэг чанар, тууштай байдлаар нь үнэлж, хүндэлдэг гэнэ лээ.
Түүнийг энэ удаагийн папараци дурандаа онцолж байна.
Ш.Адьшаа гишүүний хувьд Хаврын чуулганы нээлтэд үндэсний дээлээ өмсөж иржээ.
Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Олны хэл амны “бай” болоод байгаа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиас чухал хуулийн төсөл. Энэхүү хуулийг УИХ дэмжиж батлах юм бол улстөрчдийн хамаарал бүхий нөхдүүд улсын төсвөөс зарласан тендер, зээл авдаг явдал байхгүй болно. Нэг ёсондоо улстөрчид төсөв гэх том түрийвчээсээ сална гэсэн үг.
Хууль санаачлагчийн зүгээс “Төрд бугшсан хамгийн том луйврын схем болсон төрөөс баталгаа гаргасан зээл тусламжийг улс төрд хамаарал бүхий этгээдүүд авч завшдаг” гэж тайлбарласан нь оргүй үг биш.
Жишээ нь, төрийн сан болгоныг хоосолдог компаниуд дандаа улстөрчдийн ах дүү, хамаарал бүхий хүмүүсийнх байдаг, байж ирсэн баримтууд цөөнгүй дэлгэгдсэн. Тариалан эрхлэх сан, Жижиг дунд, үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн урт хугацаатай, бага хүүтэй мөнгө дандаа улстөрчдийн ах дүү нарын ажиллуулдаг банк бусаар дамжин угааддаг жишээ цөөнгүй. ЖДҮ-ийн сангийн гурван хувийн хүүтэй мөнгийг 36 хувийн хүүтэй мөнгө болгоод “угаасан” улстөрчид Төрийн ордонд одоо ч сууж байна.