Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Хавтаст хэрэг: Цуврал № 4 Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат нарын “МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС” уншуулсан хэрэг
Нийгэм

Хавтаст хэрэг: Цуврал № 4 Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат нарын “МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС” уншуулсан хэрэг

coolBy cool01/04/2021Updated:01/04/2021Сэтгэгдэл байхгүй30 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хавтаст хэрэг: Цуврал № 4 Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат нарын “МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС” уншуулсан хэрэг

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр

  1. УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат,
  2. УИХ-ын гишүүн асан Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор,
  3. Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал,
  4. Зам тээврийн сайд асан Д.Ганбат,
  5. Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд,
  6. Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байсан Б.Минжбадам,
  7. “Ялгуусан” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Л.Санжаадорж нар жил дамнан АТГ-т шалгагдсан. Тэдний гэм буруутай гэж 2020-08-27-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзсэн.

Бид уг хэрэгт хэн хэн ямар оролцоотой байсан, тэд энэ хэргийн талаар юу гэж мэдүүлсэн, шүүхээс тэдэнд ямар үндэслэлээр ял оноосон болохыг цувралаар хүргэж байгаа. Өмнө нь бид энэ удаад Зам тээврийн сайд асан Д.Ганбат шүүхийн танхимд өөрийгөө өмөөрч юу гэж мэдүүлсэн талаар хүргэж байна.

Яллагдагч Д.Ганбат: “…Намайг “Монголын Төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр Аж үйлдвэрийн Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор, “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шижир нартаа санаатай нэгдэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болорт албан тоот явуулж 189.110.167.949 төгрөгийн орлого олж, эдийн засгийн давуу байдал бий болгохыг хамтран зохион байгуулсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Энэ яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж өөрийн гараар гарын үсэг зурсан. Миний бие 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Намайг томилогдон ажиллаж байхад энэ компани ямар нэгэн орлогогүй байсан. Улаанбаатар төмөр замд Замын-Үүд дэх ачиж буулгах цогцолборыг маш хямдаар түрээслүүлж бага хэмжээний ашиг орлого олдог, өөр ямар нэгэн орлогогүй. Хятад Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд орчихсон 5 зүтгүүр, 245 ачааны вагон, 8 дунд оврын машин механизмтай байсан. /машин биш учраас заавал төмөр замтай газар байх ёстой/ 80 гаруй ажилтантай компанийг би хүлээж авсан.

2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Засгийн газрын 77 дугаар тогтоолоор Төмөртэй төмөр замыг Монголын Төмөр зам компанид шилжүүлэх болсон нь компанийн гүйцэтгэх захирал миний бие болон манай ажилчдын хувьд баяртайгаар хүлээж авсан. Учир нь компанид байнгын орлого орж ирэх шинэ эх үүсвэр болсон. Миний бие 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдоод маргааш нь буюу 2015 оны 03 дугаар сарын 06-нд Төлөөлөн удирдах зөвлөлтэй ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /136 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр хуудсанд авагдсан/ компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх үндсэн үүргийг хүлээнэ. Энэ үүргээ биелүүлэх боломж олдлоо гэж баярласан маань ийм л учиртай. Зам тээврийн яамны 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн сайдын шуурхай хурал дээр надад үүрэг даалгавар өгөгдсөн байдаг. Энэ шуурхайн тэмдэглэлээс харахад төмөр замыг яаралтай хүлээж авах бэлтгэл ажлыг хангах, сул вагонууддаа засвар үйлчилгээ хийж эдийн засгийн эргэлтэд оруулах, Улаанбаатар төмөр замтай хэл амаа ойлголцох үүрэг даалгавар өгч байсан. Энэ төмөр замыг хүлээж авахаар миний бие яарч байсан нь үнэн. Улаанбаатар төмөр замын тухайн үеийн дарга нь Пүрэвбаатар гэх хүн байсан. Энэ хүн Засгийн газрын 77 дугаар тогтоол гарсны дараа хэд хэдэн байгууллагуудад албан тоот явуулсан байдаг. 12 дугаар сард Улсын комисс хүлээж авсан. Үүний дараа Хөрөнгө оруулалтын газар, Зам тээврийн хөгжлийн яаманд хүсэлт тавьсан. Энэ нь Улаанбаатар Төмөр зам бол тээвэрлэлт буюу оператор хийх туршлагатай компани, тиймээс шинэ зам дээр дохиолол холбоо, бусад хөдөлгөөний аюулгүй байдлыг бид нар хариуцаад тээвэрлэлт хийе гэх яамнаас дэмжлэг авах зорилгоор ийм бичиг очсон байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Тиймээс ямар нэгэн лобби ороод хэдийгээр өмч нь Монголын Төмөр зам компанид ирсэн ч тээвэрлэлтийг “Улаанбаатар төмөр зам” хийгээд орлого олох үйл ажиллагаа явагдаж байсан учраас би Пүрэвбаатараас өрсөх шаардлага байсан.

Засгийн газрын тогтоол гарсны дараа “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шижиртэй уулзаад дутуу зүйлүүдээ гүйцээж бэлтгэл хангаад цаг алдалгүй энэ ажлыг хийх тухай хүсэлтийг хэд хэдэн удаа тавьж байсан. 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр концессын зүйлийг хүлээлцэх тухай  бүхий албан бичгийг гурван хавсралтын хамт Монголын төмөр зам компанид ирүүлсэн байдаг. Прокуроруудын яриад байгаа бичиг баримтууд нь дутуу байсан учраас гүйцээгээд өгчих гэж Шижирт хэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 17-нд Концессын зүйлийг шилжүүлэн өгөх тухай албан бичгийг дахин дөрвөн хавсралттай ирүүлсэн. Энэ хавсралтаар төмөр замын төсөв, барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээний хуулбар зэргийг хавсаргасан байсан. Шижир надад хэлэхдээ Сангийн яам, Аж үйлдвэрийн яам руу “Монгол төмөр зам” компани хүлээгээд авсан тухай бичиг хийгдээд өгчих, тэгэх бол бид нар төмөр замаа өгөөд та нар бэлтгэл ажлаа хийгээд тээвэрлэлтээ хийж болох гэж хэлсэн. Ямар утгатай бичиг байх ёстой юм, чи төслөө бэлдээд хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд өөрөө албан тоотоо бэлдээд флашаар авчирсан. Н.Шижирийн авчирсан бичгийг би тухайн үеийн 2 хэлтсийн даргадаа үзүүлж ийм бичиг явуулж болох уу? Үгүй юу гэдгийг хяна гэж хэлсэн. Төгөлдөр, Нямлхагва 2 хэлтсийн дарга маань үзээд энэ албан бичгийг явуулах боломжгүй. “Авчихсан” гэсэн байна. “Аваагүй” байгаа шүү дээ. Би албан бичгийг үзээд зассан. Засахдаа тухайн үед Монголын төмөр зам компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан, Сангийн яамны бүсийн орлогын хэлтсийн дарга Ариунзулаас зөвлөгөө ав гэж би дэд захиралдаа хэлсэн. Гэтэл дэд захирал Алтанзул утсаа авахгүй байна гэсэн. Алтанзул утсаа авахгүй байхаар нь би Эрдэнэбаяртай ярьж гэж хэлсэн. Эрдэнэбаяр нь төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн бөгөөд аудитын хорооны дарга. Эрдэнэбаяртай холбогдоход сангийн яамнаас баталсан хөрөнгө бүртгэх тухай журам байдаг. Тэр журмыг баримтлах хэрэгтэй гэж хэлсэн. Би тэр журмыг https://www.legalinfo.mn/ сайтаас харж судалсан. Сангийн сайдын баталсан Аж ахуйн нэгж байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн зааврын хөрөнгийн бүртгэл дэд хэсгийн Авах ёстой авлага нь хүлээн авахаар урьдчилан тооцсон цэвэр боломжит хэмжээгээр үнэлэгдэнэ. Авлагын үлдэгдэл нь түүний нэрлэсэн үнээс найдваргүй авлагад байгуулсан хасагдуулах ба бусад заасан тохируулгыг хассан дүнгээр үнэлэгддэг гэж заасан. Тэр бичгийг би өөрөө зассан. Засахдаа аваагүй байж авсан гэж бичих болохгүй. Баланст аваагүй зүйлийг авлагаар бичиж болдог. Би авчихсан гэж хэлээгүй. Баланст авлагаар ч бай өглөгөөр ч бай бичихдээ заавал үнэ бичих ёстой. Ийм учраас авлагаар бүртгэж болох юм байна гэдгийг би засаж явуулсан. 141 хуудас бүхий яллах дүгнэлт 186 хавтаст хэрэгт надтай холбоотой олон үйлдэл байхгүй. Бичиг бичиж Сангийн яам, Аж үйлдвэрийн яам руу явуулсан нь л үнэн. Бусад нь бүгд худал.

