Монгол Улсын Гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлангийн экс эхнэр Г.Долгормаа гэж дуулаагүй хүн бараг л үгүй биз ээ.

“Торгоны зам”-ын Г.Гантөмөр хэмээх эрхмийн охин гэдгээр нь ч мэдэх хүн цөөнгүй. Хэзээний моринд хорхойтой өнөө цагийн бэлтэй нөхдийн нэг Г.Гантөмөр уул уурхай, зам, барилга, аялал жуулчлал гээд олон салбарт хүч үзэж буй. Тэгвэл түүний охин Г.Долгормаагийн сонирхлыг төрийн алба татаж эхэлжээ.

Тэр дундаа бүр хилийн чанадад Монгол Улсын төрийг төлөөлдөг цөөн байгууллагын нэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төв (ХНХҮТ)-д Г.Долгормаа ажиллах болсон тухай тус улс дахь монгол иргэд жиг жуг хийж байна. Бид уг мэдээллийн дагуу сонирхтол БНСУ дахь ХНХҮТ-ийн нийгмийн даатгалын тасагт мэргэжилтнээр ажиллаж буй нь үнэн аж.

Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн хуучин эхнэр нийгмийн даатгалын салбарт ажиллаж байсан уу, Солонгос хэл мэддэг үү, яагаад тэнд ажилд орох болсон бэ, энэ салбарт үнэхээр мэргэшсэн мэргэжилтэн мөн үү гэдгийг бид хайлаа.


Дээрх төвийн дарга Д.Баярмандах 2022 оны хавар учир шалтгаангүйгээр, зүй бусаар ХНХҮТ-ийн нийгмийн даатгалын тасагт ажил үүргээ гүйцэтгэж байсан, нийгмийн даатгалын улсын байцаагч, Солонгос хэлний дээд төвшний мэдлэгтэй, Солонгост олон жил ажиллаж амьдарч байгаа шилдэг гурван мэргэжилтнээ халж оронд нь Монголоос учир битүүлэг гурван хүн аваачсны нэг нь мөнөөх Г.Долгормаа аж.

ХНХ-ын сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байгаа Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан та хилийн чанад дахь маш чухал салбарт тань үнэхээр мэргэжлийн, туршлагатай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй төрийн жинхэнэ албан хаагчид ажиллаж буй, эсэхийг нарийн шалгах цаг болсон юм биш үү. Жишээлбэл, Солонгос дахь ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын тасгийн даргаар ажиллаж байгаа Л.Доржсүрэн нь Өвөрхангай аймгийнх, Замын хөдөлгөөний удирдлагын төвд мэргэжилтнээр ажиллаж байгаад нэг л өдөр тус төвд тасгийн дарга болж ирсэн байна. Замын хөдөлгөөн, нийгмийн даатгал хоёр ямар уялдаа холбоотой юм бол. Нутгийн ах нар, УИХ-ын гишүүдийнхээ тусламжтай нисэж ирсэн нь тодорхой.

Тиймдээ ч өөрийг нь арын хаалгаар ажилд авч, өөрт нь тусласан ахынхаа ачийг хариулах гэж Д.Баярмандахын далайсан газар далд орж, далласан газар нь ил гарч явдаг мэргэжлийн цүнх баригч гэхэд хилсдэхгүй. Мэргэжилтэн О.Даваажав өмнө нь төрийн байгууллагад битгий хэл, хувийн байгууллагад ч ажиллаж үзээгүй. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн төрсөн дүүгийн хүү. Мэргэжилтэн Ц.Эрдэнэцэцэг ч мөн л адил, өмнө нь нийгмийн даатгалын салбарт бүү хэл, төрийн албанд нэг өдөр ажиллаж үзээгүй хүн байдаг гэж тус төвийнхөн хэлж байна.

Мэргэжилтэн Ц.Бямбаа өмнө нь Эрүүл мэндийн даатгалын газар ажиллаж байсан боловч солонгос хэл огт мэдэхгүй нэгэн аж. Тус төвд анх ирэхдээ огт өөр албан тушаалд томилогдсон боловч Д.Баярмандах нь өөрийн тойрон хүрээлэгч, бүх будилааныг нь найруулж өгдөг дагалдагчаа өөрөөсөө холдуулахгүйн тулд нийгмийн даатгалын тасагт мэргэжилтэн болгосон бололтой.
Солонгос Улс дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах нь ажлын байрандаа ажилтнуудтайгаа архидалт байнга зохион байгуулдаг, өөрийн цүнх баригчдын найр наадмыг хүртэл ажлын байрандаа, ажлын цагаар зохион байгуулсан тухай мэдээлэл бидэнд бий.

Д.Амарбаясгалан дарга аа, хилийн чанад дахь төрийн байгууллагаа шалгаж цэвэрлэх болоогүй юу. Д.Тогтохсүрэн гишүүн ээ, БНСУ дахь энэ төв Өвөрхангай аймгийн иргэдээр дүүрсэн байна. Та энэ төвөөс савраа татах болоогүй юу?

Энэ хүмүүс мэргэшсэн мэргэжилтнүүд яг мөн үү, ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр аа!