Өнгөрсөн зургадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их Дүйчин өдөр хэмээн зарлаж бүх нийтийн амралтын өдөр болгон амраасан.

Улмаар Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганы гадна талбайд бурхан багшийн гурван үеийн дүрийг бүтээж залсан ёслолыг манай сайт мэдээлж, фото сурвалжлагаар уншигчдын хүртээл болгож байв. Уг үйл явдлыг иргэд, сүсэгтнүүд эергээр хүлээн авч усан тахил өргөж, залбирч мөргөсөн билээ. Тэгвэл өдгөө мөргөж, тахиад байсан бурхдаа Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганы В1 давхрын гараашит, хог новштой зэрэгцүүлэн хураасан гэх мэдээлэл байна.
Бурхдыг хөөсөнцөр болон гипсэн материалаар хийсэн байх ба ганц нэг нь эвдэрч, хөөсөнцөр нь ховхорч унасан аж.
Энэ талаар Гандантэгчинлэн хийдийнхэн тайлбар өгөхдөө “Бурхдыг Эрдэнэт рүү авч явж залах гэж байгаа юм. Олон хоног нар салхи бороонд гандчихсан болохоор будгийг нь сэргээн засварлах сэргээх үйл ажиллагаа хийгдэж байна. Шууд хураагаад хаячихсан зүйл бол байхгүй. Аравнайлсан бурхныг дахин сэргээн засварлахдаа мэлмийг нь хааж байгаад сэргээн засварлаад буцаагаад мэлмийг нь нээгээд дахиад аравнайлаад залдаг” гэжээ.
Ямартаа ч, сар гаруй хугацааны өмнө олны сүслэн залбирч байсан бурхад өнөөдөр ийнхүү гараашинд хураалттай байгаа нь олны итгэл бишрэлийг хөсөрдүүлсэн, зальжин хэрэг биш гэж үү.

Тухайн өдрийг сайн өдөр гэж олон иргэд гандан орж, ном хуруулж, ламхай нарт их өргөл өргөснийг мэдэхгүй хүн үгүй биз ээ.