“Сум нь түргэний тэрэггүй хэрнээ түрүүлсэн бөхдөө жийп машин өгөхийг монгол наадам гэнэ” хэмээн егөөдөн бичсэнийг та фэйсбүүкээс харсан байх.

Бага зэрэг хэтрүүлэгтэй л болохоос үнэн л дээ. Ер нь долдугаар сар монголчуудын хувьд бүхэлдээ амралт зугаалга, найр наадмын үе гэж болно. 9, 10-наас эхэлсэн наадам улс, бүс, аймаг, сум, баг дамжсаар сүүлдээ овооны наадам гээд үргэлжилж өгнө.

Энэ үед ямар нэгэн ажил хөөцөлдөж, амжуу лах талаар санасны ч хэрэггүй.
Мэдээж эртний сайхан уламж лал болохоор найр наадмаа хийлгүй яахав. Гэхдээ монголчуудын наадам арай л дэндүү сунжирдаг боллоо. Энэ тухай олон жил хөндөгддөг ч байдал огт дээрдсэнгүй. Уг нь өмнөх засгийн үед замбараагүй урт үргэлжилдэг наадмуудаа цэгцлэхийн тулд долдугаар сарын 20-ноос хойш улс даяар нэг ч наадам хийж болохгүй гэсэн лүндэн буулгаж байв.

 

Гэвч өнөөх нь ажил хэрэг бололгүй замхарсан удаатай.
Өнгөрсөн хоёр жил наадамлаагүй нэрээр энэ жил найр наадам шувтрах шинжгүй, сунжирч удааширсан хэвээрээ. Тов нь тогтсон хуваарьт наадам тоймгүй олон. Цаана нь даншиг гэж өөр нэг айхтар том наадам бий.

Э.Бат-Үүлийн баг 2012-2016 онд нийслэлийг удирдахдаа маш сайн ажиллаж, өндөр жишиг тогтоож өгсөн хэмээн иргэд ам сайтай байдаг. Гэхдээ энэ үед гаргасан дэмий шийдвэрүүдийн нэг нь энэхүү даншиг наадам юм. Угаас төрт ёсны баяр наадмаа долдугаар сарын 11, 12-нд хийж байхад дараа сард нь ахиад хэдэн зуун сая давсан төгрөөр дахин наадах ямар шаардлагатай юм бол. Хотын удирдлагууд тухайн үед энэхүү наадмыг жуулчид татах томоохон арга хэмжээ хэмээн тодотгож, наадам үзэхээр ирсэн гаднын аялагчдаас зардлаа нөхөх боломжтой гэж мэдэгдэж байв. Гэвч энэ нь бодит байдал дээр биелээгүй. Харин ч их хэмжээний алдагдал хүлээгээд өнгөрсөн гэдэг.

Зүгээр ч нэг наадам хийгээд өнгөрөх биш, хажуугаар нь бөхийн цол олгож байгаа нь бүр ч замбараагүй байдалд хүргэсэн. Уг нь хуульд зөвхөн үндэсний их баяр наадмаар, Ерөнхийлөгчийн зарлигаар цол өгнө гэсэн заалттай. Гэтэл хотын хэдэн дарга ярьж байгаад даншиг наадам хийхээр тогтож, даншгийн начин, заан, арслан цол өгч байгаа нь хэр зохимжтой бол. Сүүлдээ өнөөх олон цол дунд нь толгой эргэх шинжтэй.

Иргэд нь арай хийж амь зууж, эдийн засаг элгээрээ эвхэрсэн байхад энэ олон найр наадмын хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу.
Саяхан Сингапурын хэвлэл мэдээллээр, Олон улсын вальтын сангаас эдийн засгаараа эвхэрч, дампуурсан дараачийн улс Монгол байхыг үгүйсгэхгүй гэх утга бүхий мэдээ цацагдана лээ. Мэдээллээс харвал, манай улс Шриланкын араас орж байгаа юм байх.

Уг мэдээлэл үнэн ч бай, худал бай энэ улс оронд найр наадам ихэдсэн үү гэхээс багадаагүй байлтай. “Навч шарлавал намаршина, наадам ихэдвэл хэрэлдэнэ” гэж монголчууд ярьдаг. Энэ үг өнөөгийн биднийг л хэлээд байгаа мэт.
Сунжирсан их баяр наадам бидэнд юу авчрах вэ. Хэдэн өдөр дараалсан архидалт, эцэст нь бөөн бөөн хог л үлдэх байх.

Аягүйтвэл наадамлах гэж очсон хүмүүсийн нэг нь гал алдаж, түймэр дэгдээн гамшиг нүүрлэхийг ч үгүйсгэх аргагүй. Хамгийн гол нь арын албаны ажил цалгардаад байдаг нь шилээ даран зохиогддог олон наадмыг ад үзэх шалтгаан болсон юм.

Дахин хэлэхэд, монгол төрийн уламжлалт баяр наадмаа үгүйсгэх гэсэнгүй. Харин олон өдөр дамнан үргэлжилдэг замбараагүй байдлыг л хязгаарламаар байна. Уг нь хууль дүрмийнхээ дагуу аймаг, сумдын наадам долдугаар сарын 10, 11-нд, улсын наадам 11-12-нд болоод өндөрлөх ёстой. Зуны сар зургаа биш л байлтай.