Монголчуудыг аpxи, спиртээр “угжиж” өнөөгийн өндөрлөгт хүрсэн эрхмүүдийн нэг бол “АПУ”-гийн П.Батсайхан.

Тэнгэрт одсон улс төрч ахыгаа амьд сэрүүн байхад нь дагаж явсаар, хурдан морины спортод хорхойтой, хоббитой болсон гэдэг. Гэвч өдгөө “том толгойтой эцэггүй хүүхэд шиг” гэдэг шиг бусдаас үг сонсох нь бүү хэл, бусдын ажил хөдөлмөрийг үнэгүйдүүлэх болжээ.

Тэрбээр хурдан морины өв уламжлалыг “эвдэж” шинэ жишиг тогтоон, баян хүний баавартай зангаа гаргах болсон нь морь сонирхогчдын зэвүүцлийг дургүйцлийг төрүүлээд байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймагт болсон “Их хурд-9” хурдан морины уралдаанд ар халхын алдарт баян, алдарт уяач П.Батсайханы титэм халзан азарга түрүүлсэн.
Уралдаан болохын өмнө нь тус хурдан хүлэг нь сэрвээний өндрөөрөө хасагдаж хэд хэдэн удаа буцаагдсан ч, П.Батсайхан ноён баян хүний шазруун зангаа гаргаж энэхүү азаргаа уралдуулсан нь морин спортын дүрэм журам, уралдааныг зохион байгуулагчдын хөдөлмөрийг улан доороо гишигчсэн үйлдэл болсон юм.

Уг будилааныг сонсоогүй, дуулаагүй хурдан морь сонирхогч үгүй биз ээ.
Түүний энэхүү “таахалзуур” үйлдлийг хөхүүлэн дэмжин, арыг нь дааж, уралдааныг будилаантуулсан “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” нь малын вакцины наймаагаараа хөлжсөн гэгддэг Дамбын Хишгээ.

Тэрбээр тус уралдааны зохион байгуулалтын комисст байгаагүй хэрнээ, яг уралдаан болохтой зэрэгцэн гэнэт зохион байгуулагчдын дунд орж ирэн, түрүүлж ирсэн П.Батсайханы халзан азаргыг гардан хэмжсэн гэдэг. Улмаар эсэргүүцэлтэй тулгарсан П.Батсайханыг цээжээрээ хамгаалж, зохион байгуулагчид руу хулигаан зангаа гаргаж байсныг уралдааныг үзсэн хүмүүс гэрчилж байна.
Тус уралдааны талаар сошиалд өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг Мөнх-Эрдэнэ “Уралдаан бүрийн ард будилаан хутгадаг, араас нь удирддаг хүн бол Дамбын Хишгээ гэж нөхөр. Чи одоо савараа тат, хөгшөөн” хэмээн лайв хийсэн нь олны анхаарлыг татав.

Хурдан морины уралдааны үеэр будилаан гаргахад цаана нь хулигаан Дамбын Хишгээ зогсож л байдаг гэх явган яриа хүртэл сүүлийн үед тус хурдан морь сонирхогч, уяачдын дунд гарах болсон байна. Олны үг ортой ч байж мэднэ гэдгийг тэрбээр дээрх үйлдлээрээ батлан харууллаа.
Мөнгөтэй, нэр нөлөөтэй, эрх мэдэлтэй хүнд дүрэм журам үйлчилдэггүйг “Их хурд” уралдаанд оролцохдоо харуулж амжсан “АПУ”-гийн П.Батсайханд өвлөгдөж ирсэн өв уламжлал, цаашид үргэлжлэх морины соёл, уяачын ёс зүй “түй” ч мэт аашилдаг. Тэрбээр өнгөрсөн 2021 онд улс, бүсийн уралдаанд морио нисдэг тэргээр дагадаг жишгийг анх тогтоосон. Харин өдгөө сэрвээний өдрөөрөө хасагдсан морийг уралдуулж айраг түрүү авдаг жишиг тогтоож эхэлсэн бололтой.

Ямартаа ч, ноён П.Батсайхан таны холч ухаан угсаатны уламжлалт өв соёлоо дээдлэх, хүндлэх, хадгалах, түгээхэд хүрэхгүй юмаа гэхэд шандаст хурдан хүлгүүдийнхээ аз хийморийг бодон ичих нүүртэй байхыг хүсэе.