Хураангуй

Монгол Улсын хөгжиж буй зах зээл, ашигт малтмалын асар их нөөц баялаг нь хөрөнгө оруулагчдад ашиг орлого сайтай боломж гэж харагддаг боловч гадаад эдийн засаг, санхүүгийн цочролд өртөмтгий байдал, маргаан шийдвэрлэх явц нь үр дүн муутай, хууль тогтоомж боловсруулах үйл явцад оролцогч талууд санал бодлоо оруулах боломж нөхцөл хязгаарлагдмал учраас болгоомжлоход хүргэдэг. Монгол Улсад зах зээлд бараа бүтээгдэхүүн зарж борлуулахад төр, засгийн зүгээс тогтоох саад тотгор багатай бөгөөд хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсад хөрөнгө оруулалттай холбоотой цөөн хэдэн хориг хязгаарлалтыг эс тооцвол ихэнхдээ зах зээлд саадгүй нэвтрэх эрх эдэлдэг. Түргэн хоолны газар, жижиг дэлгүүр гэх мэт франчайзийн бизнесүүд хүлээлтээс давж байгаа тул амжилттай яваа олон улсын бизнес загваруудыг Монголын үйлчилгээний салбарт нэвтрүүлэх боломжтой гэдгийг хөрөнгө оруулагчдад харуулж байна. Монголын ноолуур, хөдөө аж ахуйн салбар ч итгэл найдвар төрүүлэхүйц байна. Гэвч уул уурхай зэрэг улс төрийн хувьд эмзэг эдийн засгийн салбаруудад хөрөнгө оруулах нь эрсдэл өндөртэй байна.

Хэдийгээр Монгол Улс хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг ч сонирхлыг бодит хөрөнгө оруулалт болгон хувиргахад бэрхшээлтэй. Монгол Улс хууль тогтоомжийг ил тод боловсруулж, урьдчилан таамаглахуйцаар хэрэгжүүлдэг тогтвортой бизнесийн орчныг бүрдүүлэхгүй бол олон хөрөнгө оруулагч зах зээлээ хэтэрхий эрсдэлтэй гэж үзэж, илүү өрсөлдөх чадвартай улс орнуудыг сонгох болно. Монгол Улсын хувьд эдгээр эрсдлийг бууруулах чухал алхам бол Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар ил тод байдлыг хангах тухай АНУ-Монгол Улсын хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр гэж нэрлэдэг)-ийг хэрэгжүүлэх явдал бөгөөд уг хэлэлцээрийн дагуу аливаа шинэ хууль тогтоомжийг эцэслэн батлахаас өмнө олон нийтээс санал авах шаардлага тавигддаг. Монгол Улс энэ хэлэлцээрийн зарим хэсгийг хэрэгжүүлсэн ч олон нийтэд мэдээлэх, санал авах амлалтаа бүрэн хэрэгжүүлэхээс даруй таван жил хоцорч явна.

Мөн 2021 онд Оюутолгойн зэс, алтны уурхайн бүтээн байгуулалтад саад учруулсан зарим маргааныг шийдвэрлэж, 2024 он гэхэд Монгол Улсын ДНБ-ий 25 хувийг хангах төлөвтэй байна. Уурхайн бүтээн байгуулалтын тодорхой хэсгийн зардал, өрийг хуваах тухай хэлэлцээрүүд, мөн Оюу Толгойн түншүүдийн удирдлага, бүтээн байгуулалтын шийдвэрүүдийг ил тод болгох амлалт нь Монгол Улс гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд маргааныг шийдвэрлэх чадвартай бөгөөд шийдвэрлэнэ гэдгийг харуулж байна.

Засгийн газар, УИХ 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, мөн 2020 онд батлагдсан шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлснээр шүүгчдийн томилгоо, огцруулах үйл явцад ил тод байдлыг сайжруулж, улс төрийн нөлөөллийг бууруулах замаар шүүхийн хараат бус байдалд заналхийлж буй асуудлуудыг шийдвэрлэж байна. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид шүүхийн шийдвэр удаан хугацаагаар хойшлогддог, дараа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ч мөн адил сунжирдаг, түүнчлэн татварын алба гэх мэт захиргааны хяналтын байгууллагууд улс төрийн хамааралтай шийдвэр, эсвэл улс төртэй холбоотой монголчууд оролцсон хэргүүд дээр арга хэмжээ авахгүй байна гэсэн мэдээллийг хэлсээр байна. Бизнесүүд бүх шатанд зохицуулалтын томоохон бөгөөд урьдчилан таамаглах аргагүй дарамт байгааг онцолж байна. Мөн татварын маргааныг шийдвэрлэх үйл явц хэт удаашралтай байгаа нь шууд бусаар өмчийг албадан хураан авах эрсдэл гэж үзэж байна. 2022 оны 6-р сард УИХ зөвшөөрөл, лиценз олгох ажиллагааг боловсронгуй болгож, шаардлагатай зөвшөөрөл лицензийн тоог цөөрүүлсэн. Ихэнх төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх засгийн газрын хүчин чармайлт нь бизнесийг бүртгэх үйл явцын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой.

КОВИД-19 цар тахал болон ОХУ-аас Украйнд түрэмгийлсэн ажиллагаа нь Монгол Улсын эдийн засагт хүндрэл учруулж байна. Монгол Улсын Их Хурал 2021 оны сүүлээр ачаа тээвэр, эрчим хүчний үйлдвэрлэл, аж үйлдвэржилт, хот, хөдөөгийн дэд бүтэц, ногоон хөгжил зэрэг чиглэлээр үндэсний бүтээмжийг нэмэгдүүлэх 10 жилийн хөгжлийн төлөвлөгөө болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Энэхүү хөтөлбөр нь орлогын үндсэн эх үүсвэр болох уул уурхайн экспортын зах зээлд нэвтрэх боломжийг сэргээхээс хамаарна. Гэсэн хэдий ч 2022 оны эхэн үеэс БНХАУ-ын “Тэг-КОВИД” бодлого Монгол-Хятадын хилийн дагуу гацаа үүсгэсээр байна. Үүний зэрэгцээ, ОХУ-ын зүгээс Украин руу довтолж, ОХУ-ын эсрэг урьд өмнө байгаагүй олон улсын хориг арга хэмжээ авснаар нефтийн бүтээгдэхүүн, цахилгаан эрчим хүч, улаан буудай, бордоо зэрэг гол түүхий эдийг импортлоход тодорхойгүй байдал үүсгэв.

Хүснэгт 1: Гол хэмжүүр ба зэрэглэлүүд

1. Гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй байдал, тавигдах хориг хязгаарлалтууд

Гадаадын шууд хөрөнгө оруулалтад чиглэсэн бодлого

Монгол Улсад ерөнхийдөө хоёр томоохон асуудлыг үл тооцвол гадаадын хөрөнгө оруулагчдыг ялгаварлан гадуурхах явдал байдаггүй. Эдгээр хоёр асуудлын нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулагчид аж ахуйн нэгж байгуулахын тулд хамгийн багадаа 100,000 долларын хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэтэл Монголын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалтын хамгийн бага хэмжээг зааж шаарддаггүй. Хоёрдугаарт, зөвхөн Монгол Улсын насанд хүрсэн иргэд үл хөдлөх хөрөнгө өмчилж болно. Гадаадын хөрөнгө оруулагчид газар ашиглаж болох боловч энэ эрх нь таван жилийн хугацаатай бөгөөд зөвхөн нэг удаа л дахин таван жилээр сунгагдана. Төрөөс өөрийн иргэдэд ийм хязгаарлалт тавьдаггүй. Монгол Улс хөрөнгө оруулагчдад виз, татвар, нотариат, бизнесийн бүртгэлийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг “Хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цонхны үйлчилгээ”-г санал болгодог. Саяхан байгуулагдсан Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам нь одоо үйл ажиллагаа нь хэвээр явагдаж байгаа (https://investmongolia.gov.mn/) нэг цонхны үйлчилгээний чиг үүргийг хэрэгжүүлэх гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих байгууллагыг шинээр байгуулна гэж олон нийтэд мэдээлсэн. Шинэ агентлаг ямар хэлбэрээр ажиллахаас үл хамааран хөрөнгө оруулагчид засгийн газраас одоо байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эх орондоо хадгалж авч үлдэхэд чиглэсэн бодлого боловсруулахыг хүсэж байна.

Гадаадын иргэд хувийн өмч эзэмших, байгуулах, хяналт тавих эрхийн хязгаарлалт

Үл хөдлөх хөрөнгийг эс тооцвол, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид нь барилга байгууламж, хувьцаа, газар эзэмших эрх, аж ахуйн нэгж, хөдлөх хөрөнгө зэргийг байгуулах, худалдах, шилжүүлэх, үнэт цаас болгох зэрэг эрхийг адил тэгш эдэлдэг. Монгол Улс нь ерөнхийдөө гадаадын төрийн өмчит аж ахуйн нэгжээс бусад хөрөнгө оруулалтыг гадаадын иргэд эзэмших, хянахад хууль тогтоомж, зохицуулалтын хязгаарлалт тавьдаггүй. Уул уурхайн тухай хуулиар төрөөс “стратегийн” ач холбогдолтой гэж УИХ-аас тогтоосон ашигт малтмалын ордын 50 хүртэлх хувийг эзэмших боломжийг Засгийн газарт олгодог. 2019 оноос Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т стратегийн уул уурхайн төслүүдийн үр өгөөжийн “дийлэнх” хувь төрд ногдож байхаар зохицуулсан. Хөрөнгө оруулагчид Засгийн газраас уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй “үр өгөөж” гэсэн үгийн утгыг тодруулахыг хүлээж байгаа бөгөөд энэ үг нь төрийн албан тушаалтнуудын тайлбарлаж буйгаар ашиг гэсэн утгатай бөгөөд хөгжлийн хөтөлбөр, ажил эрхлэлт, технологийн шилжилт гэх мэт мөнгөн бус хувь хандивыг бас агуулж байж болох юм. Хөрөнгө оруулагчдын ажигласнаар зохицуулалтын хэт их эрх мэдэл нь хууль ёсны дагуу олгогдсон эрх, компанийн засаглалын шийдвэр, хувьцаа эзэмших зэрэг асуудлууд дээр de facto хуулийн хяналт тавих боломжийг албан тушаалтнуудад олгодог бөгөөд зарим тохиолдолд тэд хуулиар олгогдсон эрх хэмжээнээсээ гадуур дүрэм журам зохиодог гэж тэмдэглэжээ. Үүнээс гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гадаадын зарим төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг хориглосон ч Монгол Улсад хөрөнгө оруулалтыг шигшиж сонгох албан болон албан бус механизм байдаггүй.

Хөрөнгө оруулалттай холбоотой бусад бодлогын талаарх үнэлгээ дүгнэлт

Монгол Улс 2021 онд Дэлхийн Худалдааны Байгууллагын Худалдааны Бодлогын ээлжит үнэлгээг хийлгэсэн ((ДХБ| Монгол Улс).

Бизнесийг хөнгөвчлөх

Монгол Улсын бизнесийг бүртгэх үйл явц нэлээд ойлгомжтой тодорхой байдаг. Гадаад, дотоодын бүх аж ахуйн нэгж байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, зөвшөөрөл авах ёстой (https://burtgel.gov.mn/). Бүртгүүлэхээр хүсэлт гаргагчид нь шаардлагатай бүртгэлийн маягтуудыг цахимаар авч, цахим шуудангаар илгээж болно. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь өргөдөл, маягтыг хянан шалгаад, баталгаажуулах явцыг хоёр хоногийн хугацаанд хийхээр зорьж байна. Гэхдээ хөрөнгө оруулагчдын мэдээлснээр хүнд суртлын улмаас энэхүү үйл явц хэдэн долоо хоног, тэр ч бүү хэл хэдэн сараар хойшлогдоход хүрдэг бөгөөд холбогдох хууль тогтоомжийг илүү ил тодорхой дагаж мөрдвөл үйл явцыг дэс дараатай, оновчтой болгоно гэдгийг тэмдэглэж байв. Улсын бүртгэлийн ерөнхий газраас зөвшөөрөл авсны дараа компанийг Татварын ерөнхий газарт бүртгүүлэх ёстой (http://en.mta.mn/). Компани ажилтан авч эхэлмэгцээ Нийгмийн даатгалын ерөнхий газарт бүртгүүлэх ёстой (http://www.ndaatgal.mn/v1/).

