1. Хүүхэд санаатай, санаандгүй алдаа хийсэн ямар ч үед ЯАРАН гар далайж хашхиралгүй шалтгааныг нь сонсон яагаад буруу болохыг нь харилцан ярилцаж ойлголцож сурах.
2. Хүүхдэдээ амлалт өгчихөөд биелүүлж чадаагүй үедээ ЯАРАН шалтаг хэлж өөрийгөө өмгөөлөлгүй үнэн шалтгаанаа ойлгуулж уучлалт гуйх. Амлалтаа дараагийн удаа заавал биелүүлэх.
3. Үгүй гэж татгалзсан зүйлийг тань хэчнээн чарлаж нэхсэн ч ЯАРАН бууж өгөлгүй тууштай үгүй байх. Дараа нь яагаад үгүй гэж татгалзсан учир шалтгаанаа энгийнээр тайлбарлах.
4. Хэчнээн уурлаж бухимдаж хоорондоо маргалдмаар байсан ч хүүхдийнхээ дэргэд ЯАРАН муудалцалгүй хором тэвчих. Хэрэв тэсэлгүй муудалцсан бол бие биесээсээ уулал хүсэж, эвлэрч буйгаа ч хүүхдэдээ харуулаарай.
5. Хүүхэд ямар нэг зүйлийг өөрөө хийж учрыг нь олох гээд удаан мунгинасан ч ЯАРАН урдуур нь оролгүй хүлээцтэй хандах. Алдсан байсан ч өөрөө оролдох нь чухал.
6. Гадны уур бухимдлаа гэртээ авч орохгүйн тулд ЯАРАН хаалгаа таталгүй гүнзгий амьсгаа авч, таныг хүлээх үрсээ төсөөлөөд инээмсэглэн ороорой.
7. Тан руу хандан ярьж байх үед нь ЯАРАН таслалгүй дуустал нь сайн сонсож дэмжиж өгөөрэй.
8. Хөршийн хүүтэй жишиж адилхан болгох гэж ЯАРАН бухимдалгүй, хүлээцтэйгээр өөрийгөө олоход нь туслаарай.
9. Хүүхдийнхээ дэргэд, гэр бүлтэйгээ байхдаа утсаа бага оролдоорой. Түүний оронд хүүхэдтэйгээ ярилцаарай.
Г. Төмөрзаяа (Боловсрол судлаач, багш)
Б. Мягмарсүрэн (Сэтгэл судлаач)