Энэ хэрэгт холбогдуулан намайг 2 жил шалгаж, миний нэр хүндийг шавартай хутгасан. 48 цаг намайг хорьсон.

Би үүнийг авлагаар баланст бүртгэсэн. Санхүүч хуульч, санхүүч прокурор гэж байхгүй учраас нарийн зүйлийг мэдэхгүй байж магадгүй. Жишээ нь хагалгаа хийсний улмаас хүний амь нас хохирно. Хохирогчийн тал мэдээж шүүхэд өгнө. Эмч прокурор, эмч шүүгч гэж байхгүйтэй адил мэргэжлийн хүмүүсийн үгийг анхааралтай сонсох ёстой байсан. Прокурор хариуцлагагүй хандсан гэдгийг хэлмээр байна. Миний 2 албан бичигт баланст бүртгэж хүлээн авч байна гэсэн агуулга байна. Энэ төмөр зам нь одоо хэрэгжүүлж буй төмөр замтай чанар болон үнэ өртгийн хувьд дүйцэж байна гэдгийг тусгасан. Эдгээрийг бодож боловсруулж бичсэн. Үүнийг би одоо хэрэгжүүлж буй төсөлтэй чанар болон үнэ өртгийн хувьд дүйцэж байна гэж бичсэн бэ гэхээр. 2016 онд 5 толгой, Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын төсөл эхэлсэн өөр ямар ч дүйцүүлж, харьцуулах төсөл байгаагүй. Гаднын төмөр замын төсөлтэй харьцуулах юм боломжгүй. Хавтаст хэрэгт авагдсан төмөр замын газрын дарга Баттөрийн мэдүүлэгт 1 км нь 3.000.000 орчим доллар гэсэн баримжаагүй үнэ байдаг. Гэхдээ энэ эцсийн үнэ биш. Ер нь иймэрхүү тоо ярьдаг байсан. 5 толгой, Гашуун сухайтын төмөр зам нь говь газар байгуулж буй төмөр зам. Хандгайтын төмөр зам нь уул ус, гол горхи, намаг, цэцэгтэй хангайн бүсэд байгуулж буй төмөр зам. Нөхцөлийн хувьд харьцуулахад хамаагүй хүнд нөхцөлтэй.

5 толгой-Гашуун сухайтын 267 км төмөр зам нь 1.1 тэрбум долларын төсөвт өртөгтэй зам. Үүнийг 267 замд хуваахад 4.1 сая орчим доллар болох байх.

Яллах дүгнэлтэд тусгагдсан төмөр замын зэрэг нь 70-аад оны хоцрогдсон зүйл. Яг тэр стандарт биш. Болд төмөр Ерөө гол, Хандгайт өртөөнөөс Төмөртэйн орд хүртэлх 33.4 км төмөр зам нь 112 сая доллар гэж бодох юм бол 1 км төмөр зам нь 3.000.000 орчим доллар. Харьцуулах юм бол 1.1 сая орчим доллароор хямд. Би албан бичигтээ хямд байна гэж бичээгүй. Дүйцэж байна гэж бичсэн. Уртын хэмжээ 7.3 дахин богино. Өртөө зөрлөг, шилжүүлэг, дохиолол холбоо гээд бүх зүйл багтана. Бид судлаагүй биш судалсан. Дохиолол холбоонд хамгийн сүүлд баригдсан Болд төмөр Ерөө голоос илүү дараагийн үеийн систем байсан. Хөрөнгө оруулалтаар барьж буй төсөл нь зардлын хэмжээ, ажлын хэмжээ 2 урвуу хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл барьж буй замын хэмжээ урт болох тусам 1 километрт ноогдох зам багасдаг. Богино байх тусам өндөр байдаг. Үүнийг мэргэжлийн хүмүүс мэднэ. Төмөр замын онцлог нь автозамаас өөр. Шороог нь дэвсээд аспалт дэвсэхэд машин явдаг шиг биш. Дохиолол, холбоо, зөрлөг, өртөө бүх зүйлийг нэгтгэж иж бүрэн болгоно. Богино зам гээд зөрлөг, дохиолол холбоогүй байж болдоггүй. Намайг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Засгийн Газрын тогтоолыг Төлөөлөн Удирдах Зөвлөлд даалгасан. Эдлэх ёсгүй эрх эдэлсэн гэж ялласан. Тэр үед Монголын Төмөр Зам компани төлөөлөн удирдах зөвлөлд Б сайд байсан гэж бодож байгаа. Гэхдээ байгаагүй. Татан буугдсан. 02 дугаар сарын 08, 02 дугаар сарын 15, 29 гээд удаа дараагийн асуудал. Ерөнхий сайдын өрөөнд хүртэл дуудагдаж байсан.