Гэвч бизнес шинээр бүртгүүлэх хялбар дөхөм журам нь бизнесийг татан буулгахад харин хамаарахгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид болон хуулийн мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар хүнд суртал, шүүхийн үйл явц доод тал нь 18-24 сар үргэлжилдэг гэжээ.

Гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт

Монгол Улсын Засгийн газар гадагш чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжиж, урамшуулдаггүй ч дотоодын хөрөнгө оруулагчдыг гадаад руу хөрөнгө оруулахыг ерөнхийд нь хязгаарладаггүй. Гэхдээ улс төрийн хамаарал бүхий хувь хүн, тэдний гэр бүлийг давхар хянаж шалгаж, бүр гадаадад хөрөнгө оруулалт хийхийг хориглож болно.

2. Хоёр талын хөрөнгө оруулалт, татварын гэрээ

Монгол Улс нь Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын хооронд байгуулсан Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай АНУ-Монгол Улсын хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-ийг соёрхон баталсан хэдий ч Засгийн газар олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад нөлөөлөх шинэ хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэх, санал авах үүргээ бүрэн хэрэгжүүлэх тухайд таван жил гаруй хоцорч явна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн туслалцаатайгаар Монгол Улс нь боловсруулж буй хууль тогтоомжийн талаар олон нийтийн санал хүсэлтийг хүлээн авах төвлөрсөн платформ болох LegalInfo.mn (LegalInfo) цахим хуудсыг ажиллуулахад тодорхой ахиц дэвшил гаргасан боловч уг цахим хуудас бүрэн ажиллагаанд ороогүй байна. Ил тод байдлын хэлэлцээрийн хувийг дараах холбоосоор авах боломжтой: АНУ-Монгол Улсын Ил тод байдлын хэлэлцээр.

Монгол Улс, АНУ хоёр нь хоёр талын татварын болон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаагүй. Монгол Улсын бусад гэрээ хэлэлцээрийн талаар UNCTAD-аас үзнэ үү: Монгол Улсын Худалдаа, татварын гэрээ хэлэлцээрүүд. Монгол Улс нь мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын Татварын суурийг гажуудуулах, ашиг шилжүүлэх хүртээмжтэй тогтолцооны гишүүн бөгөөд 2021 оны 10-р сард дэлхийн татварын сорилтуудыг шийдвэрлэх хоёр тулгуурт шийдэл, тэр дундаа аж ахуйн нэгжийн татварын доод хэмжээг тогтоох тухай Хүртээмжтэй тогтолцооны хэлэлцээрт нэгдэн орсон (https://www.oecd.org/tax/beps/). Япон Улс, Монгол Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр 2016 онд хүчин төгөлдөр болсон. Монгол Улс мөн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (AПTA)-ийг соёрхон баталсан.

3. Хууль эрх зүйн тогтолцоо

Эрх зүйн зохицуулалтын тогтолцооны ил тод байдал

Хууль тогтоомжийн тухай хуулиар хэн хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлж болохыг, түүнчлэн хуулийн формат, Монгол Улсын парламент, засгийн газар, ерөнхийлөгчийн холбогдох үүргүүд, хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авч тусгуулах журам зэргийг тогтоож өгсөн байдаг. Хууль тогтоомжийн тухай хуульд хууль санаачлагчид болох УИХ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын сайд нар дараахь шалгуурыг хангасан байх ёстой гэж заажээ. Үүнд: (1) хууль тогтоомжийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлагыг судлан тогтоох тодорхой шат дарааллыг хангах; (2) хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой засгийн газарт гарах зардлыг тооцох аргачлалыг боловсруулах; (3) хэрэгжсэн тохиолдолд хууль тогтоомжийн олон нийтэд үзүүлэх үр нөлөөллийг үнэлэх; (4) хууль тогтоомжийг УИХ-д өргөн барихаас өмнө олон нийтээр хэлэлцүүлж, саналыг авах.

Хууль санаачлагчид нь хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг авах зорилгоор, мөн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцооны талаарх тайланг УИХ-ын албан ёсны цахим хуудас (Монгол Улсын Их Хурал/Төслүүд)-нд хууль тогтоомжийн төслийг УИХ-д өргөн барихаас 30-аас доошгүй хоногийн өмнө нийтлэх ёстой. Ийнхүү нийтлэхдээ олон нийтээр хэлэлцүүлж, санал авах цаг хугацааг тодорхой зааж өгөх ёстой. Хууль санаачлагчид нь саналыг бичгээр авах, олон нийтийн хурал уулзалтууд зохион байгуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан санал авах, олон нийтийн дунд санал асуулга явуулах шаардлагатай. Олон нийтээр хэлэлцүүлж, санал авах хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор хууль санаачлагчид бүх санал дүгнэлтийг тусгасан хүснэгтийг бэлтгэж, түүндээ хуулийн төслийг боловсруулахад ашигласан болон ашиглаагүй саналуудыг ч багтаан УИХ-ын албан ёсны цахим хуудсанд байршуулах ёстой. Хууль тогтоомж батлагдсаны дараа УИХ хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөөг хянах, үнэлэх ёстой. Хөрөнгө оруулагчдын мэдээлж буйгаар хууль тогтоогчид эдгээр шаардлагыг нэгбүрчлэн хэрэгжүүлдэггүй боловч ихэнх хууль тогтоомжийг батлахаас өмнө УИХ-ын цахим хуудсанд нийтэлсэн байдаг. Хуульд заасан эдгээр шаардлагыг яам, агентлагууд биелүүлээгүй гэдгийг бизнесийнхэн хэлж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 6-р зүйлд Монгол Улсын хууль тогтоомжийн төсөл боловсруулах үйл явцыг Ил тод байдлын хэлэлцээрт тусгагдсан үүрэг амлалттай уялдуулж байгаа боловч хөрөнгө оруулагчдын мэдээлснээр Засгийн газар энэ амлалтаа ерөнхийдөө хэрэгжүүлж чадахгүй байна. Ил тод байдлын хэлэлцээрийн дагуу хууль санаачлагчид нь хууль тогтоомжийн төслүүдийг үндэсний хэмжээнд гардаг сэтгүүлд буюу LegalInfo.mn (LegalInfo)- д байршуулж, олон нийтийн саналыг авах ёстой. Хуулийн төсөл санаачлагчид нь олон нийтээс өгсөн чухал санал зөвлөмжүүдийг тэмдэглэн авч, тайлагнаж, тэдгээрт хариу өгөх ёстой. Хууль зүй, дотоод хэргийн яам нь хууль тогтоомжийн төсөл боловсруулах үйл явц бүр Захиргааны ерөнхий хуультай нийцэж байгаа эсэхийг тухайн хууль тогтоомж хүчин төгөлдөр болохоос өмнө хянан баталгаажуулах ёстой. Ийнхүү баталсны дараа засгийн газрын холбогдох агентлаг хэрэгжилт, үр нөлөөг нь хянана.

Түүнчлэн бизнес эрхлэгчид орон нутгийн буюу аймаг, сум, дүүргийн түвшинд эрх зүйн зохицуулалттай холбоотой дарамт хүндрэл их байдаг талаар гомдол гаргадаг. Тэд нийслэл, аймаг, сум дүүргийн түвшинд хууль тогтоомжийг тогтвортой, уялдаа холбоотой хэрэглэдэггүй, орон нутгийн байцаагчдын хууль тогтоомжийн талаарх мэдлэг дутмаг байгааг тэмдэглэжээ. Ялангуяа аймаг, орон нутгийн татвар, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан байцаагчид дээр асуудал их байдаг гэдгийг онцолжээ. Монгол Улсын “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс жил бүр орон нутагт хууль тогтоомжтой холбоотой дарамт хүндрэл ямар байгааг эрэмбэлэн гаргадаг: http://en.aimagindex.mn/competitiveness.

Монгол Улсын Шилэн төсвийн тухай хууль гэж нэрлэгддэг хуулиар төрийн бүх түвшний байгууллагуудыг төлөвлөсөн болон зарцуулсан бүх төсвөө олон нийтэд нээлттэй мэдээлж байршуулахыг шаарддаг бөгөөд бизнес эрхлэгчид болон ил тод байдлын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг хуулийг ерөнхийдөө дагаж мөрдөж байна. Гэвч УИХ онцгой байдлын үед болон төсвийн тухай хуулийн төслүүд дээр ил тод байдлын эдгээр шаардлагуудаас чөлөөлж болох бөгөөд КОВИД-19 цар тахлын үед буюу 2020, 2021 онд хэд хэдэн удаа ийнхүү чөлөөлжээ.

Засгийн газар ил тод байдалд түлхэц болох, эсвэл хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдэд чанартай ба чанар муутай хөрөнгө оруулалтыг ялгахад нь туслахын тулд компаниудын байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын мэдээллийг ил тод байлгахыг дэмжиж, шаарддаггүй. Гэсэн хэдий ч засгийн газар дижитал жетон, криптовалют зэрэг өндөр эрсдэлтэй үнэт цаасанд хөрөнгө оруулах эрхийг мэргэжлийн хөрөнгө оруулагчид болон бусад өндөр орлоготой хувь хүмүүст хязгаарладаг.

Олон улсын эрх зүйн зохицуулалтын асуудлууд

Монгол Улс нь бүс нутгийн эдийн засгийн аливаа холбооноос ерөнхийдөө зайлсхийдэг ч 2021 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (AПTA)-т нэгдэн орсон. Түүнчлэн Монгол Улс нь барилгын материал, хүнс, байгаль орчны холбогдолтой эрх зүйн зохицуулалт дээр европын стандарт, хэм хэмжээг дагаж мөрдөхийг эрмэлздэг, нүүрс-устөрөгчийн салбарт АНУ-ын стандартыг дагадаг, уул уурхайн салбарт Австрали, Канадын стандарт, хэм хэмжээг хослуулан дагаж мөрддөг. Мөн Монгол Улс нь мал, амьтны эрүүл мэндтэй холбоотой зохицуулалт дээрээ Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын стандартыг ашиглах хандлагатай байна. Монгол Улс нь ДХБ-ын гишүүн бөгөөд техникийн зохицуулалттай холбоотой бүх төслөө ДХБ-ын Худалдаан дахь техникийн саад тотгорын хороо (TBT)-нд мэдээлэх үүрэг хүлээдэг.

Эрх зүйн тогтолцоо ба шүүхийн хараат бус байдал

Хөрөнгө оруулагчдын хэлснээр шүүгчид бизнесийн маргаантай холбогдох шийдвэрүүдээс байнга зайлсхийж, шүүх хуралдааныг аль болох удаан, заримдаа хэдэн жилээр ч хойшлуулах хандлагатай гэжээ. Шийдвэр гарсан байлаа ч бизнес эрхлэгчид шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд мөн л удаан хугацаагаар хүлээх, хойшлогдох асуудалтай тулгардаг. Зарим тохиолдолд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх гэсээр байтал маргааны нөгөө тал хөрөнгөө аль хэдийн зарж борлуулаад алга болсон байдаг. Хөрөнгө оруулагчид мөн Татварын маргаан таслах зөвлөл, бусад хяналт шалгалтын байгууллагуудын хурал, ялангуяа ашигт малтмалын лиценз, эрүүл мэндийн асуудалтай холбоотой хяналт шалгалтын байгууллагууд дээр үүнтэй ижил удаан хугацаагаар хойшлогдох, хүлээх явдал байгааг тэмдэглэж байна.

2021 онд УИХ-аас Шүүхийн тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэн шинэчлэн найруулсан. Энэ хуулиар шүүгчийг сонгох, огцруулахад Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн зүгээс нөлөөлөх эрхийг хязгаарлаж, гэмт хэргийн шинжтэй үйлдлээс бусад тохиолдолд шүүгчдэд сахилгын хариуцлага хүлээлгэх үүргийг Шүүхийн сахилгын зөвлөлд даалгасан. Хөрөнгө оруулагчид эдгээр шинэчлэлийг сайшаан хүлээн авч, шүүхийн хараат бус байдлыг сэргээхэд ихээхэн тус дөхөм болж байна гэж үзэж байна.

Монгол Улсад мөрдөгддөг иргэний эрх зүй-нийтлэг эрх зүйн холимог тогтолцооны дагуу анхан шатны шүүхийн шүүгчид ижил төстэй хэргийг хянан шийдвэрлэхдээ өмнөх тогтоол шийдвэрийг ашиглаж болох боловч хуулийн ийм жишгийг дагаж мөрдөх үүрэг хүлээдэггүй. Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх журамд ч шүүх болон прокурораас гаргах тайлбар, хэрэглээнд яв цав баримтлах тодорхой заалт ихэнхдээ байдаггүй. Бүх шатны шүүх нь шүүх үйл ажиллагааны ямар ч үед тухайн бодит нөхцөл байдал, эсвэл хууль тогтоомжийн аль алинаар нь шийдвэр гаргаж болдог.

