1930 оны 4 дүгээр сард хуралдсан БНМАУ-ын 6 дугаар их хурал “Тус улсын прокурорын тушаалыг Төв ба аймгуудын зэрэг газруудад үүсгэн байгуулж хянан байцаах эрх хэмжээг тодорхойлон тогтоовол зохино” гэсэн түүхэн шийдвэр гаргаж Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1930 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Прокурорын дагаж мөрдөх эрх үүргийн дүрмийг баталж, Прокурорын байгууллагад улсын нэрийн өмнөөс хуулийн биелэлтэд хяналт тавих хариуцлагатай үүрэг хүлээлгэсэн билээ. Тиймээс жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдрийг Прокурорын байгууллага үүсч хөгжсөн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ түүхэн өдрийг тохилдуулан Прокурорын байгууллагыг удирдан чиглүүлж байсан үе үеийн Ерөнхий прокурорыг цувралаар танилцуулж байна.
БНМАУ-ын анхны Ерөнхий прокурор Лхамсүрэнгийн Дэндэв
Л.Дэндэв 1885 онд Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутагт төрсөн. Автономитын үед Дотоод яамны дансны тал бичээч, хошуу мээрэн, сул гүн зэрэг жинсээр шагнагдаж байжээ. 1922 оноос мөн яамны орон нутаг удирдах хэлтсийн туслах, дарга, эрхэлсэн түшмэл зэрэг тушаалтай томилогджээ. Л.Дэндэв нь 1925-1930 он хүртэл Шүүх явдлын яамны сайд, орлогч сайдаар ажиллаж байхдаа БНМАУ-ын анхны прокуророор ажиллажээ. Энэ хугацаанд хуулийн байгууллагын 10 жилийн ойгоор Аж үйлдвэрийн одон тэмдгээр шагнагдсан байна. Эх сурвалж: “Монгол Улсын Прокурорын байгууллагын түүхэн замнал” ном. УБ. 2010 он. 49-р тал.