Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар оролцсон байна.


Монгол улс 1990 оноос хойш зургаа дахь Ерөнхийлөгчийн нүүр үзэж буй. Тэд улсаа удирдлаж байхдаа ямар түүхэн гавьяа бүтээлцэж байсныг бид онцолж байна.

1. 1. Пунсалмаагийн ОЧИРБАТ

Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын үед буюу 1992-1997 онд Монгол Улсын эдийн засаг туйлын хүнд байдалд байлаа. Картын бараанд дугаарлан зогсож, атга гурил, үмх давс авах гэж ёстой л араатан төрхөндөө орчихсон үе. Үүний дараа эдийн засгаа хамгийн хурдан хугацаанд өсгөх арга нь уул уурхай байв. Ингээд П.Очирбатын санаачлагаар “АЛТ” хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд Монгол Улс уул уурхайн хараат эдийн засаг руу шилжсэн гэж хэлж болно. Өнөөдрийн Дорнод аймгийн нефтийн уурхай, алт, зэс, үнэ чулуу гээд бүх л байгалийн баялаг тээсэн орд газруудад хайгуул, олборлолтын ажил тухайн үед эхэлсэн. “Тамсагийн нефтийн цооног өрөмдөхөд цагаан дээлийнхээ энгэртээ газрын тос арчиж байсан Ерөнхийлөгч П.Очирбатын дүр төрх” одоогийн бидний ой санамжинд тод үлджээ.

2. Нацагийн БАГАБАНДИ

1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Н.Багабанди 2005 он хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллав. Түүний үед эдийн засагт шууд нөлөө үзүүлэх гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгчийн институтын бэлэг тэмдгийн шинж чанарыг хадгалахын зэрэгцээ, түүний байр суурийг илүүтэй бататгахыг эрмэлзэж байсан. Түүний засаглалын хугацаанд төрийн өмчийн 80 хувь аж ахуй нэгжид буюу улс даяар өмч хувьчлал эрчимжсэн. Энэ үед Монгол Улсын иргэд тартагтаа тултлаа ядуурч, эдийн засаг тултлаа унаагүй нэг хэвийн он жилүүд өнгөрсөн. Тэрээр Ерөнхийлөгч байхдаа одоогийн Оюутолгойн гэрээг анх үзэглэсэн түүхтэй бөгөөд Оюутолгойн гэрээ өнөөг хүртэл маргаан дагуулсаар. Н.Багабанди Ерөнхийлөгчөөс бууснаас хойшхо Титэм үг буюу гэтэм үгээр нь ард түмэн сайн мэднэ.

3. Намбарын ЭНХБАЯР

Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үе болон Ерөнхийлөгчийн суудлаас бууснаас хойш хамгийн их дуулиан шуугиан тарьсан эрхэм. Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үе буюу 2005-2009 онуудыг Н.Энхбаярын “хаанчлал”-ын он жилүүд гэх бөгөөд албан тушаалын наймаа, дарга шүтэх үйл явц газар авч эхэлж, Монгол Улсын баялгийг илээр дээрэмдэх, авлига, танил талаа албан тушаалд томилох үзэгдэл дэлгэрсэн. Энэ үеэс эхэлсэн хахуулийн хэлбэр өнөөдрийн нийгмийн бүхий л давхаргад хахуулийн хэлбэр буй болсныг хэн хүнгүй мэдэх биз ээ. Монголын эдийн засгийн голлох хүч гэгддэг уул уурхайн зөвшөөрлүүдийг баруун солгойгүй цацаж байсан.
Ерөнхийлөгчөөр ажилласан он жилүүдэд нь түүхэн үлдэх үйл явдал цөөнгүй байсан. Тухайлбал 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа гарсан үймээн буюу 7 сарын 1-ны өдөр таван хүний амь үрэгдэж, Ерөнхийлөгчийн зарлигаар онц байдал зарлаж байсан. Үүний дараахан 8-р сард Бээжингийн олимпоос Монгол Улс анхны алтан медальтантай болсон гэх мэт эерэг зүйлс ч бий.
Өмнөх Ерөнхийлөгчдөөс онцгойрсон зүйл нь ОХУ-ын 11,7 тэрбум рублийн Их өрийг 98 хувиар чөлөөлснийг бид дурсан санадаг.

4. Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед өмч хувьчлалын ажил зогсож, төрийн өмчийн аж ахуй нэгжүүд олноор байгуулагдсан. Тэрээр нийтийн засаглалыг сайжруулах талаар “Том төрөөс ухаалах төр рүү, Шилэн дансны тухай хууль зэргийг санаачлан хэрэгжүүлсэн. Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд “хонгил” “МАНАН” бүлэглэл цэцэглэсэн гэх бөгөөд ашиг сонирхлын томоохон зөрчилтэй хэргүүдийн үндэс ил гарч эхэлсэн.
Гэхдээ Ц.Элбэгдоржийн өмнөх Ерөнхийлөгчдөөс ялгарах зүйл нь түүний гадаад бодлого байсан юм. Түүний институцын баримталсан идэвхтэй гадаад бодлогын ачаар 38 улстай дипломат харилцаа тогтоожээ. Тэрээр Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг зөв зүйтэй эхлүүлж, эдийн засгийн зах зээлийг гуравдагч орон руу гаргахад түлхэц үзүүлсэн. Мөн Кубад айлчилж, Ираны цөмийн байгууламжтай танилцаж, НҮБ-ийн индэр дээрээс Монгол Улсыг “Цаазын ялгүй” орон хэмээн зарлаж байлаа. Монголын түүх соёлыг өвлүүлэн үлдээх, дэлхийд таниулахад чиглэсэн олон санаачлагыг өрнүүлж, ажил хэрэг болгож чадсан.
Монгол Улс дэлхийн 200 гаруй орноос Энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог эхний 20 орны нэг болсон. Мөн 2016 онд АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, монголыг дэлхийн анхаарлын төвд аваачсан билээ.


5. Халтмаагийн БАТТУЛГА

2017 онд эдийн засаг, улс төрийн хямралд орсон монголчуудын чихэнд цэцэг ургуулж, “60 тэрбум”, “Монгол ялна” уриагаар тоглолт хийж Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Сонгогдсон цагаасаа УИХ-ын хуулиудад хориг тавьж, 21 аймгаар тойрохоос өөр гавьтай ажил хийсэнгүй. УИХ-ыг тарааж, Ерөнхийлөгчийн засаглалтай болох санаархлыг бүрэн эрхийнхээ хугацаанд цөөнгүй гаргаж, цаазын ялыг сэргээх оролдлогыг ч хийлээ.
Сонгогдсон цагаа оффшортой, бүлэглэл дагасан гэмт хэрэгтэй тэмцэх амлалт өгсөн Х.Баттулгын үед үе үеийн Ерөнхий сайд, нэр бүхий улстөрчид олноор хоригдож ял авлаа. Түүний бүрэн эрхийн 4 жилд С.Баяр, С.Баярцогт, Ж.Эрдэнэбат. Н.Номтойбаяр гэх мэтээр улс төрийн нэр нөлөө бүхий улстөрчид шоронд орж ял эдэлж суугаа нь тоогоо алдсан. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мөн шалгаж байна. Өөрөөр хэлбэл, тэрээр оффшортой, шударга бусын хонгилтой тэмцсэнгүй. Харин түүний өөрийн оффшор компаниудтай холбоотой мэдээлэл хөвөрсөөр л. Гадаад бодлогын талаар яриад байх гавьяагүй буюу онцлох хийсэн айлчлал ч алга. Түүний үед хоёр хөршөөсөө илүү харахаа больсон гэгдэж байсан.