Сүүлийн үед Монголын кино урлаг сэргэж байна гэдэг үгийг мэргэжлийнхэн хэлдэг болсон. Үүний нэг тод жишээ УДЭТ-ын жүжигчин, найруулагч Г. Эрдэнэбилэгийн цоо шинэ уран бүтээл болох туульсын “Тэгри чину” олон ангит уран сайхны кино өчигдөр буюу энэ сарын 25-наас үзэгчдийн хүртээл болж байна. Тэгвэл кино уран бүтээлчид киноны анхны танилцуулгаа уран зургийн үзэсгэлэнгийн нээлтээр энэ сарын 20-нд хийсэн юм. Тэндээс авсан фото сурвалжлагаа уншигч танаа хүргэж байна.
Тус киноны найруулагч, ерөнхий продюсер , жүжигчин Г.Эрдэнэбилэг нээлтийн үеэр хэлэхдээ “”Тэгри чину” уран сайхны кино маань үзэгчдийн төсөөлөөгүй өнцгийг харуулах болно. Би энэ кинотойгоо л одоохондоо зууралдана даа. Нэгэнт хийснийх олон улсад гаргах төлөвлөгөөтэй байна. Саяхан “Хийморь” киногоо хийж, олон улсын кино наадмуудаар оролцлоо. Тэр үеэрээ чамлахааргүй түншүүдтэй болж, жимээ зам болгохын төлөө ажиллаж байна” хэмээн ярьж байлаа.
“Тэгри чину” олон ангит уран сайхны кино нь бодит түүх биш цэвэр хийсвэр ертөнцөөр үзэгчдийг аялуулах болно. Ингэхдээ Монголын соёл, эрт дээр үед ямар байсан бол эдлэл хэрэглэл ёс заншлыг кинондоо тусгасан гэдгээрээ онцлог.
Дэлгэцийн шинэ бүтээл нь 10 ангитай бөгөөд зураг авалтыг 2021 онд Хөвсгөл, Архангай Төв аймагт хийжээ. Энэ бүтээл нь Монголын кино урлагийн хамгийн өртөг өндөртэй киногоор шалгараад байгаа аж.