Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооно барина гэж биднийг шүлсээ үсэргэж, хуруугаа чилтэл цахимбарын товчлуураа нүдэж суух хооронд алаг үрс маань цаг бусын эндэл ослоор хорвоог орхисоор л. Автын болон ахуйн осол, золгүй тохиолдол, хүчирхийлэл “аз жаргалтай” хотын зам харгуй, гудамж талбай, булан тохой бүрт отох болжээ. Энэ айдас, аюул ирээдүй болсон хүүхдүүдээс аз жаргалыг нь хулгайлж байна. Бүр амь насыг нь булааж ч байна. Эцэг, эхийнхээ гарт амиа алдсан хүүхдүүд хэдэн арваар тоологдож, золгүй тохиолдлын золиос болсон үрсийн тоо өдөр алгасахгүй шахам нэмэгдэж байгаад зүрх сэтгэл урагдах мэт болном.

 

Томчууд нь улс төр эсвэл ажил гэж дөвчигнөөд, бага балчир үрсээ анхаарах ч сөхөөгүй амьдарч байгаа нь нууц биш.
Олон улсын байгууллагуудын судалгааны үр дүнгээс харвал манай өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэнд тун “хэцүү” байдалтай, мөн эрсдэлт зан үйлд өртөх нь түгээмэл байх хандлагатай дүр зураг ажиглагддаг. Жишээлбэл 2019 онд Солонгос судлаач нарын хэвлүүлсэн судалгаагаар монгол өсвөр насны хүүхдүүд бусад азийн улсуудын хүүхдүүдтэй харьцуулбал хамгийн аз жаргалгүй, ганцаардмал, тамхи их татдаг, эцэг эх нь хоорондоо их маргалддаг, дээрэлхүүлдэг, амиа хорлох сэдэлтэй гэсэн харамсалтай үр дүн гарсан байна.

Бүр эдийн засгийн нөхцөл байдал нь хүндхэн байгаа Шри Ланка улсын хүүхдүүдээс сул үр дүн гарсан. Цаашлаад ДЭМБ-аас явуулдаг сургуульд суурилсан сурагчдын эрүүл мэндийн судалгаанд амиа хорлох сэдэл болон үйлдэл хэр түгээмэл байгааг тодруулдаг. Гэтэл 2013 оны статистикийг харахад Монголд таван хүүхэд тутмын нэг нь амиа хорлох сэдэлтэй гэсэн бол дөнгөж саяхан 2022 онд хэвлэгдсэн судалгаанаас харахад энэ тоо гурав хүүхэд тутмын нэг болж өөрчлөгдсөн байна.

Бас 2021 онд Лансет сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар монгол өсвөр насны хүүхдүүд хамгийн их согтууруулах ундаа хэрэглэдэг, бусад улсад хөвгүүд түлхүү хэрэглэх хандлагатай бол манай улсад хүйс хамаарахгүй хэрэглэдэг гэсэн үр дүн мэдээлсэн. Энэ бол маш ноцтой үр дүн шүү дээ. Өсвөр насны согтууруулах ундааны хэрэглээ маш олон эрсдлийг дагуулдаг. Гэтэл эдгээр дата, үр дүн олон нийтэд ил ч ихэнхдээ хэдхэн байгууллага, мэргэжилтнүүдийн хоорондын ажил мэт цомхон хүрээнд яригдаад л өнгөрдөг. Угтаа бол энэ чинь ээж аав бүрийн мэдэж байх ёстой мэдээлэл шүү дээ.

Өсвөр насныханд илрэх хандлагатай бүх сэтгэл зүй, зан үйлийн эрсдлийг бүрэн хамруулсан, дээрээс нь тэдгээрийн үүссэн шалтгаан нөхцөлийг давхар тодруулсан цогц судалгаа хангалттай хийгдэхгүй байна.
Үр хүүхдээ хайрладаггүй улс оронд ямар ч ирээдүй байдаггүй гэдэг үг бий. Улс төрийн халуурал, нийгмийн цэцэрхэлээ хойш тавиад үрсийн минь аюулгүй байдлын төлөө үнэн сэтгэлээсээ анхаарал тавиач гэж эрх баригчдаас шаардах цаг нь нэгэнт болжээ.