Үүрэн холбоо, IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээ, сансрын холбоо, өргөн зурвасын сүлжээ, сансрын сүлжээ, гар утасны контентын цогц үйлчилгээг үзүүлж Монгол улсын эдийн засаг, мэдээлэл технологийн салбарт өөрийн бодитой хувь нэмрээ оруулсан үндэсний хэмжээний групп компани болох “Юнител” компанийн ойн баяр өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр болжээ.
Хүлээн авалт бүхий тус баярт оролцсон “Unitel”-ийн хэсэг ажилчид хоолны хордлогод өртсөн байж болзошгүй гэх мэдээлэл манай сайтад ирлээ.
Мэдээллийн дагуу тус компанийн ойн баярт үйлчилгээ үзүүлсэн Номадсын Сүлжээний хамгийн анхны ресторан болох “Modern Nomads”-аас тодруулахад “ Өнгөрсөн долдугаар 31-нд тус компанийнхан үйлчилгээ авсан. Уг асуудал манайд хамаагүй. Мэргэжлийн хяналт болон бусад холбогдох байгууллагуудын дүгнэлтүүд гарсан. Манайх хариулт өгөхгүй” гэх тайлбарыг өглөө.
Дээрх үйл явдалд ХӨСҮТ болон МХЕГ-аас албаны дүгнэлт шалгалт хийгдсэн байна. ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын албаны дарга АУ-ны доктор Б.Азжаргалаас тодруулга авахыг хүсэхэд, тэрбээр тайлбар өгөхөөс татгалзлаа. Албан бус мэдээллээр, ХӨСҮТ-өөс дээрх үйл явдлын албан дүгнэлт гарсан гэнэ. Харин МХЕГ-ын дүгнэлт гараагүй байна.
Бид энэ талаарх мэдээллийг эргэн сурвалжлах болно.