2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн өглөөний 07 цаг 30 минутад Сайдын шуурхай хурал эхэлсэн байдаг. Үүнд би сайдад хэлсэн байна. “…Манай ТУЗ-ын бүрэлдэхүүнийг одоо хүртэл шийдээгүй байна. Яаралтай шийдвэрлэж өгнө үү. 5,6 сар хүлээлээ…” гэж хэлсэн байдаг. Би баланст хүлээж авлаа гэсэн агуулгатай 2 албан бичиг явуулсан. Бичиг явуулсан шалтгаан нь Шижирээс төмөр зам хүлээж аваад тээвэрлэлт хийе, дутуу байгаа зүйлүүдийг гүйцээе гэдэг дээр яарсан гэдгээ хэлсэн. Албан бичгээ хийж өгсөн. Шижир зөвшөөрлөө өгсөн. Холбогдох мэргэжлийн хүмүүсээ аваад Төмөртэйн өртөөн дээр очсон. Очиж үзэхэд дутуу зүйл их байна гэсэн. Нэгдүгээрт засварын депо болон гражийн замыг нэмж барь, таталт, тавилт сэлгэлт хийхэд зам богино учраас сэлгэлт хийхэд сэлгээний вагоны зардал өндөр гарах тул явцад хүндрэл гарна. Иймд замаа уртасгаж өг гэсэн хүсэлт тавьсан. Анхны зураг төсөл болон тооцоогоор 12 айлын орон сууцны барилга байсан. Үүнийг 24 болгож өг гэсэн. Жишээ нь бид галт тэргэнд суугаад Замын-Үүдээс Сэлэнгэ хүрэхэд өртөөний барилгын хажууд 1 давхар ажилчдын орон сууц байдгийг бид бүгд мэднэ. Өртөөний хажууд орон сууц байснаас болоод осол аваар гарч байсан учраас ажилчдын орон сууцыг өртөөнөөс хол барьж өг гэдэг нөхцөл тавьсан. Үүнийг хүлээн авах боломжгүй. Цэвэр бохир ус дулааны шугам татах, газар авахаас авхуулаад асуудал их. Би жишээ болгож “…Үүгээр вагон орж ирэхэд шөнө жижүүрт гарч байгаа ээлжийн деспичерийн гэр нь ойрхон байвал шөнө гэртээ орж унтаад дохиолол авч чадахгүйгээс болоод осол аваар гарсан гашуун туршлага байсан тул би үүн дээр маш хатуу байр суурьтай байсан. Төмөр замыг баруун тийш буюу сэлгээний замыг сунгахад нэг намайг байна. Үүнийг яаж яах ч боломжгүй гэсэн. Би өөрийн биеэр Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай ярьж байгаад Хүдэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад үүрэг чиглэл өгүүлж. Ажилчдын орон сууцыг хол барьсан. Үнэхээр бүлэг байгуулж, бүлгийн гишүүнээр элссэн.

Сайд нартай хуйвалдан шан харамж бодон ажилласан бол би яах гэж ингэж ажиллах юм бэ. Би Болор сайдыг танихгүй. Би Монголын Төмөр зам компанийн захирал байхдаа Эрэдэнбат гишүүнийг мөн танихгүй байсан. 2016 оны 07 дугаар сард би Зам тээвэр хөгжлийн яаманд очсоны дараа Д.Эрдэнэбат сайдтай танилцсан. Прокурорууд хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй зүйлийг өөрсдийнхөө санаагаар хийсвэр бодлоор надад ял тулгаж байна.

Хавтаст хэргийн материалтай би нухацтайгаар танилцсан. Авлигатай Тэмцэх Газраас мөрдөгч дуудаад хэргийн материалтай танилц гэсэн. Би өмгөөлөгчөө явуулж гарын үсэг зуруулсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болох хүртэл би өмгөөлөгч аваагүй шалтгаан нь надад хийсэн гэмт хэрэг байхгүй тул би өөртөө итгэлтэй байсан. Би урьдчилсан хэлэлцүүлгийн дараа хавтаст хэрэгтэй нэг бүрчлэн танилцаж, гэрчүүдийн мэдүүлгийг анхааралтай уншсан. Намайг Авлигатай Тэмцэх Газар дуудан мэдүүлэг авахдаа гэрчүүд миний талаар юу ч хэлээгүй. Өнгөц харахад би 2 сайд руу албан бичиг явуулж, тэр бичгийг үндэслэн мөнгө шилжүүлсэн гэж ялласан. Хэрэв миний явуулсан бичиг мөнгө шилжүүл гэсэн үндсэн бичиг мөн юм бол яах гэж Болор сайдыг энэ хэрэгт яллагдагчаар татсан бэ. Миний бичгийг үндэслэн мөнгө гарах ёстой юм бол Болор сайдад ямар ч буруу байхгүй шүү дээ. Тэгвэл би эсрэгээр нь асууя. Би Болор сайд руу албан бичиг явуулчихлаа. Тэр бичигт мөнгө шилжүүл гэсэн ямар ч агуулга байхгүй. Хэрэв Болор сайд тэр бичгийг үндэслээд мөнгө шилжүүлээгүй бол намайг яллагдагчаар татах байсан уу. Эсхүл төмөр замыг 110 сая доллар биш 100 тэрбум доллароор бид баланст бүргэсэн бол 100 тэрбумыг шилжүүлэх байсан уу? Цаашлаад би албан бичиг явуулснаар буруутан болж байгаа юм бол Төв аймгийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Д дарга руу бичиг явуулсан ш дээ. Тэгвэл тэр хүн яагаад яллагдагчаар татагдахгүй байна вэ. Ийм асуудал байна вэ. Ийм асуудал байгаа тул би үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Төмөр замтай холбоотой асуудалд миний хэлэх зүйл ийм байна. Төв аймгийн зам дээр намайг сайдаар ажиллаж байхад албаны газрын даргаар ажиллаж байсан Д, албаны дарга М нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж Төв аймагт барих 6 км авто замын шинэчлэлийн ажлын батлагдсан зураг төсвийг дараах хэлбэрээр өөрчлөлт оруул гэсэн гараар бичсэн тэмдэглэл бүхий цаасыг 2017 оны 04 дүгээр сард М-аар дамжуулан Түмэнзулд өгүүлж Ар Эс Си компаниар замын зураг төсвийг дахин бодуулан 4.5 тэрбумын төсөд гаргуулсан гэж ялласан. Хэрэв ингэж гинжин холбоогоор холбох юм бол яамны үйлчлэгч шалаа муу угаасан байвал намайг ч мөн холбож болно ш дээ. Энэ сонин хамаарлыг би гайхаж байна. 4.8 тэрбум төгрөгөөр дээрх замыг шууд гэрээ байгуулахаар тогтоолын төсөл боловсруулах чиг үүргийг Даар дамжуулан бусдад өгсөн гэж буруутгасан. Засгийн Газрын гишүүд, төрийн сайд нар ажиллах журам хуулийг сая Д.Эрдэнэбат сайд маш тодорхой ярилаа. Иймд бусдыг чилээхгүйн тулд давхар ярих шаардлагагүй гэж үзэж байна.

Мөн зохиомлоор нэмэгдүүлсэн төсөвт ажлаа “Ялгуусан” ХХК-аар хийлгэн түүнд давуу байдал бий болгон 420.672.910 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээдтэй хамтран зохион байгуулсан, улс төрд нөлөө бүхий этгээд нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд С-оос 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт 200.000.000 төгрөгийн хахуулийг бэлнээр авсан гэж намайг яллаж байгаа.