Монгол Улс нь гэрээний тухай хууль тогтоомжтой боловч арилжааны үйл ажиллагааг хариуцах тусгайлсан шүүх гэж байдаггүй. Гэрээний эрх зүйн маргааныг ихэвчлэн дүүргийн шүүхийн Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэдэг. Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг. Маргалдагч талууд нийслэлийн шүүхэд, эцэст нь Монгол Улсын Дээд шүүхэд давж заалдаж болно. Монгол Улс нь иргэд, гадаадын оршин суугчид, аж ахуйн нэгжүүдээс төрийн захиргааны байгууллагын шийдвэр актын эсрэг гаргасан гомдол маргааныг хянан шийдвэрлэдэг хэд хэдэн төрөлжсөн захиргааны шүүхтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь үндсэн хуультай холбоотой асуудлаар шийдвэр гаргадаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь шийдвэр, захирамжийг хэрэгжүүлдэг.

Захиргааны хэргийн шүүх ажиллагааны хувьд чадварлаг, шударга, тууштай байдаг ч Иргэний хэргийн шүүхүүд маш зөрчилтэй шийдвэр гаргадаг гэдгийг хөрөнгө оруулагчид болон хуулийн салбарын мэргэжилтнүүд хэлж байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж

2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Монгол Улсад ажиллаж буй хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн ерөнхий хүрээг тогтоожээ. Уг хуулиар гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын иргэдтэй адил хөрөнгө оруулалтын боломж нөхцлөөр хангагдаж, дотоодын хөрөнгө оруулагчдын адил эрхээ хамгаалуулна. Хөрөнгө оруулагчийн иргэний харьяалал биш, харин байнга оршин суух газраар нь гадаадын, эсвэл дотоодын хөрөнгө оруулалттай эсэхийг тодорхойлдог. Хуулиар хөрөнгө оруулагчдад татварын илүү тогтвортой орчин бүрдүүлж, татварын болон бусад урамшуулал авах нөхцлийг бүрдүүлж өгнөөс гадна бүх хөрөнгө оруулагч нар Улсын бүртгэлийн ерөнхий газар (www.burtgel.gov.mn)-аас нэг мөр бүртгэл зөвшөөрлөө авахаар зохицуулжээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар татварын хувь хэмжээг тогтворжуулах гэрчилгээ хэлбэрээр татварын урамшуулал олгодог бөгөөд шаардлага хангасан компаниудад 27 хүртэлх жилийн хугацаанд татварын таатай нөхцлийг бүрдүүлдэг. Хамрагдах татваруудад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, онцгой албан татвар, гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг багтаж байна.

Хөрөнгө оруулалттай холбоотой зохицуулалтууд дээр иргэний харьяааллаас нь шалтгаалан өөр ханддаг үндсэн хоёр асуудлыг хөрөнгө оруулагч нар хөндөн тавьдаг. Нэгдүгээрт, гадаадын иргэн, аж ахуйн нэгж үл хөдлөх хөрөнгө өмчлөхгүй, зөвхөн Монгол Улсын насанд хүрсэн иргэд үл хөдлөх хөрөнгө өмчилж болно гэсэн асуудал. Гадаадын хөрөнгө оруулагчид газар ашиглах эрхтэй боловч энэ эрх нь тодорхой хугацааны дараа дуусгавар болох бөгөөд дахин сунгагдах нөхцөл нь хязгаарлагдмал. Төр засгийн албан тушаалтнуудын мэдээлснээр зарим тохиолдолд хот, аймаг, төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалтнууд газар ашиглах эрхийн хязгаарлалтаас чөлөөлж болох ба хөрөнгө оруулагчид энэ чөлөөлөлтөд хэрхэн өргөдөл гаргах талаар холбогдох агентлаг, яаманд хандаж, асуудлаа шийдэхийг зөвлөжээ. Аливаа нэг бизнест гадаадын хөрөнгө оруулагч тус бүр доод тал нь 100,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн зохицуулалтын шаардлагыг гадаадын хөрөнгө оруулагч нар эсэргүүцэж байна. Хэдийгээр Хөрөнгө оруулалтын тухай хуульд ийм шаардлага байхгүй боловч Монгол Улсын хууль сахиулагчид Монголын хөрөнгө оруулагчдад ийм шаардлагыг тавихгүй мөртлөө гадаадын бүх хөрөнгө оруулагчдад тулгаж байна.

Эдийн засаг, хөгжлийн яам хөрөнгө оруулагчдад виз, татвар, нотариат, бизнесийн бүртгэлийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг “Хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цонхны үйлчилгээ”-г удирдан явуулдаг (https://investmongolia.gov.mn/). Эдийн засаг, хөгжлийн яамнаас 2022 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих нэгж шинээр байгуулж, нэг цонхны үйлчилгээний чиг үүргийг хэрэгжүүлнэ гэдгээ олон нийтэд зарласан ч хэзээ гэдэг нь тодорхойгүй байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль

Монгол Улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөнтэй холбоотой асуудлаар дотоодод хийгдэж буй үйл ажиллагааг хянан үздэг. Агентлагийн талаарх мэдээллийг ШӨХТГ -аас авна уу. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 онд АНУ-ын ГШХО-д нөлөөлсөн өрсөлдөөний талаар ямар нэг тохиолдол мэдээлээгүй. АНУ-ын хөрөнгө оруулагчид ШӨХТГ нь дүрэм журам, зохицуулалтаа ил тод хэрэгжүүлдэг гэж ерөнхийд нь үзэж байгаа ч тус агентлаг гадаадын ашиг сонирхлоос дотоодын эдийн засгийн ашиг сонирхлыг илүүд үздэг гэдэгт санаа зовниж байна. ШӨХТГ-ын шийдвэрийг шүүхэд давж заалдаж болно.

Өмч хөрөнгийг албадан хураах ба нөхөн төлбөр

Бүх шатны төрийн байгууллагууд эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдал, түүхэн дурсгалын хадгалалт, байгаль орчныг хамгаалах зорилгоор газар ашиглах эрхийг хурааж, өөрчлөх эрхтэй. Монгол Улсын үндсэн хуулиар хувь хүний өмчлөх ба бусад үүсмэл эрхийг баталгаажуулж өгсөн бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжоор төр, засгаас аливаа өмч хөрөнгийг зохих ёсны, зах зээлд суурилсан нөхөн төлбөр төлөхгүйгээр хурааж авахыг хориглодог. Хөрөнгө оруулагчид зарчмын хувьд ийнхүү хурааж авах тал дээр бага зэрэг санал зөрж буйгаа илэрхийлдэг бөгөөд улс, аймаг, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын эрх мэдлийг тодорхой зааж, ялгаж өгөөгүйгээс өмч хөрөнгө, ашиглалтын эрхээ алдахад хүрсэн бодит тохиолдол гарсныг хэлж байна. Жишээ нь, Ашигт малтмалын тухай хуулинд газар ашиглах зөвшөөрөл, тусгай зориулалтын эрх олгох чиглэлээр сум, аймаг орон нутаг, улсын эрх мэдлийн зааг ялгааг тодорхой заагаагүй. Төрийн байгууллагуудын янз бүрийн түвшин дэх эрх мэдлийн тодорхой бус байдал, дүрэм журмыг хэрэглэх, тайлбарлах практик харилцан адилгүй байгаа зэрэгтэй тулгарсан хөрөнгө оруулагчид хуулиар олгогдсон эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжгүй болж магадгүй юм.

Өмч хөрөнгийг хураан авах зарим тохиолдол нь гуравдагч этгээдэд хамаарах эрүүгийн хэргийн шүүх хуралдааны дараах шүүхийн албадан хураах ажиллагаа байдаг бөгөөд хөрөнгө оруулагчдыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн оролцохыг хориглох боловч зөвхөн “иргэний хариуцагч”-аар ирэхийг шаарддаг. Эдгээр тохиолдолд төрийн албан тушаалтнууд авлигын хэрэгт буруутгагдан, өмч хөрөнгө, тусгай зөвшөөрлийг хууль бусаар олж авсан эсэхийг нь шүүхээр тогтоолгүйгээр эрүүгийн хэрэгт буруутгагдаж буй этгээдээс давуу эрх авсан тул иргэний хариуцагчийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл, өмч хөрөнгийг хураах, эсвэл татварын торгууль, шийтгэл төлөх үүргийг түүнд оногдуулдаг.

Татварын маргааныг шийдвэрлэх үйл явц нь өмчийг шууд бусаар хураан авах арга хэлбэр болсон гэж бизнес эрхлэгчид үзэж байна. 2020 онд Татварын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр татварын асуудлаар маргаан үүсгэхийн тулд маргалдагч тал урьдчилсан болзолт нөхцлийн дагуу маргаантай татварын тооцоог бүхэлд нь эскроу буюу дундын дансанд байршуулах шаардлагыг татварын байцаагч тавих эрхтэй болсон. Энэ нь хэрэв маргаан шийдвэрлэх ажиллагааг ашиглавал хэт өндөр өртөгтэй, хураалгахад хүргэдэг шийтгэл маягийн татварын хяналт шалгалтыг явуулахад түлхэц болж байна.

Маргаан шийдвэрлэх

ХОМШОУТ конвенц ба Нью-Йоркийн конвенц

Монгол Улс Вашингтоны конвенцийг соёрхон баталж, 1991 онд Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх олон улсын төв (ХОМШОУТ), 1994 онд Нью-Йоркийн конвенцид нэгдсэн. Мөн хэд хэдэн маргаантай асуудлаар олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Монголын хууль тогтоомж нь ХОМШОУТ болон Нью-Йоркийн конвенцийн дагуу шүүхийн шийдвэрийг дотооддоо хэрэгжүүлэхийг зөвшөөрдөг.

Хөрөнгө оруулагч-Улс хоорондын маргааныг шийдвэрлэх

АНУ-Монгол Улсын хооронд байгуулсан 1997 оны Хоёр талт хөрөнгө оруулалтын гэрээний дагуу (US-Mongolia BIT) хоёр улс нь засгийн газраас аль аль улсын иргэдэд хамаарах хөрөнгийг хураах, нөхөн төлбөр олгох асуудлаар олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээг хүндэтгэнэ гэсэн бөгөөд Монгол Улсад буй АНУ-ын хөрөнгө оруулагчдыг санхүүгийн алдагдлаас хамгаалах хамгаалалтын нэмэлт арга хэмжээ авахаар тохиролцсон.

Засгийн газартай холбоотой хэрэг маргаан дээр засгийн газрын зарим албан тушаалтан, улстөрчид захиргааны болон шүүхийн маргаан шийдвэрлэх явцад хөндлөнгөөс оролцож байгаа тухай хөрөнгө оруулагчид мэдээлдэг. Ийнхүү хөндлөнгөөс оролцож болзошгүй хэрэг маргааныг гадаадын хөрөнгө оруулагчид ерөнхийд нь гурван ангиллаар тодорхойлдог. Нэгдүгээрт, хувь этгээдүүдийн хооронд гарсан маргаан дээр шүүх хурлын өмнө Монголын тал нь засгийн газар, шүүх, хууль сахиулах, хэвлэл мэдээлэл, прокурорын байгууллагууд дахь танил тал, харилцаа холбоогоо ашиглан, өөрсдийн шаардлагыг гадны талаараа албадан зөвшөөрүүлж болзошгүйг хөрөнгө оруулагчид анхааруулж байна. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчид болон Монголын засгийн газар хоорондын шууд маргааны үед Засгийн газар бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох бүрэн эрхээ шаардаж болох ба учир нь Монгол Улсын Засгийн газар өөрөө өрсөлдөгч төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) ажиллуулдаг, эсвэл ажиллуулах сонирхолтой байдаг. Түүнчлэн төрийн албан тушаалтнууд олон нийтэд ил болгоогүй бизнесийн ашиг сонирхолтой байдгаас гадна холбогдох дүрэм журам, хууль тогтоомжийг мөрддөггүй. Гуравдугаарт, Монгол Улсын татварын байгууллагын албан тушаалтнууд, прокурорууд гадаадын аж ахуйн нэгжийн эсрэг өндөр инфляцтай гэх, хуулийн үндэслэл муутай татвар ногдуулж, иргэний болон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмаар сүрдүүлэн, нэн даруй төлөхийг шаарддаг маргаанууд ордог.

