Нийслэл хот гэлтгүй хөдөө орон нутагт хүүхдийн эмч дутагдалтай байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Үүнээс болж хүүхдийн эндэгдэл буурахгүй байгаа тэд хэлж байв.


Сүүлийн үед ханиад томуу, томуу төст өвчин ихссэнтэй холбоотойгоор хүүхдийн эмчийн ачаалал 3-5 дахин өссөн байна. Тус мэргэжлээр АШУҮИС 1996 оноос хойш нэг хэсэг элсэлт авахаа больсон гэдэг. Харин өдгөө жилд 20-25 оюутан “Хүүхдийн эмч” мэргэжлээр тус сургуулийг дүүргэж байна.
Өнөөдрийн байдлаар 10 мянган хүүхэд тутамд 7 хүүхдийн эмч ноогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг эмчид 1400 гаруй хүүхэд оногдож байгаа нь нэг эмчид ноогдох өвчтний тоо улсын бусад эмч нараас 5 дахин их байгаа гэсэн үг юм.

Хүүхдийн эмч болохын тулд Анагаахын сургуулийг төгссөний дараа хоёр жил анхан шатны эмнэлэгт ажиллаад, дараа нь хоёр жил хүүхдийн эмчээр тусгайлан суралцдаг юм байна. Энэ хугацаанд нийт 10 жил зарцуулсны эцэст хүүхдийн эмчийн диплом өвөртөлж байх аж.
Өнөөдөр улсын хэмжээнд 721 хүүхдийн эмч ажиллаж байна. Ойрын өдрүүдэд тархсан ханиад томууны улмаас нэг хүүхдийн эмч өдөрт 60-100 хүүхэд тогтмол үзэж буй бөгөөд хэт их ачааллын улмаас ядрах, өөрсдөө өвдөх зэрэг асуудалтай нүүр тулгарах болжээ.

Монгол улсын 38 хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг. Түүний 50 гаруй хувь нь 0-5 насныхан байдаг бөгөөд тэр бүр хүүхдийн эмч нарын үйлчилгээг авч чадахгүй байгааг иргэд хэлдэг. Манай улсын хувьд 1300-1500 орчим хүүхдийн эмч шаардлагатай байгааг мэргэжилнүүд хэлдэг. Ялангуяа хөдөө орон нутагт хүүхдийн эмчийн хүрэлцээ маш муу байдгыг албаныхан өөрсдөө ч хэлдэг билээ.