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өөрийн тойргоор ажиллаж байхдаа Хөшигтийн хөндийн Чингис хаан нисэх буудлын шинэ онгоцны буудалтай танилцах болсон тул намайг хамт яв гэж Улсын Их Хурлын тамгын газраас мэдэгдсэн тул би хамт явсан. Нисэхтэй танилцан Төв аймгийн харьяа хэд хэдэн байгууллагаар орж Зуунмод хотын иргэдтэй уулзалт хийсэн. Уулзалтад Зуунмод сумын баруун зуун мод багийн 3.5 километр, Баян хошуу багийн 2.5 километр хатуу хучилттай авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг энэ онд барьж дуусгах боломж байна уу, их олон жил яригдлаа. Сумын төвийн энэ замаар явахаар шороо тоос босоод хэцүү байна, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ замыг бариад дуусгаж боломж байна уу? гэж асуухад нь Энхболд дарга намайг хариул гэж хэлсэн. Тэгэхэд нь миний хажууд Төв аймгийн Засаг дарга сууж байсан. Би Батжаргалаас асуухад энэ замын зураг төсөл аль эрт хийгдсэн, олон жил болсон зам, төсөв шийдвэрлэгдэхгүй болохоор ингэж удаад байгаа юм, та Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө яаж хийж байгаад дуусгаад өгөөч, тэгэх юм бол тун их баяртай байхаар байна гэж хэлсэн. Цуг явсан Их хурлын гишүүн Нямаагийн Энхболд байсан. Их хурлын гишүүн А.Сүхбат өөрөө босож ирээд та энэ замыг амлаад дуусгачхаач, Их хурал дээр төсвийн асуудал яригдах юм бол нутгаас сонгогдсон гишүүдийн хувьд дэмжинэ гэж хэлсэн. Зураг төсөл хийгдсэн болохоор цаг алдахгүй юм байна гэж бодсон. Намын дарга болон бусад Их хурлын гишүүдийн хүлээж аваад би амласан. Сонгуулийн өмнө дуусгана гэж хэлэхэд танхим нижигнэтэл алга ташаад надаас энэ ажлыг хурдан дуусгаж өгөөрэй гэж хүссэн.

2017 оныг их бүтээн байгуулалтын жил болгоод зарлачихсан байсан. Тэгээд 03 дугаар сарын 22-нд энэ замын ажил баригдахаар шийдвэрлэгдсэн нь юугаар нотлогдож байна вэ гэвэл 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Энхболд миний нэр дээр 127 тоот албан бичиг ирүүлсэн байдаг. Энэ албан бичигт 2011 онд эхлүүлсэн одоог хүртэл дуусаж ашиглалтад ороогүй байгаа 6 километр замыг Монгол Улсын Их хурлын даргыг ажлын шугамаар ирэхэд 06 дугаар сарын 15-ны дотор ашиглалтад оруулж өгөхөөр болсонд Зуунмод сумын иргэд туйлын баяртай байгаа билээ гэх утгаар ирсэн байдаг. Энэ нь 03 дугаар сарын 22-ны өдөр тухайн замыг барихаар болсон нотолж байгаа баримт юм.

Энэ замыг хамгийн түрүүнд Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд дуудаад энэ замыг барихаар боллоо гэхэд Д.Доржханд дарга орон нутгийн зам учраас төсөв, зургийг нь сайн мэдэхгүй байна судалъя гэсэн. Хэд хоногийн дараа Д.Доржханд дарга над дээр орж ирээд би Төв аймаг руу яриад төсөв, зураг бүх зүйлээ ирүүл гээд хэлчихлээ, одоо хүрээд ирнэ. Харин яаж хөрөнгийг нь босгох вэ гэсэн. Тэгээд хаана ямар мөнгө төгрөг байна судлаад үз гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Д.Доржханд дарга над дээр орж ирээд өмнө хэрэглэж байсан төслүүдээс хэмнэгдсэн мөнгө байна. Энэ мөнгийг ашиглахыг Сангийн яам зөвшөөрвөл болох юм байна гэж хэлсэн. Тухайн үед хэдэн төгрөг байгааг нь Д.Доржханд дарга тодорхой мэдэхгүй байсан. Би тухайн үеийн Сангийн сайд Чойжилсүрэнтэй яриад асуусан. Хэмнэгдсэн мөнгө байна, хэдэн төгрөг хэрэгтэй байгаа талаараа та саналаа өгчих гэсэн, тэгэхээр нь би Д.Доржханд даргад үүрэг өгсөн. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэх хандлагатай байна. Засгийн газрын танилцуулга, тогтоолын төсөлд миний хэлэх үгийг бэлдээрэй гэж хэлсэн. Д.Доржханд дарга надаас ийм үүрэг аваад ажилдаа орсон. Тендер сонгон шалгаруулалт зарлах хугацаа маш бага байсан. Зарлах юм бол байнга будилаан үүсэж байдаг. Тэгэхээр ямар гарц байна олоорой, хуулийн хэлтэстэй зөвлөлдөөрэй гэж би Д.Доржханд даргад хэлсэн. Дараа нь Д.Доржханд над дээр орж ирээд хуулийн хэлтэстэй ярилаа гарц байгаа юм байна гэсэн. Тэгэхээр энэ хүн дангаараа  шийдвэрлээгүй, өөрөө зохиогоогүй. Төв аймгийн “Төв Азза” төрийн хувьцаат компанитай гэрээ байгуулаад хийлгүүлчихвэл болох юм байна, тэгвэл хугацаандаа амжина гэсэн. Энэ дагуу Засгийн газрын хуралдааны танилцуулга, тогтоолын төсөл, бичиг баримтаа бүрдүүлээд холбогдох яамнуудаас санал авах гэсэн үүрэг даалгавруудыг өгсний дагуу Д.Доржханд дарга ажилдаа орсон. Энэ хугацаанд бүх бичиг баримтаа бүрдүүлээд яамнуудаар санал авахаар бичиг явсан байдаг. Энэ бичиг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дэд сайдын гарын үсэгтэй явсан. Яагаад дэд сайдын гарын үсэгтэй явсан бэ гэхээр би 04 дүгээр сарын 24-нд гадагшаа явчихсан байсан. Энэ талаарх Хил Хамгаалах Ерөнхий газраас авсан лавлагаа хэрэгт байгаа. Хуралд оролцсон бүх материалуудыг шүүхэд өгсөн. 13 хувилаад 13 яам руу явуулсан, энэ баримт хэрэгт авагдсан. Яамнуудаас ирсэн саналуудыг авто замын газар нэгтгээд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр миний гарын үсэгтэй бичиг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар руу яваад 05 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээд энэ тогтоол албажиж гарсан. Шууд гэрээ байгуулах гэх заалтыг хуулийн хэлтсийнхэн ямар томьёоллоор оруулсныг би санахгүй байна. Шууд гэрээ байгуулах гэдэг нь хасагдсан. Шууд гэрээ байгуулах гэсэн төсөл явсан нь үнэн. Засгийн газрын хуралдаанд Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга байсан. Хуулийн хэлтсийн дарга оролцоогүй. Дараа нь Д.Доржханд даргад тогтоол гарчихлаа, ажлаа шуурхайлаарай гэж би хэлсэн. 05 дугаар сарын 10-ны өдөр хурлаар тогтоол батлагдаад 05 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Төв аймгийн “Төв Азза” засвар арчлалтын төрийн өмчит компанитай гэрээ байгуулсан байдаг. Тогтоол гарсны дараа би өдөр болгон Д.Доржханд даргыг шахаж шаарддаг байсан. Бид нар газар, хэлтсийн хүрээнд харилцдаг. Мэргэжилтэнг дуудаад байдаггүй. Би Д.Доржханд даргыг өөр ажилтай явж байхад нь мэргэжилтэнг дуудаж оруулж ирээд /төвийн бүсийн зам хариуцсан Сугаржав/ Төв аймгийн замын ажил эхэлсэн үү? чи газар дээр нь очиж хяналт тавь гэж хэлж байсан. Мэдүүлэг дээр нь энэ талаар байгаа. 500.000.000 нэмэгдсэн гэх төсвийн асуудал яригдаад байгаа. Үнэндээ энэ талаар мэдээгүй. Надад хэн ч танилцуулаагүй. Төсөв хүрсэн, хүрээгүй, бага байгаа талаар бичиг ирснийг хэн нь ч мэдэгдээгүй. 04 дүгээр сарын 24-ний өдөр яамнууд руу дэд сайдын гарын үсэгтэй бичиг явахад би юу ч мэдээгүй. Би өөрөө гарын үсэг зураагүй, гадагшаа явчихсан байсан. 05 дугаар сарын 15-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулга уншихдаа 4.8 тэрбум төгрөгийн төсөв байсныг мэдсэн.