Хөрөнгө оруулагчдын мэдээлж буйгаар орон нутгийн шүүхүүд нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, мөрддөг боловч хэрэгжүүлэх тал дээр бэрхшээл тулгардаг. Цөөхөн орон тоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ) нь иргэний болон эрүүгийн хэргийн шүүхийн захирамжийг хэрэгжүүлдэг. Тус газрын албан хаагчид нь ихэвчлэн ажилладаг харьяаллынхаа нутаг дэвсгэрт оршин суудаг бөгөөд найз нөхөд, мэргэжил нэгтнүүдийнхээ дарамт шахалтад өртдөг. Ажил үүргээ тайлагнах бүтэц зохион байгуулалт нь төвөгтэй, ашиг сонирхлын зөрчил үүсэх боломжтой зэрэг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын өмнөөс шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцад ШШГЕГ-ын эрч хүчийг сулруулж болзошгүй юм.

Монгол Улс хувийн хэвшлээс уул уурхайн эрхийг булаан авсан, хэт өндөр татвар ногдуулсан асуудлаар олон улсын арбитрын шүүхэд өмнө нь болон одоо үргэлжилж буй хэд хэдэн нэхэмжлэлд нэхэмжлэгч, хариуцагчаар оролцсон. Засгийн газар арбитрын шүүхэд ялагдах бүртээ гадаадын хөрөнгө оруулагчидтай тодорхой хэмжээний хэлэлцээр хийсний эцэст гаргасан шийдвэр бүрийг биелүүлсээр ирсэн.

АНУ-ын хөрөнгө оруулагчид ашиг сонирхлынх нь эсрэг шүүхээс гадуурх ажиллагаа явагдаагүй гэдгийг мэдээлсэн. Оюу толгойн зэс, алтны уурхай нь Монголын хөрөнгө оруулалтын орчныг тэргүүлсэн хэвээр байна. Уурхай бүрэн олборлолтод хүрвэл Монгол Улсын ДНБ-ий 25 хувийг үйлдвэрлэх боломжтой. Олон хөрөнгө оруулагч Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгойн хооронд 2021 онд тохиролцоонд хүрч, зарим маргааныг шийдвэрлэсэн явдал нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны дүр төрхийг олон улсын хэмжээнд сайжруулж байна гэж харж байна.

Олон улсын арилжааны арбитрын болон гадаадын шүүхүүд

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн комисс (UNCITRAL)-д үндэслэн баталсан Монгол Улсын Арбитрын тухай хуульд Монгол Улсад суурилсан арбитрын үйл ажиллагаанд мөрдөгдөх тодорхой дүрэм журам, хамгаалалтыг тусгасан байдаг. Гэсэн хэдий ч хууль нь маргаанд оролцогч бүх талын ашиглах ямар нэг байгууллагыг зааж өгөөгүй. Хуулийн тусгай шаардлагыг хангасан ямар ч байгууллага арбитрын үйлчилгээ үзүүлэх боломжтой.

Арбитрын тухай хуулиар арбитрын ажиллагаанд Монгол Улсын шүүхүүдийн гүйцэтгэх үүргийг хязгаарласан. Талууд Монгол Улсын Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд нэг л удаа давж заалдах эрхтэй. Энэ шүүхээс арбитрын шүүхийн шийдвэрийг “ноцтой” процедурын алдаа, төрийн албан ёсны бодлоготой зөрчилдсөн гэж үзсэн тохиолдолд л цуцалж болно.

Орон нутгийн шүүхүүд гадаад, дотоодын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шийдвэр гүйцэтгэхийг тушаана. Гэхдээ энэхүү тайлангийн Эрх зүйн тогтолцоо ба шүүхийн хараат бус байдлын хэсэгт дурдсан шалтгааны улмаас хохирол барагдуулах ажиллагааг удаашруулж, бүр санаатайгаар тасалдуулж ч болзошгүй.

Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын төрийн өмчит аж ахуйн нэгж (ТӨҮГ)-ийн эсрэг зарга үүсгэх юм бол тэднийг эргүүлээд ялгаварлах хандлага байдгийг илэрхийлсэн. Бидний мэдэж байгаагаар, Монгол Улсын шүүхэд гадаадын ямар ч нэхэмжлэгч ТӨҮГ-ыг давж байгаагүй. Монголд ажилладаг хуулийн мэргэжилтнүүдийн хэлснээр, гадаадын хөрөнгө оруулагчид болон экспортлогчид хэт захирангуй, ил тод бус шүүхийн шийдвэртэй тулгарахаас эхлээд шүүгчдийн зүгээс шууд ялгаварлан гадуурхалтыг ч амсдаг гэжээ.

Монголын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдтэй заргалдах болвол хууль ёсны, шүүхийн бус маргаан шийдвэрлэх механизм ашиглахыг ихэнх хөрөнгө оруулагчид болон хуулийн мэргэжилтнүүд зөвлөж байна.

Дампуурлын зохицуулалтууд

Дампуурлын тухай хууль нь дампуурлыг шүүхээр шийдвэрлүүлэх иргэний хэрэг гэж үздэг. Монгол Улс үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгийн барьцаа (ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, оюуны өмчийн эрх, ашиглалтын бусад эрх), хөдлөх эд хөрөнгө (автомашин, тоног төхөөрөмж, мал, авлага, бусад үнэт зүйлээр баталгаажсан эд зүйлс) моргежийн болон бусад өрийн хэрэгслийг бүртгэхийг зөвшөөрдөг. Хөрөнгө оруулагчид хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг үнэт цаасжуулж болох боловч дотоодын хуулийн фирмүүдийн үзэж буйгаар дампуурлыг шийдвэрлэх ажиллагаа нь практик дээр хэрэглэхэд хэтэрхий бүрхэг, төвөгтэй, цаг хугацаа шаардсан хэвээр байна гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэхэд ихэвчлэн 18 сараас багагүй хугацаа шаардагддаг бөгөөд 36 сар болох нь ч цөөнгүй тохиолддог гэж мэдээлсэн ба хуулийн зөвлөхүүдийн хэлснээр давж заалдах ажиллагаа нь удаан хугацаагаар үргэлжилж, авлига, төр засгаас хөндлөнгөөс оролцох зэргээр олон жилээр хойшлогдож болзошгүй байдаг. Түүгээр ч зогсохгүй, шүүх дээр хэлэлцэгдэж байх хугацаанд хүүгийн төлбөрийг нь түдгэлзүүлж, өмч хөрөнгөндөө нэвтрэх эрхийг нь хязгаарлах асуудалтай зээлдэгч тулгардаг.

4. Аж үйлдвэрлэлийн бодлого

Хөрөнгө оруулалтын урамшуулал

Засгийн газар ерөнхийдөө гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ижил төрлийн татварын хөнгөлөлт үзүүлдэг. Нэн шаардлагатай түлш, хүнсний бүтээгдэхүүний импорт болон хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг зорилтот салбарын импортын татвараас хааяа чөлөөлдөг. Монгол Улсын импортын 5 хувийн татвар, 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-д хөнгөлөлт үзүүлж болно. Засгийн газар уламжлалт болон ногоон эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, тухайлбал сэргээгдэх эрчим хүчний тариф, цахилгааны үнийн хөнгөлөлт, татварын хөнгөлөлт зэрэг урамшууллыг санал болгож болно. Мөн Засгийн газраас ашигт малтмал боловсруулах, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг салбар дахь хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлтийг зарим тохиолдолд олгож болно. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсад зохих ёсоор бүртгүүлэн, татвараа төлж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд дотоодын компаниудын нэгэн адилаар хөрөнгө оруулалтыг урамшуулах багц хөтөлбөрт хамрагдаж, зарим хөнгөлөлт, түүний дотор 27 хүртэлх жилийн хугацаанд татварын тогтворжилтын хөнгөлөлт эдлэх боломжтой. Засгийн газар онолын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтын төсөл дээр батлан даалт гаргах, хамтран санхүүжүүлэх боломжтой байдаг ч практикт үүнийг хийх нь ховор.

Гадаад худалдааны бүс/Чөлөөт бүсийн боомт/Худалдааг хөнгөвчлөх

Монгол Улсын Засгийн газар 2004 оноос чөлөөт худалдааны бүсийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Транссибирийн хурдны зам болон төмөр замын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байрладаг чөлөөт худалдааны хоёр бүс нь: (1) хойд хил буюу Монгол Улс-ОХУ-ын хил дээрх Алтанбулаг хот; (2) өмнөд хил буюу Монгол Улс-БНХАУ-ын хил дээрх Замын-Үүд хот юм. Худалдааны чөлөөт бүсүүд нь хоёулаа харьцангуй идэвхгүй бөгөөд хөгжүүлэх шаардлагатай. Чөлөөт худалдааны гурав дахь бүс нь баруун тийш ОХУ-тай хиллэдэг Баян- Өлгий аймгийн Цагааннуурын боомтод байрладаг. Монголын албаны хүмүүсийн хэлснээр, одоо байгаа чөлөөт худалдааны бүсүүдийн зарим онцлог шинж чанарыг агуулсан Эдийн засгийн тусгай бүсийг Улаанбаатарын олон улсын шинэ нисэх буудал орчимд байгуулж, одоогоор хараахан тодорхой болоогүй байгаа ч өргөн хүрээний урамшууллыг бий болгож болох юм.

Гүйцэтгэл ба өгөгдлийг нутагшуулах шаардлага

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдаас дотоодын бараа, үйлчилгээ, өмч хөрөнгө ашиглах, импортыг орлох үйл ажиллагаа эрхлэхийг ерөнхийдөө шаарддаггүй. Гадаадын болон дотоодын бизнес эрхлэгчдийн аль аль нь бүтээгдэхүүний тодорхой хувийг экспортлох, эсвэл экспортыг нөхөхийн тулд гадаад валют ашиглах шаардлагагүй. Засгийн газраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хилийн аюулгүй байдал, байгаль орчны асуудлууд, орон нутагт ашиглагдах эрхүүдийн талаар газарзүйн хувьд ижил хязгаарлалтуудыг тавьдаг. Засгийн газраас АНУ-ын хөрөнгө оруулагчдын виз, оршин суух болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл зэрэг дээр хатуу чанга, ялгаварлан гадуурхсан шаардлагыг тавьдаггүй. Гэхдээ гадаад, дотоодын компаниуд нь ажиллаж буй салбараасаа хамаарч орон нутгийн иргэдийг ажилд авах ёстой гэсэн шаардлагыг хангах ёстой.

Монгол Улсын засгийн газар, ялангуяа байгалийн баялгийн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг дотоодоос нөөц, эх үүсвэр татахыг хөхиүлэн дэмждэг боловч хуулиар шахаж шаарддаггүй. Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь олборлосон ашигт малтмалаа зах зээлийн үнээр Монголын боловсруулах үйлдвэрүүдэд давуу эрхээр нийлүүлж, бараа, ажил үйлчилгээ худалдан авах, Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжээс туслан гүйцэтгэгч ажиллуулах ёстойг заасан. Хэдийгээр дотоодоос нөөц, эх үүсвэрээ авах талаар хууль эрх зүйн шаардлага байхгүй ч хөрөнгө оруулагчдын мэдээлснээр дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүд өөрсдөө ийм хүчин чармайлт гаргахаас нааш улс, аймаг, орон нутгийн захиргаа зөвшөөрөл, лиценз олгохдоо хойрог ханддаг гэжээ. Монгол иргэдийг ажилд авах нь ихэвчлэн де факто хуулийн шаардлага байдлаар хэрэгждэг, учир нь Засгийн газар заримдаа ажил олгогчид дотоодоос ажилчид авах оролдлого хийсэн тохиолдолд л гадаад ажилчдад ажлын виз олгодог. Энэ шаардлага нь захирлуудын зөвлөлийн гишүүдэд хамаарахгүй.

