Монголын театрын хоёр дахь Гамлетыг өнгөрсөн тавдугаар сард Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаалгахад энэ урлагт шимтэгсдийн магнай тэнийсэн гэхэд хилсдэхгүй.
90 жилийн түүхтэй “Улаан байшин” (УДЭТ)-гийн сүүлийн 20 гаруй жилийн түүхийг бичилцэхдээ С.Болд-Эрдэнэ “Надаар тоглосон хайр”-ын Бүүвэй, “Саран хөхөө”-гийн Лагана, “Эр хүн болгож өгөөч”-ийн Батаа, “Амьгүй албат”-ын Хачиг, “Атга нөж”-ийн Өгөдэй, “Хайрын виз”-ийн Жаргал, “Парисын дарь эхийн сүм”-ийн Квазимодо, “Оролмаа эх”-ийн Сандагдорж, “Гамлет”-ын Гамлет, “Ромео, Жульетта”-гийн Лоренцо лам, “Бүсгүйн зурвас”-ын Архай сайд, “Анна Каренина”-гийн Левиний дүрээр үзэгчидтэй “уулзсан”. Түүнчлэн “Альфа” театрын бүтээл “Фауст” жүжгийн гол дүрд “хувираад” амжсан билээ. Зөвхөн гол дүрүүдийг нь дурдахад л ийм.
Тус театрт тоглосон бусад дүр, дэлгэцийн уран бүтээлд бүтээсэн дүрүүдийг нь тоочвол урт гэгч жагсаалт хөвөрнө.
Түүнийг гавъяат авах үед ажлын алтан хамтрагч, амьдралын сайн найз гэгддэг жүжигчин Г.Амгаланбаатар туйлаас илүү баярлаж байгаагаа илэрхийлж байсан. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг шиг өнөөдөр жүжигчин Г.Амгаланбаатар МУГЖ цолоор шагнуулж байна. Их сургууль төгссөн цагаасаа эрхэм хоёр жүжигчин “дөрөө харшуулан” олон уран бүтээлд амжилттай тоглосон.
Энэ бүхний эцэст хоёулаа Гавьяат болж байна. Ямартаа ч, даруухан гэдгээрээ гайхагддаг С.Болд-Эрдэнэ гавъяат өнөөдөр алтан хамтрагчаа алд цэнхэр хадагтай Төрийн ордны үүдэнд угтаж харагдана лээ.