Урин дулаан цаг болсонтой холбоотойгоор хөдөө, орон нутгийг зорих замын хөдөлгөөн нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд зам тээврийн осол гэмтлийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөн оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах зорилгоор “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг зохион байгуулж байгаа билээ.

Аянтай холбоотойгоор сүүлийн 10 жилээр зам тээврийн ослын нөхцөл байдлыг танилцуулсан. Тодруулбал

д/д Он Амь хохирсон Гэмтсэн хүн
1 2012 396 5211
2 2013 423 4932
3 2014 503 4725
4 2015 429 4613
5 2016 399 4562
6 2017 507 4712
7 2018 562 4751
8 2019 561 3790
9 2020 430 2718
10 2021 383 2475
11 2022 оны эхний 05 сар 195 1087

Өөрөөр хэлбэл сүүлийн 10 жилд зам тээврийн ослын улмаас 4593 эрдэнэт хүн амь насаа алдаж, 42489 хүн гэмтсэн байна.

Тиймээс Орон нутгийн замд гарч байгаа жолооч та

-Хурд хэтрүүлэхгүй байх

– Гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийхгүй байх

-Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарахгүй байх

-Жолоочийн нойр дутуу ядарсан үед жолоо барихгүй байх

-Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх

-Жолооч биш хүнд жолооч шилжүүлэхгүй байхыг зөвлөн сэрэмжлүүлж байна.

Хөдөө орон нутгийг зорихоор замд гарсан жолооч та анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож болзошгүй эрсдэл бүхнээс өөрийгөө болон өрөөлийг хамгаалаарай.

ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ. Бүү яар, бүү хурдал. Та бүгдийг хайртай үр хүүхэд, гэр бүл чинь хүлээж байгаа.

Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч М.Энхбаатар