Дотоодоос нөөцөө бүрдүүлэх шахалтыг эс тооцвол гадаадын хөрөнгө оруулагчид нь засгийн газрын тогтоосон квот, шаардлагад санаа зоволгүйгээр ерөнхийдөө өөрсдийн экспорт, үйлдвэрлэлийн зорилтоо тодорхойлж явдаг. Монгол Улс нь технологийн шилжилт шаарддаггүй, харин ч дэмждэг. Засгийн газар ерөнхийдөө томоохон худалдан авалтад оффсет буюу дотоодоос худалдан авах шаардлагыг тавьдаггүй. Технологи, оюуны өмч, санхүүжилт дээр засгийн газар биш, ерөнхийдөө хөрөнгө оруулагчид өөрсдийн хүссэнээр шийддэг. Ашигт малтмалын тухай хуулийн нэгэн заалтаар Монголд бүртгэлтэй уул уурхайн компанийн хувьцааны 10 хувийг Монголын хөрөнгийн бирж дээр бүртгүүлэхийг шаарддаг боловч төдийлөн хэрэгждэггүй. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг хувьцаагаа Монголын зах зээлд зарж борлуулахыг шаарддаггүй. Хувьцаа нь ерөнхийдөө монгол, эсвэл гадаадын хөрөнгө оруулагчдын үзэмжээр хийгддэг. Хөрөнгө оруулалт нь үндэсний эдийн засаг, улс төр, аюулгүй байдал, нийгэмд нөлөөлж болзошгүй тохиолдолд засгийн газар хуулийн тодорхой үндэслэлгүйгээр гадаадын хөрөнгө оруулагчдын ашиглаж болох санхүүжилтийн төрөл, хамтрагч түншүүдээ сонгох, эсвэл хувьцаа, бондоо зарж борлуулах дээр хязгаарлалт тавьдаг.

Засгийн газраас дата мэдээллийг дотоодод хадгалахыг шаарддаггүй бөгөөд эрүүгийн хянан шалгах ажиллагаанаас бусад тохиолдолд эх кодоо шилжүүлэх, эсвэл тандалтын зорилгоор нэвтрэх эрхээ өгөхийг мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгчээс хуулиар тулгаж шаарддаггүй. Бизнес эрхлэгчид нь дата мэдээллийг нутагшуулах шаардлагад хамаарах санхүүгийн мэдээллээс бусад тохиолдолд үйлчлүүлэгч болон бизнестэй холбоотой бусад мэдээллийг гадаадад чөлөөтэй дамжуулж болно.

5. Өмчийн эрхийг хамгаалах 

Үл хөдлөх хөрөнгө

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “Төр олон нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрнө” гэж заасан байдаг. Хуулиар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг Монгол Улсын насанд хүрсэн иргэд эдлэхээр хязгаарлаж өгсөн. Монгол Улсын иргэний хууль тогтоомжоор одоогийн өмчлөгч болон эзэмшигч нь тухайн эд хөрөнгийг, эсвэл эрхийг ашиглахгүй байгаа бол Монгол Улсын өөр иргэн, төрийн байгууллага эд хөрөнгийг өмчлөх, ашиглах эрхийг шилжүүлэн авч болохыг заасан байдаг. Ашиглах эрхийг цуцлах, шилжүүлэхээр болвол ихэнх тохиолдолд тухайн эрхэд хамаарах гэрээг албан ёсоор бичгээр үйлддэг. Зарим дураараа суурьшигч этгээд тодорхой нөхцөлд эзэнгүй, ашиглагдаагүй барилга байгууламжийг өмчилж авахаар хүсэлт гаргаж болно.

Гадаадын хөрөнгө оруулагчид нь газар дээр буй биет барилга байгууламжийг өмчилж, газар ба баялгийг ашиглах эрхийг эдлэх боломжтой ч зөвхөн Монгол Улсын иргэд үл хөдлөх хөрөнгийг, зөвхөн хот суурин газарт өмчлөх эрхийг эдэлнэ. Газар өмчлөх нь газрын хэвлий, газрын доорх баялгийг өмчлөх, түүнд нэвтрэх эрхгүй бөгөөд эдгээр нь зөвхөн төрийн мэдэлд байна. Хот суурингийн газраас бусад газар, түүний баялаг нь гагцхүү төрийн мэдэлд байх ба төр эдгээр баялгийг нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад түрээсэлж болно.

Барилга байгууламжийг өмчлөх эрхийг дагалдан уг барилга байгууламжийн доор буй газрыг ашиглах эрх нь тухайн өмчлөгчид очиж болно. Газар ашиглах эрхийг тухайн ашиглалтын эрхээс хамааран 3-60 жилийн хугацаагаар олгоно. Гэхдээ гадаадын иргэн, гадаадын компаниуд газар ашиглах эрхийг 10 жилээс илүүгүй хугацаагаар түрээслэх ба таван жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах боломжтой.

Хэдийгээр Монгол Улс үл хөдлөх эд хөрөнгө, барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг сайн хийдэг боловч ашиглах эрхийн нэгдсэн бүртгэл байдаггүй учраас хөрөнгө оруулагч нар, ялангуяа Монголын хөдөө нутагт хөрөнгө оруулалт хийх хүмүүс эрхийн зөрчил байгаа эсэхийг олж мэдэх арга байдаггүй. Монгол Улсын иргэний эрх зүйн тогтолцоогоор хөрш зэргэлдээ буюу залгаа газруудад ашиглалтын эрхийг хуваарилах, эсвэл зөрчилтэй ашиглалтын эрхээс үүссэн маргааныг хянан шийдвэрлэх албан ёсны зохицуулалтыг боловсруулж байна. 2022 оны байдлаар өмчлөх, эзэмших эрх нь тодорхой газрын талаар гаргасан үнэн зөв тоо баримт Монгол Улсын Засгийн газарт алга байна.

Зээлдүүлэгчид барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг хураан авж, захиран зарцуулж болно, гэхдээ энэ үйл явц нь хуулиар шийдэгдэхдээ удаан хугацаагаар саатдаг. Үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламж, бусад үл хөдлөх барьцаагаар баталгаажсан өрийн хэрэгслийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлж болно (www.burtgel.gov.mn). Хөдлөх эд хөрөнгө (автомашин, тоног төхөөрөмж, мал, авлага, бусад

үнэ бүхий зүйлс)-ийг мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт барьцаагаар бүртгүүлж болно. Хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн систем нь ерөнхийдөө найдвартай хэдий ч техникийн чадавхитай холбоотой асуудал үе үе гардаг гэж хөрөнгө оруулагчид мэдээлж байна.

Оюуны өмчийн эрх

АНУ-ын кино, телевизийн болон дижитал контент нь Монгол Улсад зохиогчийн эрхээр сайн хамгаалагддаг. Монгол Улсын интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд (ISP) Оюуны өмчийн газраас жагсаалт гаргасны дараа зөрчилтэй сайтуудын интернет хаягийг даруй хаадаг. Гэсэн хэдий ч Монгол Улсын төрийн яамд, өрхийн хэрэглэгчид, бизнес эрхлэгчдийн дунд хулгайн програм хангамж ашиглах явдал түгээмэл байна. Эмийн болон эмнэлгийн хэрэгсэл импортлогчдын хувьд патентын хамгаалалт бараг байдаггүй бөгөөд барааны тэмдгийн тухай хууль нь ерөнхийдөө эрх эзэмшигчдийн хандах цорын ганц арга хэрэгсэл юм. Хууль сахиулах байгууллагууд барааны тэмдгийн зөрчилтэй эмүүдийг хураан авдаг боловч барааны тэмдгийн зөрчлийг орхигдуулж байгаа нь импортлогчдод патентын эрхийн зөрчилтэй эмийг оруулж ирэх боломжийг хэвээр үлдээж байна. Эмнэлгийн төхөөрөмжүүд дээр ч ижил төстэй асуудал тулгардаг. Дууриамал хувцас, хүнд машин механизмын хуурамч сэлбэг хэрэгсэл борлуулдаг дэлгүүрүүд ч барааны тэмдгийн зөрчилд хамаарна. Гэхдээ эрх эзэмшигчид нь гомдол гаргаагүй тул ОӨГ-аас энэ тал дээр хараахан анхаарал хандуулаагүй байна.

50 сая төгрөгөөс (17,000 ам.доллар) бага оюуны өмчийн зөрчлийг захиргааны хуулиар, 50 сая төгрөгөөс дээшхи зөрчлийг эрүүгийн хуулийн дагуу хянан шийдвэрлэдэг. Хууль сахиулах байгууллагууд нь эрүүгийн болон иргэний оюуны өмчийн хэргүүдийг мөрдөн шалгадаг бөгөөд энэ асуудалд Монгол Улсын шүүх, прокурор, захиргааны хэргийн мөрдөн байцаагчид, цагдаагийн байгууллага анхаарлаа хандуулахад бэлэн байгааг харуулж байна.

Улс орнуудын дотоодын хууль тогтоомж болон тухайн орнуудын оюуны өмчийн байгууллагуудтай холбогдох мэдээллийг Олон улсын оюуны өмчийн байгууллагын (WIPO) цахим хуудаснаас үзнэ үү: http://www.wipo.int/directory/en/.

6. Cанхүүгийн салбар

Хөрөнгийн зах зээл ба багцын хөрөнгө оруулалт

Монгол Улс хөрөнгийн урсгалд цөөн тооны хязгаарлалт тавьдаг бөгөөд ОУВС-гийн дүрмийн VIII заалтыг даган мөрдөж олон улсын төлбөр, гуйвуулганд хязгаарлалт тавьдаггүй. Гэсэн хэдий ч хөрөнгийн зах зээл хөгжөөгүй хэвээр байгаа тул уламжлалт зах зээл дээр фьючерс арилжаа, дериватив арилжаа хийх чадвар хомс байна. Төрийн өмчит Монголын хөрөнгийн бирж (http://www.mse.mn/en/aboutus_en) нь дотоодын хөрөнгө оруулалт, багцын хөрөнгө оруулалт явагддаг үндсэн газар боловч санхүүгийн технологийн компаниуд дижитал жетон болон бусад виртуал хөрөнгийг ашиглан хөрөнгө оруулалтыг дэмжиж эхэлсэн. Гадаадын хөрөнгө оруулагчдад дотоодын зах зээлийн нөхцөлөөр зээлийг янз бүрийн хэлбэрээр олгох боломжтой.

Мөнгө ба банкны тогтолцоо

Монгол Улсын арилжааны хамгийн том дөрвөн банк – Хаанбанк, Худалдаа хөгжлийн банк (ХХБ), Хасбанк, Голомт банкны дийлэнх хувийг Монголын болон гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшдэг бөгөөд тэд банкны нийт хөрөнгийн 84.3 хувийг буюу ойролцоогоор 12.1 тэрбум ам.доллар (2021 оны 12-р сарын байдлаар) хамтран эзэмшиж байна. Монголын арилжааны банкуудын чанаргүй зээлийн үзүүлэлт 2021 оны 12-р сард дунджаар 10 хувьтай байсан нь 2020 оны 12-р сарын 11.8 хувиас буурсан үзүүлэлт хэдий ч эдгээр ангилал нь КОВИД-19 цар тахлыг тэсвэрлэх арга хэмжээг авч үзвэл олон улсын стандартад нийцэгүй байна. Хэрэглээний зээл болон моргейжийн төлбөрийг хойшлуулах КОВИД-19 цар тахалтай холбогдуулан гаргасан дүрэм журам нь банкны салбарт нэмэлт эрсдэлийг бий болгож байна. Монгол Улсын төв банк Монгол Банк нь банкны үйл ажиллагааг зохицуулдаг. Гадаадын иргэд Монгол Улсад хууль ёсны дагуу оршин суугаагаа нотлох боломжтой бол дотоодод банкны данс нээж болно.

УИХ-аас Монгол Улсын Банкны тухай хуульд 2021 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Шинэчилсэн хуульд хувьцаа эзэмшигч болон тэдгээрийн холбогдох этгээдүүдийн хамтын болон Монгол Банкнаас баталгаажуулсан өмчлөлийн хэмжээ нь 20 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Банкууд 2023 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл энэхүү хөрөнгө оруулалтын шаардлагыг биелүүлэх ёстой. Үүнээс гадна Монголын банкны системд нөлөө бүхий арилжааны банк – Хаанбанк, ХХБ, Хасбанк, Голомт банк болон төрийн өмчит Төрийн банк нь 2022 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор нээлттэй компани болж Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх ёстой. Шинэ журам нь илүү өргөн хүрээний хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээх замаар банкны засаглалыг сайжруулах боломж олгож буй хэдий ч хуулиар олгосон хугацаа нь салбарын тогтвортой байдалд нөлөөлж магадгүй гэсэн болгоомжлол байна.

