Өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд О.Магнайгийн ээжид давуу байдал бий болгосон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, тус дүүрэг хариуцсан тасгийн дарга Х.Саруул, Б.Батцэрэн нарт холбогдох хэргийн урьдчилсан шүүх хурал 11:00 цагт болох гэж байна. Урьдчилсан хэлэлцүүлэгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаана, эсвэл гэм буруугийн буюу ял оноох, цагаатгах шүүх хурлын товыг гаргах юм.

Өмнө нь уг хэргийг 2021 оны гуравдугаар сард хэлэлцээд прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлээд байсан юм. НПГ-аас шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарт Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”, 17.3-1 дэх хэсгийн бусдын эд хөрөнгө залилсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хэрвээ шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзвэл: Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх болно.

Хэргийн талаар тодруулбал, “Седарс” гэх ХХК-иас 723.8 сая гаруй төгрөг гаргуулахаар хандсан төлбөр авагч иргэн С.Отгонжаргал буюу О.Магнайгийн ээжид давуу байдал бий болгох зорилгоор Б.Цогжаргал тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Саруул, Б.Батцэрэн, 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун нартай хамтарч 2018 оны тавдугаар сарын 2-ноос зургадугаар сарын 21-нийг хүртэлх хугацаанд албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн. Үүний улмаас “Седарс партнерс” ХХК-ийн Баянгол дүүргийн нутагт байрлах 332 ам метр талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газар болон 25.5 хувийн гүйцэтгэлтэй байсан, дутуу барьсан барилгыг иргэн С.Отгонжаргал болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлэн давуу байдал бий болгож, уг компанид 1.1 тэрбум гаруй төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан. Ингэхдээ төлбөр авагч С.Отгонжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Магнай, Ж.Очирхуяг нартай уулзсаны дараа, тэдэнд давуу байдал бий болгох зорилгоор Х.Саруул, Б.Батцэрэн нараар дамжуулж шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуунд нөлөөлж, “Илүү хурдан шуурхай ажиллагаа явуул, яг наад материалаа хурдан шийд, одоо гараад шийд, үр дүн гарга” гэх зэргээр удаа, дараа үүрэг чиглэлийг өгч байсан нь хэмээн буруутгаж буй аж. Мөн “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшлийн газрын хуучин гэрчилгээг хүчингүй болгож, эзэмших эрхийг нь “төлбөр авагч С.Отгонжаргалын нэр дээр шилжүүлэн шинээр гэрчилгээ олгож хариу ирүүлнэ үү” гэсэн албан бичиг ч дээрх хүмүүс Нийслэлийн газрын алба, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн тасагт хүргүүлсэн аж.

Зургийн тайлбар: Яллагдагч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Отгонжаргалын хэргийг хариуцсан 182 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ю.Оюунаа ажлаа хийж байхад нь “хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ю.Оюунаа байхгүй учир энэ материалд ажиллагаа хий” гэж 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуунд хариуцуулж өгсөн нь ч тогтоогдсон гэнэ. Хууль зөрчин төлбөр төлөгч “Седарс” бус, тус аж ахуйн нэгжийн охин компани болох, шийдвэр гүйцэтгэх хуудаст заагаагүй “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу барьсан барилга зэрэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан авсан, “Седарс” ХХК-ийг төлөөлөх эрх нь дууссан иргэн Ц.Цэцэнбилэгийг эрүүгийн болон зөрчлийн хэрэг үүсгэнэ, цагдан хорино гэж дарамтлан “С.Отгонжаргалд өгөх 723.8 сая төгрөгийн төлбөрт “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилгыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй” гэсэн бичиг хийлгэж, тамга даруулсан. “Седарс партнерс” ХХК-ийн газар болон дутуу гүйцэтгэлтэй барилгыг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуягт шилжүүлэн өгч, хадгалалт хамгаалалтыг хариуцуулсан нь ч шалгалтаар тогтоогджээ.

Баянгол дүүргийн II хорооны нутаг дахь газарт Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итан хөрөнгө оруулж бариулсан, 11 давхар шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг 723 саяын өр төлбөрт тооцон шилжүүлсэн байдаг.