Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэх ТББ Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллаж байгаа гэх нэрээр их хэмжээний мөнгийг сүүлийн хэдэн сар тасралтгүй авчээ.

Тодруулбал,
2022 оны 04-р сард 30 сая төгрөг

2022 оны 05-р сард 30 сая төгрөг
2022 оны 06-р сард 25 сая төгрөг тус тус шилжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар нийт 85 сая төгрөг шилжүүлээд байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд ямар ажил хийснийг нь харахаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын албан ёсны цахим хуудас руу орлоо.

Гэвч тус хоёр байгууллагын аль алиных нь албан ёсны мэдээллийн сайтад хамтын ажиллагааны талаарх мэдээлэл байсангүй.

 

Уг нь 100 орчим сая төгрөгийн гэрээ гэхээр олон нийтэд зарлаж, бодит үр дүнтэй үйлдэл байх зүй тогтолтойг уншигч та мэдэх биз ээ. Үгүй ядаж тендер зарласан баймаар. Гэвч энэ талаарх мэдээлэл тухайн байгууллагуудын сайтад ч алга, Монголын эмэгтэйчүүдийн холбооны сайт нь 2021 оноос хойш мэдээллээ шинэчлээгүй байв.

https://fcy.gov.mn/website/news_list.aspx?page=2&type=1
http://mwf.mn/medeelel

Хамтын ажиллагааны хүрээнд энэ сард дахин Монголын эмэгтэйчүүдийн холбооны дансанд орно гэх мэдээлэл байна. Эндээс үзэхэд ГБХЗХГ, Монголын эмэгтэйчүүдийн холбоотой 100 гаруй сая төгрөгийн гэрээ хийж байгаа аж.

Төрийн хэмнэлтийн тухай хууль 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр батлагдаж, хэрэгжиж эхэлсэн гэтэл нэг төрийн бус байгууллагад ингэж 100 000 000 орчим төгрөг төсөвлөх нь зүйтэй үйлдэл мөн үү? Энэ тэгээд төсвийн хэмнэлт үү? Г.Батдорж дарга аа?


Хамтын ажиллагааны хүрээнд гэж байгаа нь мөнгө угаалт гэх хардлага байна. МЭХ энэ мөнгөөр юу хийх вэ?

Монголын эмэгтэйчүүдийн холбоо/МЭХ/ -ны тэргүүн нь МАН-ын гишүүн. ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж мөн л МАН-ын дэргэдэх холбоонд хамааралтай ажиллаж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл нэг намын гишүүд хамтын ажиллагаа нэрээр мөнгө угааж байж болзошгүй гэх хардлага төрүүлж байна.

Яг ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй, албан ёсны сайт нь хөгжүүлэлт хийдэггүй, тэгсэн мөртлөө ЗГ-ын харъяа агентлагтай хамтын ажиллагааны хүрээнд энэ гэрээг хийсэн нь эргэлзээ төрүүлсээр байгаа юм.
Энэ хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хийсэн гэрээний үнийн дүнгээр хичнээн хүнд туслах боломжтой вэ? Гэдгийг бодоцгоое. Гэр бүлийн хүчирхийлэлт өртсөн ээж хүүхдүүдийг хамгийн багадаа 10 хоног хамгаалах байран байлгаж, хуулийн зөвлөгөө өгч, сэтгэл зүйн эмчилгээ хийх боломжтой. Энэ мэтээр хийх боломжтой ажлын жагсаалт үргэлжилсээр байх болно.

Төсвийн мөнгийг ингэж хэмнэлэг болсон юм уу? Г.Батдорж даргаа? Төсвийн хэмнэлтийн хуулиа ингэж мөрддөг болсон юм уу?

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор ГБХЗХГ-ын дарга Г.Батдоржоос тодруулахад

Тэрбээр “Монголын эмэгтэйчүүдийн холбоотой гэрээгүй” гэсэн юм.

Бид шилэн дансны мэдээлэл үзүүлэхэд “жил болгон эмэгтэйчүүдийн холбоо болон сурагчдын холбоо руу мөнгө шилжүүлдэг” гэв. Харин ямар ажил хийсний төлөө 100 гаруй сая төгрөг шилжүүлдгээ хэлээгүй юм.

А.Баярмаа