ОУВС-гийн мэдээлснээр, харьцангуй нүсэр банкны тогтолцоог чиглэсэн макро түвшний зохицуулалт хийхгүй байгаа нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2020 онд амжилтгүй дуусгахад хүргэсэн гэжээ. Монгол Улсын банкны тогтолцоо нь үндсэндээ хөрөнгө дутмаг хэвээр байгаа бөгөөд мөн арилжааны банкны үйл ажиллагаа, зохицуулалтын хяналт нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад хангалтгүй хэвээр байна. Монгол Улсад хөрвөх чадваргүй банкууд нэлээд байдаг. Монголын банкны салбарт хөрөнгө оруулагчид нь хөрөнгө оруулахдаа банкуудыг сайтар судалж магадлан шинжилгээ хийх хэрэгтэй, учир нь тус салбарынхан болоод зохицуулагчидын дурдсанаар системд нөлөө бүхий зарим банкны баланс тайланд өөрийн хөрөнгө болон эрсдлээр жигнэсэн активийн харьцааг үнэн зөв гэсэн ойлголт төрүүлэхээр бодит байдлаас хэт өсгөж хөөрөгдсөн байх талтай.

Монгол Банкнаас банкуудад тавих макро зохистой байдлын хяналт хангалтгүй байгаа нь эдгээр банкууд хөрөнгөө буруу тайлагнадаг болсныг олон улсын болон дотоодын салбарын оролцогчид ажиглаж байна. Энэ нь мөн төлбөрийн чадваргүй жижиг банкуудад өр төлбөрөө нөхөх хангалттай хөрөнгөгүй ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжийг олгосон. IPO-д оролцохоор төлөвлөж буй хөрөнгө оруулагчид эдгээр зохицуулалттай холбоотой системийн эрсдэлийг анхаарч үзэх хэрэгтэй.

Монгол Улс 2020 онд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (FATF)-ын “саарал жагсаалт”-аас хасагдаж, нэмэгдүүлсэн хяналтад байгаа нь хөрөнгө оруулагчдад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудалд тус улс нухацтай ханддаг гэсэн итгэлийг төрүүлж магадгүй юм. Гэсэн хэдий ч салбарын оролцогчид

гадаадын банкуудтай корреспондент банкны шинэ харилцааг хөгжүүлэхэд бэрхшээл тулгарсаар буйг онцолж байгаа бөгөөд зарим банкууд тус шаардлагад нийцүүлэх зардал өндөр байгааг дурджээ.

Гадаад валют ба мөнгөн гуйвуулга

Гадаад валют

Засгийн газар гадаад валютын либерал журмыг хэрэгжүүлдэг ба үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөг (MNT) нь гадаад орны олон валют руу хөрвөх бүрэн чадвартай байдаг. Зах зээлээс үүдэлтэй гадаад валютын нөөцийн хомсдолд хааяа орж буйгаас бусдаар хөрөнгө хөрвүүлэх, шилжүүлэхэд асуудал гардаггүй гэдгийг гадаад, дотоодын бизнес эрхлэгчид мэдээлж байна.

Монгол Улсын Валютын зохицуулалтын тухай хуульд Монгол Банкнаас өөрөөр тогтоогүй бол дотоодын гүйлгээнд төгрөгийг ашиглахыг шаарддаг. Уг зохицуулалтаар бөөний болон жижиглэнгийн үнийг ямар нэгэн байдлаар, нягтлан бодох бүртгэлийн дотоод практик байсан ч гадаад валютаар илэрхийлэх, төгрөгөөс бусад валютаар үнийг илэрхийлэх буюу индексжүүлэхийг хориглодог. Валютын эрсдлийг бууруулахын тулд үнийн тааламжгүй өөрчлөлтийн эрсдлээс хамгаалах механизмууд нь жижиг зах зээлд ерөнхийдөө боломжгүй байдаг. Худалдааг хөнгөвчлөх зорилгоор олон төрлийн валютаар хийсэн аккредитив авах боломжтой. Засгийн газар заримдаа бусад валютаар шууд сольж болохгүй бараа, үйлчилгээний төлбөрийг векселээр төлдөг.

Мөнгөн гуйвуулгын бодлого

Бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтын өгөөжийг гуйвуулах, гадаадаас орж ирэх хөрөнгийг хүлээн авахад төрийн зүгээс үүдэлтэй саатал гардаггүй гэж мэдээлдэг боловч корреспондент банкны харилцаанд тулгардаг бэрхшээлүүд нь мөнгөн гуйвуулгыг заримдаа удаашруулдаг. Ихэнх шилжүүлэг нь цөөн хэдэн хоногоос нэг долоо хоног дотор хийгддэг. Гэсэн хэдий ч валютын, голдуу АНУ-ын долларын, хомсдол хааяа үүсдэг ба үүнээс үүдэн арилжааны банкууд болон Төв банк шилжүүлгийг түр хугацаагаар хязгаарлахад хүрдэг. Гадаад орон руу илгээсэн мөнгөн гуйвуулгад татварын болзошгүй өр төлбөрийг нөхөх зорилгоор 10 хувийн шимтгэл ногдуулдаг.

Үндэсний баялгийн сан

Монгол Улсын Сангийн яам нь уул уурхайн салбарын орлогыг хувиргах замаар санхүүжүүлсэн үндэсний баялгийн хоёр санг (ҮБС) удирддаг. Эдгээр нь Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өвийн сан юм. Төсвийн тогтворжуулалтын сан нь зарлагын өсөлт, уналтын мөчлөгийг дэмжих орлогыг өөр чиглэлд чиглүүлдэг. Гэсэн хэдий ч Монгол Улсын сүүлийн үеийн санхүүгийн хямралууд энэ сангийн хөрөнгийг шавхаж дууссан. Норвегийн тэтгэврийн сантай төстэй Ирээдүйн өвийн сан нь ашигт малтмал олборлох орлогоос ирээдүйд зориулан хуримтлуулж, орлогоо зөвхөн Монголоос гадуур хөрөнгө оруулдаг. Монголын Ирээдүйн өвийн сан нь Сантьягогийн зарчмыг баримталдаг бөгөөд Монгол Улс Олон улсын баялгийн сангийн форумын гишүүн юм. Сангийн яам

болон ОУВС-гийн төсөөллөөр Ирээдүйн өв санд 2023 онд Оюутолгойн зэс, алтны уурхайн орлого нэмэгдэхтэй зэрэгцэн жил бүр 104-125 сая ам.доллар хуримтлуулж эхлэх ёстой. Хэдий тийм боловч 2022 оны байдлаар эдгээр ҮБС-ууд нь бодит санхүүжилтгүй байна.

7. Төрийн өмчит үйлдвэрийн газар

Монгол Улс банк санхүү, эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, тээврийн салбарт төрийн өмчит аж ахуйн нэгжүүдтэй. Сангийн яам нь Төрийн банк, Монголын хөрөнгийн биржийг удирдаж, уул уурхайн төрийн өмч хөрөнгийн ихэнх хувийг “Эрдэнэс Монгол” ТӨХК эзэмшдэг. Зам, тээврийн хөгжлийн яам Монголын төмөр замын газрыг удирддаг. Төрийн өмчийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (http://www.pcsp.gov.mn/en) нь уул уурхайн бус болон санхүүгийн бус 106 хөрөнгийг удирддаг гэдгээ нээлттэй зарладаг хэдий ч төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийнхээ албан ёсны бүрэн жагсаалтыг гаргадаггүй. Төрийн өмчийн газрын төлөөлөгчдийн зүгээс ТӨҮГ-уудын тоонд аймаг, сум, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд ордоггүй гэдгийг олон нийтэд нээлттэй зарласан бөгөөд эдгээр нь хэдэн зуугаар хэмжигддэг.

Хөрөнгө оруулагчид ТӨҮГ-ууд хувийн хэвшлийн илүү үр ашигтай хөрөнгө оруулалтыг шахан гаргаж буйд санаа зовж байна. Хөрөнгө оруулагчид төрийн өмчит аж ахуйн нэгжүүдтэй өрсөлдөж болох ч зохицуулалтын тогтолцоо тодорхой бус учраас өрсөлдөөн нь хязгаарлагдмал. Хөрөнгө оруулагчдын ажигласнаар засгийн газрын зохицуулагч байгууллагууд ТӨҮГ-уудын байгаль орчны зөвшөөрлийг чирэгдэлгүй олгох, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбогдолтой асуудлуудыг нь хэрэгсэхгүй өнгөрөөх зэргээр талтай ханддаг байна.

Монголын ТӨҮГ-ууд нь төрийн өмчийн үйлдвэрийн газруудад зориулсан ЭЗХАХБ-ын Компанийн засаглалын тухай удирдамжийг дагаж мөрддөггүй. Хууль журмын дагуу хувийн компаниудын ашигладаг ил тод байдал, нягтлан бодох бүртгэл, тайлангийн олон улсын ижил төстэй сайн туршлагуудыг дагаж мөрдөх шаардлагатай байдаг хэдий ч ТӨҮГ-ууд нь зөвхөн олон улсын хөрөнгө оруулалт, санхүүжилт хайх үедээ л эдгээр дүрэм журмуудыг даган мөрдөх хандлагатай байдаг. Монгол Улсын хууль тогтоомжид олон улсын шилдэг олон сайн туршлага тусгагдаагүй ба ТӨҮГ-ууд нь одоо мөрдөгдөж буй Монгол Улсын хууль журмыг баримтлах хандлагатай. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд нь олон улсын дүрэм журмыг дагаж мөрддөг тул компанийн засаглал, менежмент, ил тод байдал, цөөн хувьцаа эзэмшигчдийн эрх, санхүү зэрэг асуудал дээр зөрчилддөг.

Өмч хувьчлалын хөтөлбөр

Засгийн газар Монголын хөрөнгийн бирж, үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ, Монгол шуудан, Таван толгойн нүүрсний уурхай зэрэг төрийн өмчийн хөрөнгийг хувьцаа, үнэт цаас борлуулах замаар хувьчлах ажлыг олон жил төлөвлөж байгаа хэдий ч хэзээ, хэрхэн хийхээ тогтоогүй байна.

8. Бизнесийн үйл ажиллагааны хариуцлагатай байдал

Монгол Улсад бизнес эрхлэх хариуцлагатай дадал хандлага сайжирсан. Гадаадын ихэнх компани орон нутгийн иргэдтэй сайн санааны хүчин чармайлт гарган хамтран ажилладаг. Дотоодын томоохон компаниуд олон улсын хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааны дадлыг баримталж, холбогдох олон төрлийн үйл ажиллагааг дэмжин ажиллах хандлагатай байдаг бол нөөц бололцоо муутай жижиг компаниудын хариуцлагатай бизнесийн дадал зөвхөн үйл ажиллагаа явуулж буй орон нутгаар хязгаарлагдах нь бий. Хөдөө орон нутгийн хувьд, хариуцлагатай бизнесийн дадал баримталдаг компаниуд үйл ажиллагаа явуулж буй газар орныхоо нутгийн иргэдээс талархал сайшаал хүлээдэг. Харин үндэсний хэмжээнд бизнесийн сайн дадал практик нь улс төрчдөөс магтаал сайшаал сонсохоос эхлээд иргэний нийгмийн зарим бүлгүүдээс хариуцлагатай бизнес эрхэлдэг гэдэг нь олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх гэсэн улиг болсон оролдлогоос өөр юу ч биш гэх мэтээр буруушаах явдал ч байна. Хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааны талаарх олон нийтийн мэдлэг ойлголт хязгаарлагдмал хэвээр байгаа бөгөөд хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг сурталчлах, хяналт тавих ажилд цөөн хэдэн ТББ оролцохын зэрэгцээ Оюу Толгойн мега уурхай зэрэг томоохон төслүүд дээр төвлөрч, харин төрийн өмчит байгууллагуудаас зайлсхийдэг.

Монгол Улсад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэрэглээ өндөр байгааг харгалзан бизнес эрхлэгчид нь өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой яриа хэлэлцүүлэг нь олон улсын болон дотоодын олон нийтийн мэдээллийн сайтуудаар цацагдах боломжтой гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн өөрсдийн үйл ажиллагааг үнэн зөвөөр харуулж буйг нягтлахын тулд нийгмийн сүлжээнд гарч буй мэдээ мэдээллийг хянаж байх нь зүйтэй.

