БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль зөрчсөн байж болзошгүй ноцтой хэргүүдийн талаар Nuuts.mn мэдээллийн сайт өнгөрсөн хугацаанд хэд хэдэн цуврал нэвтрүүлэг бэлтгэн, олон нийтэд хүргэсэн байдаг.


Уг нэвтрүүлгийг тус хийсэн Nuuts.mn сайтын эрхлэгч С.Будрагчаа өчигдөр /2022. 09.01/ Ж.Соронзонгоос ярилцлага авахаар очоод Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн орос ажилчид болон эцэг эхчүүдийн зодуулж халдлагад өртжээ. Энэ талаар сэтгүүлч С.Будрагчаагаас тодруулахад “Ж.Соронзонгоос ярилцлага авах гээд ирсэн сургуулийн ажилчид нь ум хумгүй гарч ирээд аймшигтайгаар зодлоо. Манай сайтын камерыг эвдсэн” гэдгээ хэвлэлд мэдэгдсэн.

Энэ үйл явдал нь монголын хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй үйлдэл мөнөөс мөн юм. Уг нь Монгол-Оросын хамтарсан 3-р дунд сургууль нь Төрийн тусгай хамгаалалт бүхий газар биш бөгөөд үндэсний хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хэн нь ч тус сургуульд нэвтэрч мэдээлэл авах, болж буй процесс, үйл явдлын үнэн бодит байдлыг сурвалжлах эрхтэй. Гэтэл хэтэрхий их нэг талын дүрэм журам тогтоосон, хагас цэргийн зохион байгуулалттай тул энгийн нэг жижүүр багш нь харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна. Магадгүй гэрээгээр ажлуулдаг орос багш нарынхаа ажлын үүрэг хуваарьт харуул хамгаалалтын үүргийг давхар гүйцэтгэнэ гэсэн чиглэл өгдөг юм биш биз гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд буй юм.
Өөрөөр хэлбэл, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн багш гэх тодотголтой эдгээр орос иргэдийн цаад зорилго, үүрэг чиглэл нь тодорхойгүй. Сэтгүүлчийн биед халдахаас гадна, уг үйл явдлыг сурвалжлахаар очсон хэвлэлийнхийг халгаахгүй, тэднийг шоглож доромжлоод зогсож байхад хэн ч арга хэмжээ авахгүй байгаа нь хачирхалтай. Угтаа сэтгүүлчдийн биед халдах, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд санаатайгаар саад тотгор болох нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх хууль дүрэм бий.

Сэтгүүлчдийн хууль ёсны үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж буй хуруунуудаараа дүүрэн “Итгэл, хайр” гэсэн бичиг шивүүлсэн шивээстэй орос багш нарт монголчууд ингэтлээ дорд үзэгдэх хэмжээнд хүртэл “доошоо орсон” гэж үү. Мөн тэдгээр “багш” тодотголтой балмад үйлдэлтэй этгээдүүдийг өөрийн цээжээрээ хамгаалж буй орос сургуулийн монгол багш нар, Ж.Соронзон захиралын туслах гэх бүсгүй та нар өөрсдийнхөө хүн чанар, ёс зүйгээ бодоод ичих хэрэгтэй.

Манай сайт болон бусад хэвлэл мэдээллийн олон сайтууд Ж.Соронзон захирлаас тайлбар хүсч утсаар холбогдохыг хүссэн ч тэрбээр ямар ч тайлбар өгөөгүй юм.
Ямартаа ч, хүний гараар могой бариулдагаараа алдартай гэх Ж.Соронзон захирал хуучин аргаараа доод албан тушаалтан, ажилтнууд, багш, зарим эцэг эхчүүдээрээ халхавч хийсээр байна.

Хэрвээ дээрх албан тушаалтнууд, эцэг эхчүүд, хэвлэлийнхэн хооронд ямар нэгэн асуудал үүсвэл Ж.Соронзон хариуцлага хүлээхгүй “уснаас хуурай гарах” нь ойлгомжтой гэдгийг, өчигдөр болсон үйлдлээрээ харууллаа. Тэрбээр энэ үйлдлээрээ хууль бус, хүн чанаргүй, бусармаг нэгэн гэдгээ дахин олон нийтэд харуулж амжлаа.