Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийхдээ короновирусын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулсан билээ.
Мөн төрийн албан хаагчдаас бусад нь буюу хувийн хэвшлийн байгууллагууд нь шинэ жилийн баярыг цомхон хүрээнд тэмдэглэж болно гэж мэдэгдсэн. Гэхдээ хамгийн гол нь нэмэлт тунгийн хамрагдалтыг 50 болон түүнээс дээш хувьд хүргэх ёстойг анхааруулсан.
Тэгвэл уг шийдвэр болон шинэ жил тэмдэглэх эсэх талаар иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Дорнод аймгийн иргэн З.Батхуяг “Халдварын тохиолдлын тоо буурч байвал бүгд шинэ жилийн баяраа тэмдэглэвэл зүгээр байх. Заавал төрийн албан хаагч тэмдэглэхгүй байх хэрэгтэй гэж хязгаарлах шаардлага байхгүй. Манай улсад халдварын тохиолдлын тоо буурч байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримталж шинэ жилээ тэмдэглэх нь зөв гэж бодож байна. Би хөдөөний хүн. Шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг”.
Сүхбаатар дүүргийн иргэн Н.Итгэл “Шинэ жил тэмдэглэх эсэх нь хувь хүний асуудал. Шинэ жил тэмдэглэж болно болохгүй гэж болохгүй. Гэхдээ халдварын энэ үед Засгийн газраас бүх нийтээр шинэ жилийн баярыг тэмдэглэхийг зөвшөөрвөл баяр хавтгайрна. Тиймээс төрийн албан хаагчид шинэ жил тэмдэглэхгүй байх хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан нь зөв. Харин цар тахлын энэ үед хүмүүс баяраа гэр бүлийн хүрээнд тэмдэглэх хэрэгтэй. Хурим найр, баяр наадам олон болж байна. Хурим найраас халдвар тархсан тохиолдол гарсан. Тиймээс олон нийт цугларах арга хэмжээг хориглох хэрэгтэй”.
Налайх дүүргийн иргэн Ц.Магалжав “Коронавирус халдварын энэ үед шинэ жилийн баярыг бүх нийтээр нь хориглох нь зүйтэй. Гэр бүлийн хүрээнд л баярлавал зүгээр. Энэ жил би олон нийтийн шинэ жилийн баяраас татгалзаж байгаа. Яагаад гэвэл гэр бүл болон бусад хамт олныгоо бодож байгаа учир эрсдэлтэй алхам хийхгүй”
Баянгол дүүргийн иргэн Х.Оюун-Эрдэнэ “Цар тахалтай эдийн засаг хямарсан энэ үед төрийн албан хаагчид төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй байх хэрэгтэй. Иргэд ч гэр бүлийн хүрээнд шинэ жилээ тэмдэглэвэл зүгээр. Олноор цугларч гарахгүй байх хэрэгтэй” гэжээ.