Засгийн газраас хүний эрх, хөдөлмөрлөх эрх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүрээлэн буй орчныг хамгаалах болон иргэдийг бизнесийн сөрөг нөлөөллөөс хамгаалах бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд сайн хүчин чармайлт гаргадаг. Компанийн тухай хууль нь компанийн засаглал, нягтлан бодох бүртгэлийн шаардлага, хувьцаа эзэмшигчдийн эрхийг нарийвчлан тодорхойлсон байдаг боловч гүйцэтгэх удирдлагад нөхөн төлбөр олгох талаар дүрэм журам байхгүй.

Монгол Улс нь ЭЗХАХБ-ын Зөрчил мөргөлдөөн, өндөр эрсдэл бүхий газар нутгаас олборлосон ашигт малтмалын нийлүүлэлтийн хариуцлагатай сүлжээтэй зүй зохистой ажиллах удирдамжийг хэрхэн хангах талаар албан ёсны байр сууриа илэрхийлээгүй бөгөөд зөрчил мөргөлдөөнтэй байгаа газар нутгаас олборлосон ашигт малтмалыг ашиглаж буй компаниудын зохистой ажиллагааг хянаж шалгах талаар зохицуулсан дотоодын хууль тогтоомж алга байна. Засгийн газраас Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын тавьж буй шаардлага, НҮБ-ын хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааны зарчмуудыг батлаагүй байна (http://www.oecd.org/about/). Монгол Улс нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (EITI) түншлэлд сайн байр суурьтай гишүүн орон юм.

Гадаадын бизнес эрхлэгчдийн хувьд мэдэж байх нь зүйтэй бизнесийн үйл ажиллагааны хариуцлагатай холбоотой сэжиглэж буй, эсвэл мэдээлсэн хүний эрх болон хөдөлмөрийн эрхийн асуудал алга байна. Гэсэн хэдий ч газар, ойн мод, ус, уул уурхайн эд хөрөнгийг ашиглах эрх олгох, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтолцоо зохион байгуулалтгүй байдгаас үүдэж орон нутгийн иргэдийн дунд төрийн захиргааны төв байгууллага, аймаг, орон нутгийн захиргааны байгууллагууд тухайн орон нутгийн ёс заншил, хууль ёсыг зөрчин, дээрх эрхүүдийг зүй бусаар олгож байна гэсэн ойлголт төрүүлснийг бизнес эрхлэгчид анхаарах хэрэгтэй.

Монгол Улс хувийн хамгаалалтын салбартай бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллага хувийн хамгаалалтын үйлчилгээг ашигладаг. Гэвч Монгол Улс нь Хувийн цэрэг, хамгаалалтын компаниудын тухай Монтрегийн баримт бичигт гарын үсэг зураагүй, мөн Олон улсын ёс зүйн дүрэм, Хувийн хамгаалалтын үйлчилгээ үзүүлэгчид (ICoCA)-ийг дэмждэггүй.

Төрийн Департамент

Хүний эрхийн хэрэгжилтийн талаарх улс орны тайлан (https://www.state.gov/reports-bureau-of- democracy-human-rights-and-labor/country-reports-on-human-rights-practices/) o Гадаадын засгийн газрын эцсийн хэрэглэгчдэд хяналт тавих чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой гүйлгээний НҮБ-ын удирдах зарчмуудыг хэрэгжүүлэх заавар (https://www.state.gov/key-topics-bureau-of-democracy-human-rights-and-labor/due- diligence-guidance/)
Үндэстэн дамнасан компаний тухай ЭЗХАХБ-ын удирдамжийн талаар АНУ-ын хариуцсан албан тушаалтан (https://www.state.gov/u-s-national-contact-point-for-the-oecd-guidelines-for- multinational-enterprises/)
Шинжааны ханган нийлүүлэлтийн сүлжээний бизнес эрхлэгчдэд зориулсан зөвлөмж (https://www.state.gov/xinjiang-supply-chain- business-advisory/)
АНУ-ын Сангийн яамны дэргэдэх Гадаад хөрөнгийн хяналтын газрын сүүлийн үеийн арга хэмжээнүүд (https://home.treasury.gov/policy-issues/financial- sanctns/recent-actions).
Хойд Солонгосын хориг арга хэмжээ, хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж (https://home.treasury.gov/system/files/126/dprk_supplychain_advisory_07232018.pdf)
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тайлангийн дүгнэлт (https://www.dol.gov/agencies/ilab/resources/reports/child-labor/findings);
Хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдлын тайлан (https://www.state.gov/trafficking-in-persons-report/)
Сангийн яам

Хөдөлмөрийн яам

o Хүүхдийн хөдөлмөр болон албадан хөдөлмөрөөр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний жагсаалт (https://www.dol.gov/agencies/ilab/reports/child-labor/list-of-goods);
Хөлс ба Хөдөлмөр: Дэлхий даяарх хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөр, хүний наймаа (https://www.dol.gov/general/apps/ilab);
Даган мөрдөх журам (https://www.dol.gov/ilab/complychain/).

Уур амьсгалын асуудал

Монгол Улс цаг уурын өөрчлөлтийг яамд, агентлагийн бодлого боловсруулахад нэг хүчин зүйл болгон оруулж өгсөн хэдий ч засгийн газарт ногоон хөрөнгө оруулалтын талаар тусгай төлөвлөгөө байдаггүй бөгөөд байгаль орчны талаарх бодлого нь маш ерөнхий. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал, ногоон санхүүжилтийн тогтолцоог бий болгох талаар тусгасан. 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэг болгох бодлогодоо засгийн газраас нүүрстөрөгчийн хийг бууруулах талаар бодлогын зөвлөмж, тусгайлсан зохицуулалт, хууль эрх зүйн арга хэмжээ аваагүй байна. Тиймээс төрд хувийн хэвшлийнхэн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэглэх арга хэмжээ авна гэсэн хүлээлт байдаггүй. Харин засгийн газар илүү өргөн хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах, ялангуяа эко шошго, татвар зэргээр урамшуулах арга замыг үргэлжлүүлэн судалж байна. Гэсэн ч худалдан авах ажиллагааны бодлого хараахан ногоон болоогүй байна. Худалдан авах ажиллагааны тухай хуульд ногоон худалдан авалттай холбоотой бодлогыг тусгасан ч хэрэгжилт хоцорч яваа талаар бизнес эрхлэгчид болон байгаль орчны салбарынхан мэдээлжээ.

9. Авлига

Хөрөнгө оруулагчид Монгол Улсад авлига газар авч, зарим нь нэмэлт хөрөнгө оруулалтаа хумьж, эсвэл Монголоос бүрмөсөн гарахад хүргэж байгааг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс энэхүү авлигын түвшнийг харгалзан АНУ-ын хөрөнгө оруулагчид нь АНУ-ын Гадаад улсад үйлдэгдсэн авлигын гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийг дагаж мөрдөхөд онцгой анхаарах ёстой. Хэдийгээр Монгол Улсын хуулиар авлигын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад ял шийтгэл оноодог ч Засгийн газар хуулийг тэр бүр үр дүнтэй, эрх тэгш хэрэгжүүлдэггүй байна. Хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийн мэдээлснээр, албан тушаалтнууд болон улс төрийн албан тушаал эрхлэгчид ашиглах эрх шилжүүлэх, маргаан шийдвэрлэх, гаалийн бүрдүүлэлт хийх, татварын үүргээ хөнгөвчлөх, өргөдөл гаргах, зөвшөөрөл авах, бүртгэл хийлгэх зэрэгт авлига, хээл хахууль өгөхийг шаарддаг тохиолдлууд гардаг. ТББ-ууд, хувийн бизнес эрхлэгчид шүүхтэй холбоотой авлига ч бас байгааг мэдээлж байна. Авлигад нөлөөлж буй хүчин зүйлс нь ашиг сонирхлын зөрчил, ил тод бус байдал, мэдээлэл авах байдал хязгаарлагдмал, санхүүжилт муутай төрийн албаны тогтолцоо, цалин хөлс бага, гол байгууллагуудад тавих төрийн хяналт дутмаг байх зэрэг нөхцөлүүд юм.

Монгол Улс аж ахуйн нэгжүүдээс төрийн албан тушаалтнуудад авлига өгөхийг хориглосон

болон бусад зүйлийг шаардсан дотоод ёс зүйн дүрэмтэй байхыг шаарддаггүй. Америкийн болон бусад гадаадын бизнес эрхлэгчид төрийн албан тушаалтнуудын хээл хахуулийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор дотоод хяналт, ёс зүй, дагаж мөрдөх дүрэм журамтай байх хэрэгцээ шаардлагыг ойлгон хүлээн авч, хэрэгжүүлж байгаагаа мэдэгдсэн. (Монгол Улсын авлигын эсрэг үйл ажиллагааны талаар эндээс үзнэ үү: https://www.state.gov/reports/2020-country-reports-on-human-rights- practices/mongolia/.

Авлигын эсрэг бие даасан агентлаг – Авлигатай тэмцэх газар (АТГ) нь авлига, хээл хахуулын хэргийг мөрдөн шалгах үндсэн үүрэгтэй бөгөөд энэ үүрэгтээ Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс зарим үед туслалцаа авдаг.

Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенци (UNAC)-д гарын үсэг зурж, соёрхон баталсан боловч ЭЗХАХБ-ын Хээл хахуулийн эсрэг конвенцид нэгдээгүй байна.

Авлигын талаар мэдэгдэх газрууд

Авлигатай тэмцэх газар (АТГ)
5-р хороолол, Сөүлийн гудамж 41
Улаанбаатар, Монгол улс 14250
Утас: + 976-70110251; 976-11-311919
Имэйл: [email protected]
Вэб: http://www.iaac.mn/home?lang=en

Транспэрэнси Интернэшнл Монгол
О.Батбаяр, Гүйцэтгэх захирал, Mon
olia Chapter
Юнеско гудамж, Далай цамхаг, 8 давхар, Өрөө 803,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар 14230
Вэб: https://www.transparency.org/country/MNG

10. Улс төр ба аюулгүй байдлын орчин

Монгол Улсын улс төр, аюулгүй байдлын орчин тайван, тогтвортой байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэрэг ерөнхийдөө бага гардаг бөгөөд улирлаас шалтгаалан хэлбэлздэг. Гудамжны хулгай, танхайн хэргээс гадна санхүүгийн болон луйврын шинжтэй илүү хүнд ноцтой гэмт хэргүүд нэмэгдэж байна. АНУ-ын хөрөнгө оруулагчдыг Монголын ард түмэн ерөнхийдөө талархан хүлээж авдаг. Гэсэн хэдий ч зарим тодорхой газруудад үндсэрхэг үзэлтэй цөөнх бүлэглэлүүдээс турхирдаг гадаадынхны эсрэг хандлага цөөнгүй ажиглагддаг. Ийм үзэл хандлага АНУ-ын хөрөнгө оруулагчид руу дагнан чиглэдэггүй бөгөөд тухайн үеийн үйл явдлаас л шалтгаалдаг байна. Баялгийн салбарт хөрөнгө оруулагчид орон нутгийн нөөц баялгийг ашиглах хууль ёсны эрх эзэмшигчид болон нутгийн оршин суугчдын хоорондох маргаан нь эсэргүүцэл, эмх замбараагүй байдал, ховор тохиолдолд хүчирхийлэлд хүргэдэг гэж мэдэгджээ.

11. Хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодлого, дадал туршлагууд

Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр, Монгол Улсын 1.23 сая ажиллах хүчний 8.1 хувь буюу 99,400 хүн албан ёсны ажилгүйдэл (2021 оны 12-р сар)-д байна. Залуучуудын ажилгүйдэл нийт ажилгүйчүүдийн 18 орчим хувийг эзэлж байна. Ажиллах хүчний 42 хувь (519,420) нь Улаанбаатар хотод, 58 хувь (707,084) нь хөдөө орон нутагт амьдарч байна. Эмэгтэйчүүд нийт ажиллах хүчний 47.6 хувийг (583,621) эзэлж, эмэгтэйчүүдийн ажилгүйдэл 7.4 хувь; эмэгтэйчүүд нийт ажилгүйчүүдийн 43.6 хувь (43,333)-ийг бүрдүүлж байна. 2019 оны хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй ажилчдын талаарх хамгийн сүүлийн үеийн статистик мэдээгээр нийт ажилчдын тоо 98,166 байгаа ба үүнээс 9,179 нь ажилтай байна. Нийт 77 орны 5,617 гадаадын ажилчин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд албан ёсоор бүртгэлтэй бөгөөд тэдний гуравны хоёр нь барилга, уул уурхайн салбарт ажилладаг. Бүртгэлтэй гадаад ажилчдын 63 хувь нь КОВИД-19 цар тахалтай холбоотой аялалын хязгаарлалттай хэдий ч БНХАУ-аас ирсэн байна.