Төсөв, сайдын багцын асуудлыг яамны Төрийн нарийн бичгийн дарга нэгдүгээр гарын үсэг зурж, зарцуулалтад хяналтад тавьдаг. Замын төсвийг Төрийн нарийн бичгийн дарга хянаж баталдаг. Миний хоёрдугаар гарын үсэг санхүүгийн хэлтсийн дарга, Төрийн нарын бичгийн даргаар явдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар руу хуралд оруулах материалаа гарын үсэг зураад албан тоотоор явуулсан. Амласан ёсоороо 06 дугаар сарын 15-ны дотор энэ замын ажлыг дуусгасан. Нээлтэд нь ч оролцсон.

 Нэлээн хойно энэ авто замын ажил дууссаны дараа Зам хөгжлийн төвийн дарга Р.Буд надад төсөв 500.000.000 төгрөгөөр нэмэгдсэн байсан гэж хэлсэн. Тэгэхээр би Д.Доржханд даргыг дуудаад асуусан. Ямар учиртай 500.000.000 төгрөг нэмэгдсэн гээд Буд яриад байгаа юм бэ гэхэд Д.Доржханд дарга тухайн зам нь 2011 онд баригдахаар төсөв хийгдсэн, энэ зам хоёр талаараа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй, сумын дотор зам урчаас бродюртай, ус зайлуулах сувагтай иж бүрэн зам байгаа юм.

Хоёрдугаарт та намайг 06 дугаар сарын 15-ны дотор дуусгах үүрэг өгсөн. Тийм учраас хурдан хийхийн тулд технологийг нь өөрчлөхөөс өөр арга байгаагүй. Төсөв нэмэгдсэн нь ийм учиртай гэж хэлсэн. Тэгэхээр нь төсөв дээр үл ойлголцол байна шүү, учрыг нь олоорой гэж би хэлсэн, заа гээд гарсан. Энэ хооронд төсөвтэй холбоотойгоор Д.Доржханд дарга миний өгсөн үүргийн хурал зохион байгуулсан байсан. Маргаанууд гарсан. Нэг анхаарч үзэх юм нь хувийн харилцааны асуудлууд байдаг. Намайг анх сайдаар томилогдож очиход газар, хэлтэс, харьяа байгууллагуудын дарга нар бөөн асуудал болж байсан. Протоколд бүх зүйлийг албажуулаад явж байсныг би сүүлд мэдсэн. Хэрвээ энэ асуудалд ямар нэгэн сэжиг хардлага байгаа бол Авлигатай тэмцэх газарт шалгуул гэж хэлсэн, ийм учиртай гэж надад тайлбарласан. Би сайдын хоёр удаагийн шуурхай дээр асууж тодруулсан. Яамны мэргэжилтэн Бадамсүрэнг мөрдөн байцаагч дуудаад “Сайд чинь 500.000.000 төгрөгийн асуудлыг шуурхай дээр асуусан юм уу” гэхэд нь асуугаагүй гэж хэлсэн байдаг. Би маш тодорхой санаж байна. Сүүлд манай өмгөөлөгч яам руу албан бичиг явуулаад сиди, ярианы тэмдэглэлийг шүүхэд гаргаж өгсөн. Би 500.000.000 төгрөгийн асуудлыг учрыг нь ол гэж үүрэг даалгавар өгсөн нь үнэн байсан. Дараа нь Бадамсүрэн тайлбар хийсэн байдаг. Би хэдний өдөр сайдын шуурхай хийснээ санахгүй бүгдийг шүүж үзэх гэхээр 39-40 цаг шаардлагатай байсан учраас би амжаагүй. Бадамсүрэн над руу цаасан дээрх сийрүүлсэн протоколыг харчхаад очоод тийм зүйл яриагүй гээд хэлчихсэн гээд уучлаарай мессеж бичсэн. Л.С-той холбоотой асуудлын тухайд гэвэл би хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдийг уншаад нүд орой дээрээ гарсан. Мөрдөгч эргэлзсэн бололтой Соос мэдүүлэг авах болгондоо дахин дахин “Чамд хэн энэ ажлыг санал болгосон бэ” гэж асуухад нь Г гэсэн хэлсэн байдаг. Их олон янзаар хариулсан байдаг. Тухайлбал “би хүмүүсээ явуулъя чадах юм бол уу, яах юм бол үзье харъя”, сүүлдээ зориглоод орвол орчихъё гэж байх шиг иймэрхүү байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Хийвэл хийчихье ч гэсэн байх шиг, би гуйгаад байсан юм шиг сэтгэгдэл төрсөн. Мөрдөгчид итгэл үнэмшил төрөхгүй байсан учраас маш олон удаа асуусан нь харагддаг. Л.С мэдүүлэгтээ “намайг дуудаад уулзсан, утсаар ярьдаг болсон, өрөөнд нь байнга ордог байсан, танил болоод ахин дахин бүртгүүлэхгүй ордог болчихсон” гэх мэтээр мэдүүлсэн байдаг. Тэгэхээр нь мөрдөгч Төрийн тусгай хамгаалалтын газар руу тоот явуулаад Л.С гэх хүн яам руу хэдэн удаа орсон, хэн хэнтэй, хэдэн оны, хэдэн сард, хэдэн цагт уулзсан талаарх лавлагаа гаргуулсан байна. Энэ хүн 2017 онд 20 удаа орсон байна. Сайдтай уулзана гээд 03 дугаар сарын 21-ний өглөө 08 цаг 57 минутад 306 тоот өрөөнд орсон бүртгэл байна. 03 дугаар сарын 21-нд замын асуудал яригдаагүй, би энэ хүнийг танихгүй. Хоёр дахь нь 07 дугаар сарын 19-ний өдөр 12 цаг 31 минутад сайд 306 гэх бүртгэл Төрийн тусгай хамгаалалтын газраас ирүүлсэн. Манай яам хурлын хоёр өрөөтэй. Нэг нь 301 тоот, нөгөө нь миний 306 тоот өрөө рүү ороод миний өрөөний өөдөөс харсан жижиг хурлын өрөө байдаг. 306 тоот руу ороод баруун гар тал руугаа эргээд миний өрөө, зүүн гар тал руугаа жижиг хурлын өрөө байдаг. Том өрөөнд хуралтай үед жижиг өрөөнд хурал болдог. Тухайн үед хуралд орох байсныг нь 306 тоот өрөөнд сайдтай уулзана гээд бүртгэчихсэн юм болов уу гэж бодож байна. Би үнэхээр энэ хүнтэй уулзаагүй, танихгүй. 301 тоот өрөөний хурлын бүртгэл байдаг юм байна. Яаман дээрх 301 тоот өрөөний хурлын бүртгэлийг хуулбарлаж авсан. Гэтэл 03 дугаар сарын 21-нд хариуцсан Жавхлан Төрийн захиргаа удирдлагын газар 10 цагаас Авлигатай тэмцэх газрын уулзалт 12 цаг хүртэл гэж бүртгэсэн байдаг. 306 тоот өрөөнд хурал болсон байж магадгүй таамаглаж байна. Харамсалтай нь яаман дээр жижиг өрөөний хурлын байдаггүй юм байна. 07 дугаар сарын 19-нд Оюундэлгэр Авто замын бодлогын хэрэгжүүлэх газар 12 цаг 30 минут гэх бүртгэлүүд байна. Өөр надтай уулзсан зүйл огт байхгүй. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч миний туслахаар ажиллаж байсан хүнийг дуудаад Л.С гэх хүн сайд дээр хэзээ, хэдэн удаа орсон бэ, чи утсаараа дуудаж ирүүлсэн байна гэж асуусан байдаг. Нэгдүгээрт би Л.С гэх хүнийг санахгүй байна, хэрвээ дуудсан бол миний утас болон дэвтэр дээр утасны дугаар нь байх ёстой гэсэн. Чамд тийм тэмдэглэл байдаг юм уу? гэхэд нь байгаа, хаана байна гэхээр нь ажил байгаа гэж хэлэхэд нь мөрдөгч байцаалтаа зогсоогоод жолоочтой ажил дээр нь очоод календарь, тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн байдаг. Л.С гэх нэр байгаагүй, утасны дугаар байхгүй. Л.С гэх хүнийг санадаггүй юмаа гэхэд утасны дугаар, нэрийг нь заавал бичих ёстой. Манай туслахын ажил дээр очоод үзлэг хийсэн тэмдэглэлээ хавтаст хэрэгт баримтаар аваагүй. 07 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 31 минутад С-ийг надтай уулзсан гэдгийг няцаах нэг баримт байна.

