Монголын төр хүүхдэд ээлгүй гэдгээ дахин баталлаа. Учир нь 2022 онд хүүхэд асрамжийн “Өнөр бүл” төвд 2.4 тэрбум төгрөг төсөвлөсөн ч төсвийн хэмнэлт нэрийн дор 148 сая орчим төгрөг нь тодотголоор хасагджээ. Хасагдсан мөнгөний 79 сая нь хоол, хүнсний зардлаас танагдсан байна.

Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны зүгээс асрамжид хүмүүжиж буй хүүхдүүдийн хоногт хэрэглэх хоолны норм, хувцас, хичээлийн хэрэгсэл зэргийн нормативыг батлахдаа дунджаар 2013 оны нормативтай ижил хэмжээнд баталжээ.

Өөрөөр хэлбэл, нэг хүүхэд өдөрт идэх өндөгний үнийг 80 төгрөг гэжээ. Өндөг худалдаж авах үнийг 400 төгрөгөөр бодсон. Тэгэхээр таван өдрийн турш нэг өндөг хувааж иднэ гэсэн үг. Мөн тараг, аарцыг 2850, сүүг 2130, гурилыг 1280, гурилан бүтээгдэхүүнийг 2850, ургамлын тосыг 4000, төмсийг 1420, будааг 2550, махыг 12200 төгрөгөөр бодож, норматив баталсан. Хүүхэд өдөрт 110 грамм мах иднэ гэж заажээ.
Түүнчлэн, өдөр тутмын ахуйн хэрэглээ, хувцасны үнийг хэдээр тооцсоныг уншигч та дараах баримтаас харж болно.

Сангийн яам, ХНХЯ-ны зүгээс хүүхдийн дотоож 850 төгрөг, нимгэн оймс 1200, зузаан оймс 1400, унтлагын хувцас 10.700, дүрэмт хувцас 56.800, гэрийн шаахай 2800, хөхний даруулга 3500, трико 4200, бээлий 4250, хүзүүний ороолт 7100, зуны гутал 28400, өвлийн гутал 56.800 төгрөгөөр авна гэж баталжээ.