Өнөөдөр Соёлын яаманд ‘Тэгш таван хүсэл’ үзэсгэлэн нээлтээ хийлээ.

            Өнөөдөр “Бичиг үсгийн олон улсын өдөр” тохиож байна. Энэхүү өдрийг 1966 оны Боловсролын сайд нарын Дэлхийн бага хурлын үеэр санаачлан дэмжсэнээс хойш жил бүрийн 09 дүгээр сарын 08-ны өдрийг “Бичиг үсгийн олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтож, бүх нийтийн соёлын боловсролын түвшнийг нэмэгдүүлж, бичиг үсэгтэй болохын ач холбогдлыг ойлгуулан, бичиг үсэг тайлагдах боломжийг хүн бүрд тэгш хүртээмжтэй олгох нөхцөлийг бүрдүүлж, бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд чиглэх болсон.

            Манай улс шинэ монгол үсэг буюу кирилл бичгийн хувьд бичиг үсэг тайлагдсан байдлаараа ЮНЕСКО-д үнэлэгдэн 1970 онд Н.Крупская[1]гийн нэрэмжит бичиг үсгийн шагнал хүртсэн түүхтэй.  2015 онд батлагдсан “Монгол хэлний хууль”-аар та бид тэр дундаа төрийн албан хаагчид 2025 онд хос бичгээр албан хэргээ хөтлөн явуулах үүрэгтэй.  Иймээс өнөөдрийн үндэсний бичиг буюу монгол бичиг тайлагдалтын хувь хэр байна бэ? Үүнийг хэрхэн нэмэгдүүлж “Бүх нийтээрээ хос бичигтэн болох бэ?” гэдэг асуудал хүн бүхний өмнө тавигдаж байгаа билээ. Бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлж, соёлын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх нь бидний зорилго бөгөөд “Монгол хэлний тухай хууль”, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр – III”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын яам 2021 оноос эхлэн “Хос бичигтэн яам”, “Хос бичигтэн байгууллага” зэрэг арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлж, “Бүх нийтээрээ хос бичигтэн” болоход дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа ба үүнд, манай ирээдүй хойч болсон залуус, тэр дундаа орон нутгийн хүүхдүүд маань манлайлан оролцсоор байна. Тодруулбал, энэ өдөр Говьсүмбэр аймгийн “Эрдэнийн бийр” дугуйлангийн сурагчдын “Тэгш таван хүсэл” үзэсгэлэнг Соёлын яамны 1 давхрын танхимд дэглэн та бүхэндээ хүргэж байна.

 

 

Мөн саяхан болсон “Эх хэлний өдөр”-өөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн эгч дүүсийн бүтээлээр гаргасан “Хос бичигтэн” үзэсгэлэн танилцуулсан билээ.

Мөн түүнчлэн өнгөрсөн онд “Хос бичигтэн яам” арга хэмжээг зохион байгуулж, яамны албан хаагчдынхаа үндэсний бичгийн мэдлэгийн түвшнийг 36,8 хувиар нэмэгдүүлж, 82,3 хувьд  хүргэсэн амжилтаа улам бататган ахиулж, үндэсний бичгээр цахим бичвэр шивэх 2 сарын сургалтыг эхлүүллээ.

[1] Бүх нийтийг бичиг үсэгт сургасан амжилтыг үнэлж 1970 онд  ЮНЕСКО-оос Н.Крупскаягийн нэрэмжит бичиг үсэгтний шагналыг олгосон.