Герман, Нидерланд, Дани, ОХУ, Малайз, Сингапур, Филиппин, Вьетнам, Турк, Саудын Араб, Өмнөд Солонгос, Бразил, Болгар зэрэг дэлхийн 20 гаруй улсаас бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг монголын томоохон худалдааны компани болох “Алтан жолоо” импексийнхэн өөрсдийнхөө үнэн төрхийг ил гаргав.
Тэд өөрсдийн нийлүүлдэг Haribo брэндийн үүсгэн байгуулагсний 100 жилийн ой, компанийнхаа 20 жилийн ойг удахгүй болох Эх үрсийн баяртай давхцуулан, компанийнхаа албан ёсны фэйсбүүкийн пэйж хуудаснаа зургийн уралдаан зарлаж, ялагч нараа тодруулжээ. Улмаар ялагчид болон оролцогч нартаа гарын бэлгээ гардуулах гэж буйгаа зарлаж, “Зургийн эх хувийг авч ирээд бэлгээ аваарай” хэмээн зар тараажээ.
Гэтэл хүүхдүүдэд өгсөн бэлэг нь ердөө 2000 төгрөгийн үнэтэй ганц ширхэг Haribo чихэр. Энэ тухай нэгэн эцэг эх цахим хуудаснаа “HARIBO-гийн 100н жилийн зургийн уралдаанд хүү охин 2 маань оролцоод пэж хуудасруу нь зурагаа оруулаад 2022;05;23нд бодит зурагаа АЛТАН ЖОЛОО группын офисст авчиран өгч БЭЛЭГ аваарай гэж. Өглөө нөгөө 2 маань эртлэн босож зурагаа бариад л аавтайгаа 3уул түгжирэн очоод зурсан зурагаа өгтөл бэлэг нь энэ шүү. Ахин ийм уралдаанд оролцох зураг зурах мөрөөдөл нь талаар нэг болж байгаа хүүхэдүүд тэнд ямар олон байваа. Хаа холоос аав ээжийгээ эмээ өвөөгөө дагуулсан ухаан суусан хүүхэдүүд бараг ичээд л гарч байна лээ. Ахиж ийм хөгийн юм хийхээ больж үз” гэжээ.
Алтанжолоо импекс нэр нөлөөтэй “баян тарган” группын компани байж олон хүүхдийн авьяас билэг, урам зориг, итгэл найдварыг нь ийнхүү үнэлсэнд үнэхээр харамсмаар. Ийм “бэлэг” нэртэй ганц чихэр авсан хүүхэд дахин зургаа зурж, уралдаанд орох нь юу л бол.
Эх сурвалжийн мэдээллээр, ийм бэлэг авсан хүүхэд 400 орчим гэх. “Ам ч үгүй хамар ч үгүй” чихэрээр хүүхэд хуурч, сэтгэлзүйгээр нь тоглож байснаас огт өгөөгүй байсан бол дээр байх байлаа. Ямартаа ч, Алтанжолоогийнхон ирээдүйн иргэдийнхээ сэтгэл зүрх, итгэл найдвар, урам зоригыг мохоосондоо өөрсдөөсөө ич. Ичиг ичиг…