Энэ өдрийн үдээс өмнө Улсын Их Хурлын дарга Энхболдын урилгаар Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Ошима тэргүүлэгчтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Энэ хүмүүс Хөшгийн нисэх буудлыг үзье, манай Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй төслийн үйл явцтай танилцмаар байна гээд Улсын Их хурлын гурван гишүүн, Төв аймгийн Засаг дарга, Гадаад харилцааны дэд сайд, Төрийн албаны бусад хүмүүстэй хамт 07 дугаар сарын 19-нд очсон. Энэ талаар Монцамэ агентлагийн мэдээн дээр байгаа, хавтаст хэрэгт нэмэлтээр өгсөн. Уг арга хэмжээ дууссаны дараа буюу Хөшгийн нисэх буудлын бүх объект, талбай, доторх заалтын зохион байгуулалт зэрэг бүх зүйлийг үзэж хараад, Японы тал болон хэрэгжүүлж байсан Самсунгийхан, манайхан пресентишн тавьж төслийнхөө явцыг танилцуулсны дараа тэр хүмүүсийг элчин сайд нь аваад хот руу буцсан. Иргэний нисэхийн ерөнхий газрынхан өдрийн унд бэлдчихсэн байсан учраас тэнд өдрийн цайгаа уусан. Би яагаад тод санаж байна вэ гэхээр зөөгч хийж байсан охин миний хувцас руу хоол асгачихсан. Тэгээд би гэртээ очиж костюмаа солиод үдээс хойш UBS /Юү Би Эс/ телевизэд бичлэгт орсон. Зам тээврийн салбарын хөгжлийн хурд 2016-2017 он гэх тайлбар сэтгүүл гаргасан. Энэ сэтгүүл дээр он, сар, өдрөөрөө бүх зүйл байгаа. Үдээс өмнө шинэ буудал руу явахдаа саарал костюмтай байсан. Үдээс хойш Юү Би Эс/ телевизэд бичлэгт орохдоо саарал костюмтай байгаа. /Энэ бичлэг You Tube дээр тавигдсан/ 95 настай жолоочид байрны түлхүүр гардуулж буй үйл явц байдаг. Тэр өдөр ажил дээгүүр очих зав байгаагүй учраас энэ хүнтэй уулзах ямар ч боломжгүй. Манай туслах миний зөвшөөрөлгүйгээр дураараа хэн нэгэнд цаг өгөөд дотогш нь оруулах журам байхгүй учраас энэ үйл явдлыг тодоос тод санаж мэдүүлж байна. Манай өрөөгөөр хэн орж, гарч байгаа цаг минуттай нь бүртгэдэг.

Авлигатай холбоотой асуудал яригдаад байна. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 200.000.000 төгрөгийн хахуулийг бэлнээр авсан гэж байгаа. Хавтаст хэргийн материалтай танилцахад “Төв Азза” төрийн өмчит хувьцаат компанийн нярав Анхбаяр гэх хүн 2017 оны 08 дугаар сарын 07-ны  өдөр Хан-Уул дүүргийн Мишээл Экспогийн ойролцоо байрлах “Ариг” банкны төв салбараас 466.400.000 төгрөгийг бэлнээр гаргуулж аваад зарлагын падан авсан байна. Зарлагын падаан дээр нь 15 цаг 42 минут гэж бичигдсэн. Энэ цаг хугацааг баталгаажуулж Авлигатай тэмцэх газраас “Ариг” банканд хандаад цаг нь хоцордог уу, түрүүлдэг үү эсэх талаар лавлагаа авахад программыг хийсэн компаниас яг тохирч байгаа гэх бичиг явуулсан байдаг. Улаанбаатар хотын цагтаа тохирч байгаа гэх бататгасан тайлбар хавтаст хэрэгт авагдсан. Анхбаяр 466.400.000 төгрөг аваад 7.400.000 төгрөгийг нь 1-2 удаагийн гүйлгээгээр “Төв Азза” ТӨХК-ийн нэрийн өмнөөс гүйлгээ гэж мэдүүлдэг. Энэ хооронд бас хугацаа зарцуулж байгаа. Тэгээд мөнгөө аваад гарахад нь харуул тусалсан гэх байдлаар мэдүүлсэн байдаг. Удалгүй “Биг” худалдааны төвийн хажууд байрлах “Ялгуусан” ХХК дээр очсон, дөхөж яваад Ганбаатар гэх хүн рүү нь ярьсан. Ингээд Ганбаатар нь хоёр хүнээр туслуулаад хар ууттай мөнгийг авч Л.С захирлын өрөөнд орсон. Өрөөнд ороход хоёр хүн хөөрөглөөд сууж байсан ба хоол идсэн бололтой ширээн дээр нь тавагтай хоолны үлдэгдэл байсан гэж маш тод санаж мэдүүлдэг. С нь мөнгөний нярав Энхбаатарыг дуудаж ирүүлсэн. Энхбаатар нь орж ирээд нөгөө мөнгөө аваад нярвын өрөө рүү орсон. Тэгээд мөнгөө сейф рүү хийгээд багтахгүй байхаар нь ширээн доогуур хийсэн, 9.000.000 авч явах гэж байгаад болиод бүгдийг нь тушаагаад 469.000.000 төгрөгийн зарлагын падан бичээд Анхбаяр нь хоосон гараад явсан гэж байгаа. Энэ 469.000.000 төгрөгийн ихэнх нь 20 мянгатын дэвсгэр, 10, 5 мянгатын дэвсгэр арай бага байсан гэж мэдүүлдэг. Гэтэл хавтаст хэрэгт Данзандаржаагаас мэдүүлэг авахдаа ихэнх нь 20 мянгатын дэвсгэр, 10, 5 мянгатын дэвсгэр арай бага байсан гээд яг адилхан бичсэн байдаг.

