Монгол улсын иргэн Б.Лхагвасүрэн гэгч нь бусдыг залилж үүнийгээ амьдрах арга болгосон байж болзошгүй этгээд ажээ. Учир нь тэрбээр олон хүнийг залилж, эд хөрөнгөөр нь хохироож тухай бүртээ цагдаа, прокурор, шүүхээр заргалдаж, санаатайгаар цаг хождог гэж хэлж болохоор үйлдэл гаргаж, ашиг хонжоо хайдаг байж болзошгүй байна. Тухайлбал, 20 гаруй иргэнийг орон байргүй болгосон, газрын маргаантай хэсэгт барилга барьсан, Туулын бургасыг хядсан, мөнгө хүүлдэг, гэрээгээ зөрчиж олон хүнийг хохироосон, худал амлаж хөдөлмөрийн мөлжлөг үйлддэг гэх зэргээ түүний үйлдсэн хэрэг зөрчил дуусахгүй их. Тиймдээ ч Б.Лхагвасүрэн гэгч нь хэд хэдэн хэрэгт яллагдагч, хариуцагчаар татагдан цагдаа шүүхийн хаалга татаад байна. Энэ удаад бид түүний БНХАУ-ын иргэдийг залилж яллагдагчаар татагдсан хэргийг онцолж байна.

‘Уран ган’ ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэн нь Зайсанд барилга барина хэмээн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ‘Мэй Юань’ ХХК-иас 23.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авахдаа газрын гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, газар ашиглах гэрээг  хуурамчаар үйлдсэн, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний  газрын барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хуурамчаар үйлджээ. Улмаар хуурамч бичиг баримтуудаа ашиглан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ‘Мэй Юань’ ХХК-иас 23.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авч дөнгөсөн бөгөөд залилангийн уг хэрэг нь төд удалгүй илэрч,  хүү Л.Золбоогийн хамт Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт 2018 оноос шалгагдаж эхэлсэн байна.

Хуулийнхан буюу цагдаа, прокурорынхон мөрдөн шалгах ажиллагааг хийхдээ яст мэлхийний хурдаар ажилласан байгаа юм. Үүнийг нь Хан-Уул дүүргийн цагдаа, прокурорууд хахууль авсантай холбоотой гэх мэдээлэл бий.  Удааширсан ч гэсэн 2018 онд гаргасан өргөдлийг 2020 онд л мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрөл гарсан  гэж байгаа.

Улмаар Б.Лхагвасүрэнг яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл гэм буруутай болох нь нотлох браимтуудаар хангалттай нотлогдчихсон байгаа юм. Тиймээс хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруутай эсэхийг шүүхээр дэнслүүлэх үлдээд байгаа.

Гэвч яллагдагчаар татагдаад бүхэл бүтэн хоёр жилийн нүүр үзлээ. Хэрэг нь огт шүүхэд шилжихгүй прокурор дээр л гацав.

Энэ хэргээс болж олон хүн эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсаж байгаа. Гэтэл нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэгээр Б.Лхагвасүрэнгийн гэм буруутай болох нь тогтоогдчихоод байхад яагаад хэргийг шүүхэд шилжүүлэхгүй байна вэ? Нөлөө ороогүй л бол хэргийг хоёр жил дарна гэж баймааргүй… УИХ-ын гишүүн, сайд дарга нарын хэргийг ч ингэж удаадаггүй байтал иргэн Б.Лхагвасүрэнгийн хэргийг удаашруулж буй нь прокурорууд өөрсдөө хуулиа зөрчөөд байгаа юм биш гэх хардлага төрүүлж байна.

Харин Б.Лхагвасүрэн нь бусдыг залилсан 23.6 тэрбум төгрөгөөрөө мөнгө хүүлээд явж байгааг үгүйсгэх аргагүй юм. Тодруулбал, ‘Уран ган’ ХХК нь банк бусын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Бусдыг залилж, залилсан мөнгөөрөө мөнгө хүүлдэг, үүнийгээ ч хүлээн зөвшөөрсөн Б.Лхагвасүрэнгийн хууль бус үйлдлүүд энэ мэтээр үргэлжилнэ. Нэг биш нилээн олон хэрэгт яллагдагчаар татагдсан энэ этгээд өнөөдөр цагдан хоригдолгүй хүмүүсийг хохироосоор байхад прокурорууд нь хэргийг тоосонд даруулж, цагдан хорих талаар бодохгүй байгаа бололтой. Олон хүнийг хохироохоос сэрийлж прокурор нь  мөнгө хүүлэгч Б.Лхагвасүрэнг цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлмээр…

Монгол улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан та энэ хэрэгт анхаарал хандуулж, хэргийг шүүхэд шилжүүлэн гэм буруутай эсэхийг дэнслүүлэхийн тулд шүүхэд шилжүүлж өгнө үү!!! Эс бөгөөс хаалттай прокурорын байгууллага хэрэг наймаалцдаг нь үнэн гэх хардлагыг улам баталгаажуулж байгааг дуулгая. Прокурор хэрэг булшилдаг газар биш гэдгийг прокурорууддаа хэлж, хэргийг хөдөлгөөнд оруулж ажлаа хийнэ үү!!!

Бид дараагийн цувралаараа Б.Лхагвасүрэн хууль бусаар хөрөнгөжиж байгаа талаар болон бусад хууль бус үйлдлүүдийг баримттайгаар хүргэх болно.

А.Баярмаа