Одоогоос хоёр жилийн өмнө 200 мянган ам.долларын үнэтэй автобус нийслэлийн нийтийн тээвэрт явж байв. Улмаар холбогдох албаны хүмүүс энгийн автобуснаас 10 дахин хямд өртөг зарцуулж буйг ам булаалдан ярьж, өдөрт 200-300 мянган төгрөгийн орлогийг өлхөн хийдгээ гайхуулж байв.


Иргэдийн хувьд ч Лондон хотынх шиг давхар, ногоон автобус сонин содон байлаа. Гэтэл өнөөх давхар автобус маань гэнэт алга болчихов. Өнгөрсөн жил харагдсангүй. Одоо ч байхгүй. Тухайн үед давхар автобус туршилтаар хэдий хугацаанд явсан, нийслэлийн нийтийн тээвэрт тогтмол үйлчлэх зөвшөөрлийг нийтийн тээврийн газраас өгсөн эсэх нь ч тодорхойгүй. Тиймээс давхар автобусыг нийтийн тээвэрт тогтмол үйлчлэх зөвшөөрлийг өгсөн эсэх, давхар ногоон автобус хаачсаныг тодруулахаар нийслэлийн Тээврийн газар руу холбогдлоо. Энэ тухай мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Өөрөөр хэлбэл давхар автобус аль автобус баазын гараашинд байгаа талаар хэн ч юу ч ярьсангүй.

Яагаад үйлчилгээнд гарахгүй байгаа талаар дуугарахыг ч хүссэнгүй. Хэдэн мянган долларын үнэтэй, сүрлэг автобус маань арай эвдэрчхээгүй байгаа?


Нийслэлээс 2020-2021 онд нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийхээр 10 эхний ээлжинд давхар автобус, 36 энгийн цахилгаан автобус нийт 46 цахилгаан автобус оруулж ирсэн. Уг автобуснууд өнгөрсөн жилийн долдугаар сарын 01-нээс Таван шар-Офицеруудын ордон хүртэлх чиглэлд иргэдэд үйлчилж эхэлсэн юм.

Тухайлбал, 100 хувь цахилгаанаар ажилладаг эко автобус нь энгийн автобусыг бодвол хэмнэлттэй 36 мянган төгрөгийн зардлаар 400 км туулах чадвартай. Давхар автобус нэг бүр нь 200 мянган долларын үнэтэй, 70 хүний суудалтай аж.
Тухайн үед хотын захирагч асан С.Амарсайхан “Эдийн засаг, экологид ээлтэй, иргэдийг ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн, өвөл цантахгүй зэрэг олон давуу талтай энэ автобусыг ашиглах нь хотын бидний давуу тал. Эхний удаад ийм төрлийн 10 автобус орж ирсэн. Ирэх жил 40 ширхэг орж ирнэ.

 

Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэхийн тулд бид парк шинэчлэлтийг хийхээр зорин ажиллаж байна. Эдгээр автобусууд нийслэлийн төсөвт дарамт учруулахгүй, одоо явж байгаа автобусны зардлыг 90 хувь хэмнэж, өөрийнхөө төлбөрийг өөрөө олох боломжтойгоороо давуу талтай” гэсэн сүртэй мэдэгдэж байв. Мөн НИТХ-ын дарга Р.Дагва ч “Нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргах том зорилт бий. Нийтийн тээврийн үйлчилгээг олон төрөлт болгох олон зорилго байгаа. Түүний эхний алхам нь хоёр давхар автобус. Цахилгаан автобус үйлчилгээнд нэвтэрч байгаа нь хамгийн сайн мэдээ” гэж хотын дарга нар их ажил амжуулснаа ярьж байв.


Харин өнөөх нь өнөөдөр нүдний гэм. Уг нь хагас жил хүрэхгүй хугацаанд нийтийн тээвэрт үйлчилсэн давхар автобус эвдэрч элэгдээгүй байлтай.

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт явж буй автобуснууд авах юмгүй. Зорчигч тээвэрлэж, замдаа явж байгаад шатчихна. Унтраад зогсчихно, ер нь ашиглалтын шаардлага хангахгүй, жагсаалтаас гарсан техникүүд. Үүнийгээ шинэчилнэ гээд авчирсан автобусаа “авдрандаа” хадгалчихдаг хэрэг үү, алга.

 

Уг нь нийслэлчүүд зовлонгүй хөл дайдаг унаанд сууж, саадгүй зорьсон газраа хүрмээр байна.

Нийтийн тээврийн нэрийн хуудас гэж сүртэй өргөмжилсөн давхар автобусаа хэзээ “авдраасаа” гаргах вэ, нийслэлийн нийтийн тээврийнхээн.