2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 07 минутад миний төрсөн эгчийн хүүхэд болох Ганчимэгийн Хаан банкны данс руу 200.000.000 төгрөг бэлнээр яг энэ өдөр орсон байдаг.

Гэхдээ энэ мөнгө Л.С-ийн мөнгөтэй ямар ч хамааралгүй. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Улсын Их дэлгүүрийн урд талд байрлах Хаан банкнаас Данзандаржаагийн мөнгө тушаасан баримтыг олсон байна. Энэ нь хавтаст хэрэгт байгаа. Гэтэл 5 мянгатын дэвсгэрт 5800 ширхэг, 10 мянгатын дэвсгэрт 10100 ширхэг, 20 мянгатын ширхэг 3500 ширхэг байдаг. Ингээд мөнгөн дэвсгэртүүд нь таардаггүй. Нийт 200.000.000 төгрөгийг 16 цаг 07 минутад тушаасан байна. Хаан банкнаас гаргуулж авсан баримтад нийт 194 боодол мөнгө тушаасан байдаг. Ариг банкнаас мөнгө авсан баримт, Хаан банканд мөнгө тушаасан баримт хоёрын хугацааг харахаар 25 минутын зөрүүтэй. Би ажилтай багатай үед нь банкны теллерийг гуйгаад салбарын эрхлэгчээс зөвшөөрөл аваад нэг боодол мөнгийг аваад резинийг нь салгаад тоологч машинд хийж тоолоод буцаагаад резинээр бооход 16 секунд болж байсан. Нэг ч удаа гацахгүй, дахин давтаж тоолохгүйгээр тасралтгүй тоолсон тохиолдолд 194 боодол мөнгийг 52 минутад тоолох боломжтой. Банк ямар ч тохиолдолд орлого хүлээж авахдаа заавал тоолж шалгаж хүлээж аваад орлогын баримтыг мөнгө тушааж байгаа хүндээ өгөх болохоос таньдаг хүн юм байна, шууд тоолохгүйгээр хүлээж авах боломжгүй. Ингэж мөнгө авдаг юм шиг мөрдөн байцаагч маань туршилт нэртэй юм хийгээд хавтаст хэрэгт хавсаргасан. 15 цаг 42 минутад мөнгө тоолж гараад “Ялгуусан” ХХК-руу очоод “Ялгуусан” ХХК-аас Хаан банк руу очсон хугацааг өглөө ажил цуглахаас өмнө хөдөлгөөнтэй багатай үед туршихад 25 минутад багтаж байна гэж үзсэн байдаг. Тэгээд Г гарцаагүй 200.000.000 авсан гэх баримт хэрэгт хавсаргачихсан. Нэгдүгээрт цаг хугацааны хувьд боломжгүй. Хоёрдугаарт 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би хаана, юу хийж явснаа бодсон чинь өглөөний 08 цагаас оройны 21 цаг 30 минут хүртэл “Завгүй өдөр” гэх нэвтрүүлэгт ороод бүтэн өдрийн турш Ундрахбаяр гэх сурвалжлагч, зураглаач хоёр надтай цуг явсан. Энэ бичлэгийг сидин дээр буулгаж өгсөн. Сошиал дээр тавигдсан байдаг. Завгүй өдөр нэвтрүүлэг Г сайд гээд хайвал гараад ирнэ. Өглөө шуурхай хурал хийсэн. Тухайлбал мөнгө авч байх үед нь би Нисэх онгоцны буудал явж байх жишээтэй. Завгүй өдөр нэвтрүүлэгт он, сар, өдөр, цаг минуттайгаа бичигдсэн байдаг. Нэвтрүүлэг хийсэн тухай ном дээр хүртэл бичигдсэн.

“Ариг” банкнаас Авлигатай тэмцэх газар цаг, минутын талаар тодруулга авсан. Хаан банк руу бас бичиг явуулсан баймаар юм. Хаан банкны тухайн өдрийн цаг минут нь Улаанбаатарын цаг минуттай тохирч байсан эсэх талаар баримтыг хэрэгт хавсаргаагүй байдаг. Данзандаржаа бол миний төрсөн эгчийн хүүхэд, мөн Нанзаддоржийн Ганчимэг гэх хүн миний төрсөн эгчийн охин юм. “Ялгуусан” ХХК-аас 259.000.000 төгрөг авсан хүн нь Хишгээгийн Ганчимэг гэх хүн байдаг. Анх намайг Ганчимэг гэх дүүгээрээ дамжуулан 259.000.000 төгрөг авсан гэх үндэслэлээр 48 цаг цагдан хорьсон. Мэдүүлгүүдийг уншаад үзэхээр анхнаасаа хоёр хүн гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Намайг цагдан хоригдоод гарсны дараа буюу 10 дугаар сарын 17-нд Хишгээгийн Ганчимэгийг дуудаж мэдүүлэг авсан байдаг. Мөрдөгчийн тогтоолууд дээр Ганчимэгийн овгийн эхний үсгүүдийг дарчихсан байдаг. Намайг яллагдагчаар татсаны дараа ямар нэгэн анхааруулга өгөөгүй. Тухайлбал Л.С, Д.Д, Б.М гэх хүмүүс уулзаж болохгүй гэж анхааруулаагүй. Намайг шинжээчийн танилцуулахаар Авлигатай тэмцэх газраас дуудахад нь Авлигатай тэмцэх газрын харуулын хаалган дээр Д.Доржхандтай зөрсөн. Сайн байна уу? гээд гар барих гэтэл та бид хоёр уулзаж болохгүй гээд надтай уулзаагүй. Тэгээд Нийслэлийн прокурорын газрын үүдэнд ирээд хоёр үг солиход Оюунболд мөрдөгч Д.Доржханд даргад “чи сайдыгаа 200.000.000 төгрөгийн хахууль авсан гээд хэлчих, тэгвэл чиний зүйл ангиудыг хэрэгсэхгүй болгоё” гэж хэлсэн байдаг. Б.М-ыг дуудаад Д.Доржханд даргыг 500.000.000 төгрөгөөр төсвийг нэмэгдүүлсэн гээд хэлчих, тэгвэл чиний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж хэлсэн байдаг Д.Доржханд дарга хариуд нь сайд хахууль аваагүй юм чинь би юу гэж худлаа мэдүүлэг өгөх вэ дээ гэсэн, Б.М мөн  Д.Доржханд дарга надад үүрэг өгөөгүй юм чинь би худлаа мэдүүлэг өгөхгүй гэсэн  байдаг.