Мэргэжилгүй ажиллах хүч элбэг боловч барилга, уул уурхай, үйлчилгээний салбаруудад бүх төрлийн инженер, мэргэжлийн худалдааны ажилтнууд зэрэг дээд мэргэжил, мэргэжлийн сургалт, боловсрол шаардсан мэргэжлийн ихэнх ангилалд хомсдол хэвээр байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд эдгээр дутагдалтай байгаа ажиллах хүчний асуудлыг дотоодод сургалт явуулах, ажилчдаа авч үлдэхийн тулд цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх, эсвэл Монгол Улсад байхгүй мэргэжлийн ур чадвартай ажилчдыг гадаадаас хөлслөн авах зэргээр шийдвэрлэдэг.

Монгол Улсын 2021 оны Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хууль 2022 оны 1-р сараас хэрэгжиж эхэлсэн. Гэвч энэхүү хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжилтийг хангахад шаардлагатай бүх зохицуулалтыг хараахан батлаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар доор тайлбарласан, өмнө нь ажил олгогч ба ажилтны хооронд хийгдэх ёстой гэж үздэг байсан, мөн зохицуулалтын баримт бичгүүдээр дамжуулан хэрэгжүүлдэг ихэнх практикийг албан ёсны болгожээ. Мөн ажилчдаа урт ээлжээр ажиллуулдаг ажил олгогчдод, ихэвчлэн уул уурхайн олборлох салбарынханд зориулсан шинэ системийг бий болгосон байна. Шинэчилсэн найруулгаар ажилтны ажиллах болон амрах ээлж нь тэнцүү хугацаатай байх ёстой бөгөөд жишээлбэл, 14 хоногийн амралтын өдрийг ажлын 14 хоногтой тэнцүүлж, илүү цагаар ажиллахыг хязгаарлах ёстой гэж заасан. Энэхүү шинэ зохицуулалтын дагуу ажил олгогчодд ажиллах хүчнээ хуучин журмаар ажиллаж байсан ажилчдын тоотой ижил түвшинд хүргэхийн тулд ажилчид нэмж авах шаардлага гарч, захиргааны дарамттай тулгарч байгаагаа мэдээлсэн. Монгол Улс чадварлаг боловсон хүчний байнгын хомсдолтой байдаг ба нэг ажилчинд ногдох бүтээмж буурахын хэрээр ажиллах хүний тоо нэмэгдэж, улмаар эдгээр нэмэлт зардлыг шингээх, төлөх чадвар нь хязгаарлагдмал аж ахуйн нэгжүүдийн арилжааны чадварт заналхийлж болзошгүй тул энэхүү шинэчилсэн хууль нь зардал өсгөнө гэж ажил олгогчид болгоомжилж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодорхойлж өгсөн хөдөлмөрийн бүх ангилалд гадаад, монгол хүн адилхан гүйцэтгэж чадах ажил үүрэг дээр монгол ажилчдыг ажиллуулах шаардлагыг хэвээр үлдээсэн. Энэхүү заалт нь голчлон ур чадвар шаарддаггүй хөдөлмөрийн ангилалд хамаарна. Ажилд авах журам нь уг хуультай нийцэж байвал хөрөнгө оруулагчид ажилд зуучлах агентлагаар дамжуулахгүйгээр ажилчдаа хайж олох, сонгон шалгаруулах боломжтой. Хэрэв ажил олгогчид гадаадаас ажиллах хүч ажиллуулахыг хүссэн ч тухайн гадаад ажилтанд төлөх хураамжаас чөлөөлөгдөх эрхийг Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын яамнаас авах боломжгүй бол ажил олгогч нь сар бүр гадаад ажилтан ажиллуулсны хураамж төлдөг. Төсөл хөтөлбөрийн ач холбогдлоос хамааран Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажил олгогчдыг нэг ажилтанд ногдох хураамжийн 50 хувиас чөлөөлж болно. Гэсэн хэдий ч ажил олгогчид энэхүү чөлөөлөлөгдөх эрхийг авахад хүндрэлтэй гэдэг. (Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн дэлгэрэнгүйг: https://www.state.gov/reports/2020-country-reports-on-human-rights-practices/mongolia/).

Монгол орны өвлийн улирал дэд бүтэц хөгжүүлэх, барилга угсралт, уул уурхай ажиллуулахыг хязгаарладаг тул ажил олгогчид жилийн турш үйл ажиллагаа явуулдаг компаниудтай харьцуулбал түр зуурын гэрээт ажиллах хүчийг авч ажиллуулах хандлагатай байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь ажил олгогч, ажилчдад богино хугацааны хөдөлмөрийн гэрээ ашиглах боломжийг олгодог. Гэвч ийм гэрээ нь зургаан сараас бага хугацаагаар ажиллуулахыг шаарддаг бөгөөд энэ нь аж ахуйн нэгжийн ажиллах хүчний 30-аас доош хувийг л бүрдүүлдэг.

Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуулиар ихэнх ажилчдад бие даасан үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн байгууллага байгуулах, элсэх боломжийг олгосон бөгөөд ажил хаях эрхийг нь мөн хамгаалдаг. Гэвч эдгээр эрхийг гадаадын ажилчид, төрийн зарим албан хаагчид болон албан ёсны хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж буй хүмүүс эдлэх боломжгүй. Харин дээрхи бүлгүүд бүгд зохион байгуулах эрхтэй юм. Тус хуулиар үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд сайн дураар оролцох эрх хамгаалагдсан бөгөөд төрөөс энэ эрхийг амьдрал дээр хамгаалж ирсэн. Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсоноос болж халагдсан ажилчдыг ажилд нь эргүүлэн авахыг хуулинд заасан боловч энэ заалт тэр бүр хэрэгждэггүй. Зарим ажилчид үйлдвэрчний эвлэл байгуулах, түүнд элсэхэд саад бэрхшээлтэй тулгардаг. Мөн түүнчлэн зарим ажил олгогчид үйлдвэрчний эвлэлүүдийг сулруулах арга хэмжээ авдаг байна. Жишээлбэл, ажилчдыг ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглох, эсвэл хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн хамтын гэрээ байгуулахаас татгалздаг.

Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуулиар ажил олгогчдын санаачилгаар ажлаас халах, чөлөөлөх боломжийг олгодог. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалан нөхөн төлбөр төлөх шаардлага гардаг бөгөөд ажилчид ажлаас халагдсаны дараа шүүхэд хандаж болно. Шинэчилсэн хуулийн дагуу тэтгэвэрт гарах нөхцөл нь ажилтныг халах хууль ёсны үндэслэлд тооцогдохгүй болсон бөгөөд олноор нь цомхотгол хийх нөхцөлд 90 хоногийн өмнө мэдэгдэх шаардлагатай. Ажил олгогчид болон хуулийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр Монгол Улсын шүүх ажилчдын нэхэмжлэлийг, ялангуяа нэхэмжлэгч, хариуцагч нь гадаадын бизнес эрхлэгч бол ихэвчлэн ажилчдыг дэмжсэн шийдвэр гаргадаг. Хуулиар ажил олгогчид ажлаас чөлөөлөгдсөн, цомхтголд орсон ажилчдад гэрээнд заасан нэг сарын цалинтай тэнцэх нөхөн олговрыг өгөх ёстой бол, ажлаас халагдсан ажилчид нөхөн олговор авахгүй. Цомхотголд орсон болон халагдсан ажилчид Нийгмийн даатгалын ерөнхий газраас гурван сарын ажилгүйдлийн даатгал авах эрхтэй.

Хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх тухай хуулиар ажил олгогч, ажиллагсад, үйлдвэрчний эвлэл, засгийн газар хоорондын харилцааг зохицуулдаг. Цалин ба хөдөлмөрийн бусад нөхцлийг ажил олгогчид (төрийн, хувийн хэвшлийн аль аль нь) болон ажилчдын хооронд тогтоож, зарим тохиолдолд үйлдвэрчний эвлэл оролцож болно. Хамтын гэрээ, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалсан хуулиуд ерөнхийдөө хэрэгждэг. МҮЭ-ийн холбоо нь нөөц баялгийн олборлолт, барилгын салбарт ажиллаж буй ихэнх ажилчдыг хамтын хэлэлцээрийн үйл ажиллагаанд төлөөлдөг боловч төрийн болон хөдөө

аж ахуйн салбарын ажилтнуудыг төлөөлдөггүй. Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо нь Засгийн газраас зөвшөөрсөн Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороогоор дамжуулан тодорхой гомдлыг зуучилж өгдөг. Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороод нь ажилчид болон удирдлагын хооронд үүссэн ихэнх маргааныг шийдвэрлэдэг бөгөөд ҮЭ-ийн холбоо, ажил олгогч, засгийн газрын төлөөллөөс бүрддэг. Эдгээр хороогоор шийдвэрлэгдээгүй хэргийг шүүхэд шилжүүлж болно.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) нь хүүхдийн хөдөлмөрийн хэлбэрүүд, Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын хөдөлмөрийн стандартын хоорондох зөрүүтэй байдалд санаа зовниж байна. Эрх баригчдын мэдээлж буйгаар ажил олгогчид насанд хүрээгүй хүүхдүүдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалинжуулж, долоо хоногт зөвшөөрөгдсөн цагаас илүү хугацаагаар ажиллахыг шаарддаг тохиолдол цөөнгүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ) нь хөдөлмөрийн бүх дүрэм журмыг мөрдүүлдэг боловч орон тоо нь хангалтгүй. Монгол Улсаас соёрхон баталсан ОУХБХ-ны конвенцийн талаар эндээс үзнэ үү: Монгол Улс (ilo.org)

12. АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтын корпораци (ХСК) ба хөрөнгө оруулалтын даатгал, хөгжлийн санхүүжилтийн бусад хөтөлбөрүүд

АНУ-ын Хөгжлийн санхүүжилтын корпораци, хуучнаар OPIC (USDFC) нь Монголын эдийн засгийн ихэнх салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын хөрөнгө оруулагчдад зээл, буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалт, улс төрийн эрсдлийн даатгал зэргийг үзүүлдэг. ХСК-ийн санхүүжилттэй төслүүдэд санхүүжилт, эрсдэл бууруулах боломжийг олгох Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тухай гэрээг тус корпораци Монгол Улстай байгуулсан. Гэрээг эндээс үзэх боломжтой: OPIC/Mongolia Agreement. АНУ-ын Экспорт, Импортын банк (EXIM) нь Монгол Улсад төрийн салбарт богино, дунд, урт хугацааны гүйлгээ хийх, хувийн хэвшлийн салбарт богино, дунд хугацааны гүйлгээ хийж болох хөтөлбөрийг санал болгодог. Монгол Улс мөн Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг (MIGA)-ын гишүүн орон юм. Өмнөд Солонгос, Канад, ОХУ, Япон, Хятад, Польш, Унгар болон Австри улс Монгол Улсад буй өөрийн улсын компаниудад хөрөнгө оруулалт, худалдааны санхүүжилт олгосон байна. Түүнчлэн Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD/Mongolia), Олон улсын санхүүгийн корпораци (IFC/Mongolia) зэрэг нь Монголд төвтэй хөрөнгө оруулалтуудыг дэмжин ажилладаг.

13. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын статистик

Жич: Монгол Улсын Засгийн газар тухайн хөрөнгө оруулалтын үр өгөөж хэнд хаана хүрч дуусгавар болж байгааг хянадаггүй. Засгийн газар зөвхөн тухайн компанийг хаана бүртгэлтэй гэж мэдэгдсэнийг үндэслэн бүртгэдэг. Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яам Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын байгууллагууд өөрсдийн улс орондоо бус, татвараа бууруулах зорилгоор гуравдагч орнуудад бүртгүүлсэн олон тохиолдлыг мэднэ. Тиймээс Монгол Улс болон ОУВС-мэдээллээс харахад Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалтын дийлэнх нь Люксембург, Хонгконг болон Сингапур зэрэг орнуудад бүртгэлтэй компаниудаас эхтэй байгаа хэдий ч эдгээр хөрөнгө оруулалтын үр ашгийг хүртэгч аж ахуйн нэгжүүд ихэнхидээ АНУ, Австрали, Канад, ОХУ, БНХАУ, тэр ч бүү хэл Монгол Улсад байна.

Эх сурвалж: https://mn.usembassy.gov/mn/2022-investment-climate-statement-mongolia-mn