Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хурлаар Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, “Бишрэлт групп”-ийн хамаарал бүхий “Монгол мах экспо”, “Бишрэлт пропертиз”, “Веллмарт” ХХК-д холбогдох иргэний хэргийг өчигдөр хэлэлцэхээр товлосон байв.

Хурал эхлэхээс өмнө хариуцагч дээрх гурван аж ахуйн нэгжийнхэн тус банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан бөгөөд Хөгжлийн банкны нэхэмжилж буй 32.1 тэрбум гаруй төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна.

 

Улмаар дээрх банкныхан ч үүнийг нь хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болголоо.
Уг нь Хөгжлийн банкныхан “Монгол мах экспо” болон хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз”, “Веллмарт” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 32.1 тэрбум гаруй төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм. “Монгол мах экспо” ХХК-ийнхан Мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөлдөө 15.3 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 37.5 тэрбум шахам төгрөгийн зээлийг 2017 оны арваннэгдүгээр сард Хөгжлийн банкнаас авсан байдаг. Ингэхдээ Сонгинохайрхан дүүрэг дэх агуулах, конторын зориулалттай барилга, газар, үл хөдлөх хөрөнгүүд, Хан-Уул дүүргийн нутаг дахь аялал жуулчлалын зориулалтаар барьсан 60-80 хувийн гүйцэтгэлтэй барилгууд, Баянзүрх дүүргийн нутаг, Ботаникийн эцэс дэх “Веллмарт” сүлжээ дэлгүүрийн газар, үл хөдлөх хөрөнгийг нь барьцаалсан аж.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургадугаар сарын 2-нд уг хэргийг хэлэлцээд “Монгол мах экспо ХХК”-иас 32.1 тэрбум гаруй төгрөг гаргуулж, Хөгжлийн банканд олгох, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд тус компанийн болон хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз”, “Веллмарт” ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөөгүй “Бишрэлт групп”-ийн хамаарал бүхий дээрх гурван аж ахуйн нэгж нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд 2020 оны долдугаар сард уг хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаас хойш зээлийн болон нэмэгдүүлсэн хүүгээр нэхэмжлэлийн шаардлага нэмж гаргасныг хангах үндэслэлгүй гэж үзсэн. Улмаар нэхэмжлэлийн шаардлагаас 2.2 тэрбум илүү төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “Монгол мах экспо” ХХК-иас 29.9 тэрбумыг гаргуулахаар шийдээд байсан юм.
Ташрамд дурдахад, “Бишрэлт групп”-ийг үүсгэн байгуулагч, “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, Хөгжлийн банкны дэд бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Б.Чойжилжалбуу нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй. Мөрдөн шалгах ажиллахаа тун удахгүй дуусах байх гэдгийг эх сурвалжууд хэлсэн юм.

Дээрх хоёр хүнийг хээл хахууль өгсөн, авсан хэрэгт буруутгасан агаад саяхан А.Ариунболдыг батлан даалтад гаргасан гэх мэдээлэл бий. А.Ариунболдыг Хөгжлийн банкнаас зээл авахын тулд Б.Чойжилжалбууд хахууль болгож орон сууц хамаарал бүхий нэр дээр нь шилжүүлэн өгсөн хэмээн шалгаж байгаа билээ.