Намайг 461 дүгээр хорих ангид хорьчхоод мөрдөгч Оюунболд 1 сар цагдан хорих саналыг прокурорт хүргүүлсэн байсан. Прокурорын зүгээс цагдан хорих нөхцөл байдал тогтоогдохгүй байна гээд хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд 461 дүгээр хорих ангиас намайг авч явахдаа машин дотор баахан дарамталсан. Бид нар мэдэж байгаа, нотлох баримтаар тогтоосон гэх мэтээр зүйлүүдийг ярьж байсан. Хэрвээ мөрдөн байцаалтын явцад Оюунболд надад С таныг ингэж байна гээд хэлсэн бол нүүрэлдүүлэн байцаах боломжтой байсан. Энэ бүхнээс дүгнээд үзэхэд Л.С-ийн 200.000.000 төгрөг надад хамааралгүй. Миний гэрчээр, сэжигтнээр, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, би нэг ч удаа яриагүй. Одоо залруулж нэмэлт тайлбар хийж байна. Би Ганзоригт мөнгө зээлж байсан. Ганзоригийн мөнгө зээлж байсан баримтуудыг нэмэлтээр гаргаж өгсөн. Ганзоригт олон удаагийн зээлүүд бий. Тэр мөнгийг наадмын дараа буцааж өгсөн гэж мэдүүлдэг. Ганчимэг, Данзандаржаа хоёр нэг компанид хамт ажилладаг байсан.

Намайг яагаад Ганчимэгийн дансыг ашигладгийг прокурорууд сонирхож байгаа байх, байнга банканд очиж оочирлоод үйлчлүүлэх зав байдаггүй учраас Ганчимэгийг нааш цааш нь явуулдаг.

Нууж хаасан зүйл байхгүй. Ганзориг надад мөнгөө өгье гэхээр нь би Ганчимэгт өгчих гэж хэлсэн байх, тэгээд Ганзориг нь Ганчимэг рүү мөнгө өгье гэхээр гэхээр Ганчимэг Данзандаржааг очоод авчих гэсэн. Данзандаржаа тэр мөнгийг аваад талыг нь хувьдаа ашиглачихсан, тэгээд айгаад надад хэлээгүй. Хувцас хунар, машины дугуй авсан байдаг. Манай хүүгийн мэдүүлэгт 1 дүгээр хороололд компанийн /миний хамаарал бүхий компани/ дутуу баригдсан барилгыг гүйцээх гээд барилгын ажил явж байсан. Санхүүжилт хэрэгтэй шүү гэж надад хэлэхэд нь би Ганчимэгт манай хүү Хүрэлсүх мөнгө авах юм байна гэж хэлсэн. Тэгэхэд Ганчимэг Данзандаржаад Ганбаа ах мөнгөө авах юм байна шүү гэхэд нь Данзандаржаа сандраад мөнгө хийсэн. Нөгөөдөр нь 300.000.000 төгрөг гарсан гэж байгаа. Тэр мөнгийг маргааш нь манай хүү авах гэж байгаад аваагүй нөгөөдөр нь авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд надад мэдэгдэхгүй гэж сандраад тэр мөнгийг хийсэн нь гай болж 08 сарын 07-ны өдөр таарсан. Үнэнийг хэлэхэд Данзандаржаа над руу Ганбаа ахаа Авлигатай тэмцэх газраас намайг дуудаж байцаалт авах гэж байна би юу гэж хэлэх үү гэхэд нь би огт ач холбогдол өгөөгүй. Үнэнээ л хэлэхгүй юу гэсэн. Би төрсөн эгчийнхээ хүүхэдтэй хуйвалдах, үгээ нийлүүлэх ямар ч шаардлага байхгүй. Хэрвээ үгээ нийлүүлсэн бол ийм олон зөрүүтэй будилсан мэдүүлэг өгөхгүй байсан. Хэрэв би айдастай байсан бол яг үгээ нийлүүлж сайн зааж өгөх боломжтой. Гэхдээ надад тийм шаардлага байхгүй. Тэр мөнгө ийм л учиртай.

Би улсад 30 гаруй жил ажиллахдаа анх удаа яллагдагчаар татагдаад шүүхийн танхимд мэдүүлэг өгч байна. Өнөөдрийг хүртэл надад ямар ч айдастай ажилласан зүйл байхгүй. Миний амьдралын түүхэнд 9 сар хугацаанд сэжигтнээр байцаагдаж байсан удаа байгаа. Тэр асуудал мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болсон. Ийм учраас надад Л.С-ийн 200.000.000 төгрөгийн асуудал ямар ч хамааралгүй. Би анхнаасаа намайг гүтгэж байсныг мэдсэн бол өөр алхмууд хийх байсан. Энэ шүүх хурлаар хувь заяа хэрхэн шийдвэрлэгдэхийг би мэдэхгүй байна. Ямар ч тохиолдолд би Л.С-ид гомдол гаргана. Л.С хүнд авлига өгсөн байх магадлал маш өндөр. Хавтаст хэрэг уншихад зөрүүтэй мэдүүлгүүд их өгсөн байдаг. Хүнд тус болох гэж мөнгө өгсөн, Дамбадаржаагийн орон сууцыг засварласан, өөрийн компанийнхаа өргөтгөлд зарцуулсан, Ялгуусан хутагтын ойн арга хэмжээнд хандивласан гэх мэт, Л.Сийн мэдүүлгээс харахад миний нэрийг бариад хэн нэгэн хүн, энэ хүнийг дарамталж байгаад мөнгө авсан магадлал өндөр байна. Би асуудлыг заавал шалгуулж, нэр төрөө цэвэрлэж авмаар байна.

Би 48 цаг 461 дүгээр ангид цагдан хоригдоход 1 зүйлээс санаа зовсон. Энэ асуудал учир нь олдоно. Би Шинжлэх Ухаан Технологийн Их сургуульд багшилдаг, доктор профессор хүн, тийм болохоор салбарынхаа 30 мянган ажилчид болон оюутнуудаасаа үнэхээр ичиж санаа зовж байсан.

Үл бүтэх хулгайч хүн манай сайд байжээ, миний багш ийм авлигачин байж гэх нэр хүндээсээ ичиж байна. Тийм учраас миний нэрийг бариад хэн нэгэн авлига авсан байх магадлал маш өндөр учраас энэ асуудлыг үнэн зөвөөр тогтоож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.” Гэж мэдүүлжээ.

Бид дараагийн цувралаараа Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд шүүхийн танхимд өөрийгөө өмөөрч юу гэж мэдүүлсэн талаар хүргэх болно.

Холбоотой нийтлэл

Хавтаст хэрэг: Цуврал № 1- Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат нарын “МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС” уншуулсан хэрэгХавтаст хэрэг: Цуврал № 2- Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат нарын “МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС” уншуулахаасаа өмнө ингэж мэдүүлэв

Хавтаст хэрэг: Цуврал № 3 Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат нарын “МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС” уншуулахаасаа өмнө ингэж мэдүүлэв
гэмт хэрэг Онцлох хавтаст хэргүүдээс шүүх хурал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.