Сүүлийн 30 жилд Монгол Улсад хөгжсөн далд бизнес бол газрын наймаа. Түүнээс гадна газрын өмчлөл, эзэмшил хаа сайгүй өрнөсөн.
Газартай бүхэн өөрийн өмчирхөх сэтгэлээр хаа сайгүй төмөр сараалжин хашаа босгох болсон нь гэм биш зан. Харин уг өмчирхөх сэтгэлгээнээс болж бусдын эрүүл мэнд, амь нас аюултай байдалд орж, өмчлөгчид өөртөө “нүгэл” хурааж буйгаа тэр бүр анзаардаггүй бололтой.
Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Ар гүнтийн аманд бэлчээрт идээшиж явсан адуу шовх төмөр хашаан дээгүүр давах гэж байгаад гэдсээ хүүлүүлж, амьдаараа тарчилж байгаатай хоёр залуу таарсныг цахим ертөнцөөс үзээгүй хүн бараг үлдээгүй байх. Хавирга нь хэрзийгээд, амьсгаа нь дээрдээд, нарийн, бүдүүн гэдэс нь хоёр төө хэрээтэй унжчихсан, хүрэн зүсмийн жижгэвтэр адуу мөн ч их тарчилж байна. Өнөөх хоёр залуу төмөр хашааг лантуугаар хоёр цохиод, газарт унагаалаа. Гэдсээ цувуулсан адуу модны гүн рүү давхив. Хаана очиж, төмөр хашаанд сүлбүүлсэн гэдэс нь цувж дуусаад, нүд аних бол доо, хөөрхий. Тэр хүртэл мөн ч их тарчилж, зовох байх даа. Мөн хийнхээ хөхнөөс гараагүй нялх амьтан төмөр хашаа давах гэж байгаад гэдэснийхээ тэхий голоор мөн л хашааны төмөрт зоогджээ. Зүүн урд хөл нь дөнгөж газарт шүргээд, үлдсэн гурван хөл нь агаарт дүүжлэгдэн, гэдсэнд нь хашааны төмөр сүлбэсэн байв. Энэ бол ердөө өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал сүлжээнд иргэдийн тавьсан хэдхэн жишээ.
Тэгвэл уг асуудал зөвхөн нийслэлийн эргэн тойронд бус нийслэлд ч бий болоод байна. Зарим орон сууны хороолол өөрсдийн өмчөө бусдаас хамгаалж мөн л төмөр хашаа босгох нь бий. Уг хашааг тойрохоос залхуурсан иргэд, хашааны гадна тоглох гэж яарсан хүүхдүүд төмөр хашаанд сүлбүүлэх шахам давж буй дүр зураг үзэгдэх нь бий. Заавал хэн нэгний эрүүл мэнд, амь насанд хүрч байж төмөр хашаануудаа буулгах ёстой гэж үү, өөрсдийн өмчирхөх сэтгэлээ дарж, өрөөлийн эрүүл мэнд, амь насыг бодож төмөр сараалжин хашаануудаа буулгаж болохгүй хэрэг үү.
Хүн гэгч 1000 наслах биш дээ, өмчирхөх сэтгэл, шунал тачаалаасаа болж мал, амьтны бэлчээр, гэр орныг булааж амьдрах хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Энэ хорвоод хүнээс гадна маш олон амьд амьтан байдаг гэдгийг ойлгоод ядаж төмөр хашаагаа авч хаяасай.