Сүүлийн жилүүдэд транс тос гэх нэршил чих дэлсэж, уг тосноос татгалзах хэрэгтэйг амнаас ам дамжин анхааруулах болсон.

Гэхдээ өнөөдрийг хүртэл хүмүүс хүнсний хэрэглээнээсээ транс тосыг халж чадаагүй төдийгүй хор нөлөөнийх нь талаар нэгдсэн ойлголтод хүрээгүй хэвээр байна. Түүнчлэн манай улс хүний биед хөнөөлтэй уг бүтээгдэхүүний импорт дээр хяналт тавьдаггүй бөгөөд үндэсний үйлдвэрлэгчид ч үүнийг бараа бүтээгдэхүүндээ ашигладаг гэдгээ нуудаггүй.

Гэтэл тэд үнээ нэмжээ. Үндэсний тодотголтой боловч тэдэнд иргэдийнх нь эрүүл мэнд, аюулгүй байдал сонин биш. Харин илүү их ашиг олох нь хамгийн чухал байдаг гэхэд хилсдэхгүй.

Уншигч та үндэсний үйлдвэрийн талх, нарийн боов тэргүүтэй бараа бүтээгдэхүүний шошгыг анхаарч уншиж байсан уу.

Транс тосыг зөвхөн масло, маргаринаар төсөөлөх нь өрөөсгөл юм. Торт, чипс, жигнэмэг, чихэр, шоколад, бяслаг, шарсан хуурсан бүтээгдэхүүн болон хөлдөөж, нөөшилсөн хүнсэнд ч өнөөх тос агуулагддаг. Мөн устөрөгчжүүлэн боловсруулсан ургамлын тосны 45 хүртэл хувийг эзэлдэг байна.

Транс тос гэдэг нь ургамлын тосыг химийн аргаар устөрөгчжүүлэн хатуу төлөвт оруулж үйлдвэрлэсэн тос юм. Транс тосыг байгалийн болон ургамлын гаралтай гэж хоёр ангилдаг. Байгалийн гаралтай транс тос нь амьтны гэдсэнд үүсч, тэдгээрийн мах сүүнд бага хэмжээгээр агуулагддаг бол ургамлын транс тос гэдэг нь үйлдвэрийн явцад үүссэн тосыг хэлдэг.

Энэ талаар “Цахим эмч” Б.Бямбабаяр хэлэхдээ “Транс тос судасны дотор хананд нэвчих, судасны үндсэн бүтэц болон судасны уян хатан байдалд өөрчлөлт оруулдаг. Үүнийг судасны хатуурал гэж нэрлэдэг. Үүний улмаас зүрх судасны өвчлөл бий болдог. Өөрөөр хэлбэл, нас баралтын өндөр хувийг эзлээд буй зүрхний шигдээс, тархинд цус харвах эмгэгийг үүсгэх суурь шалтгаан болдог” гэдгийг онцлодог.

Дэлхийн ихэнх орнууд транс тосны хэрэглээг хууль, журмандаа тусгаж, хязгаарлах болсон. Гэтэл манайд уг тосны агууламж бүхий хүнсний бүтээгдэхүүний импортод хяналт, шаардлага тавьдаггүй. Түүнчлэн транс тос ямар бүтээгдэхүүнд хэр хэмжээтэй агуулагдаж буй талаар хаяг шошго дээрээ байршуулдаг дотоодын үйлдвэрүүд ч алга.

Гэтэл транс тостой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрүүд үнээ огцом нэмчихээд юу ч болоогүй мэт гэмгүй царайлж сууж байгаа нь нууц биш. Тухайлбал, гурилын үнэ өсөөгүй байхад л экс Ерөнхийлөгч Х.Баттулгын эзэмшлийн “Талх чихэр”, “Бэрэн групп”-ын эзэмшлийн “Атар-Өргөө” нар зөвхөн талхны үнээ 200 төгрөгөөр нэмчихжээ. Мөн усны үнэ нэмэгдээгүй байхад л “АПУ”, “MCS” тэргүүтэй ус ундааны үйлдвэрийнхэн ус, ундааны үнээ 300 төгрөгөөр нэмчихсэн байх жишээний. Гэхдээ энэ нь eрдөө ганцхан хоногт нэмэгдсэн үнэ. Төрөөс шөнийн цахилгааны үнийг тэглээд байхад ингэж нэмээд байхаар яанам бэ? Засгийн газраас өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах гэсээр байтал үндэсний үйлдвэрлэгчид чинь үнээ тултал нь нэмчихлээ. Тэгсэн мөртөө ичихгүй, төрөөс татварын хөнгөлөлт, татаас авч шогтох нь мэдээж.

Барааны чанар, аюулгүй байдалд анхаарахгүй байж үнээ нэмэхээсээ ичээч ээ, ичээч.