Сэлэнгэ аймгийн Мандал сум бол Монгол Улсын хамгийн их хүн амтай сум. Тус сумын иргэд газар тариалан болон мал аж ахуйгаар амьжиргаагаа залгуулдаг.

Гэтэл тус сумын байгаль орчны байцаагч болон ЗДТГ-ын дарга нар нийлж, иргэд, малчдын эзэмшдэг хадлангийн газрыг булаан авч байгаа талаар тус сумын иргэд гомдол гаргажээ.

 

Тодруулбал, Мандал сумын Байгаль орчны хяналтын тасгийн даргын албан тушаалд Ж.Волоож гэх хүн ажилладаг. Тэрбээр 2021 онд ажлын байран дээрээ архи ууж, агсам тавьж, зүй бус үйлдэл гаргаад тэр чигтээ алга болсон гэдэг.

Түүнийг алга болсонхугацаанд оронд нь хүн томилоогүй бөгөөд 2022 онд тус сумын Засаг дарга Б.Ганболд болоод Ж.Волоожийг буцаан ажилд нь тавьжээ. Үүнээс хойш тэрбээр “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэгч болж ЗДТГ-ын даргатайгаа нийлж төрийн албаар үйлчлүүлэх гэж ирсэн иргэдтэй хэт дээрэнгүй харьцах болсон гэнэ.

Хадлангийн газрыг нь булаан авч, өөрийн дотны хүндээ шилжүүлэн өгсөн үйлдэл нэг бус удаа гаргасан бөгөөд иргэд дээд шатны удирдлага буюу ЗДТГ-ын даргадаа гомдол гаргахад огт авч хэлэлцдэггүй гэнэ.

Одоогоор уг хоёр албан тушаалтан нийлж сумын 1, 2,4, 5, 8, 9 дүгээр багийн 30 гаруй айл өрхийн хадлангийн газрыг булаан авч өөрсдийн танил тал, найз нөхдөдөө шилжүүлэн өгчээ. Тус сумын хамгийн их үржил шимтэй газар болох 5 дугаар багийн нутаг дэвсгэрт л гэхэд 12 айлын газрын эрхийг цуцалж, өөр иргэнд шилжүүлэн өгсөн байх жишээтэй.

Үүнийг аймгийн Засаг дарга болон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан нарт хаяглан илгээсэн дараах өргөдлөөс харж болно.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЛХАГВАДОРЖ  ТАНАА

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын тасгийн дарга Ж.Волоож нь 2021 оны 08 сарын 07нд ажлын байран дээрээ согтуу ирж агсамнаж байгаад 2022 оны 1 сар хүртэл буюу ажилдаа ирэлгүй 5 сар орчим алга болсон. /Энэ нь нийгмийн даатгалын лавлагаагаар баталгаажна/ Гэтэл өнөөдөр хуулийн хүрээнд ямар  ч арга хэмжээ авхуулалгүй харин ч тамгын газрын даргатайгаа нийлэн улсын байцаагчийн эрхээ ашиглан жирийн иргэдийн хадлангийн газрыг хураан авч, өргөдөл гомдол өгсөн иргэний өргөдлийг он сар өдрийндараалал  харгалзалгүй өөр иргэнд шилжүүлэн дураараа аашилж явна.

Энэ үйлдлүүд нь Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоолуудыг  зөрчиж байна гэж иргэн хүний хувьд үзэж байна.

Жишээ нь:

1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 тоот ТӨРИЙН АЛБАНЫ САХИЛГА ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ЧАНГАТГАХ ТУХАЙ ТОГТООЛЫН

1.1 / харьяа байгууллага болон салбар, нэгжидсахилга, дэг журмыг сахиулах тодорхой аргахэмжээ авч, төрийн албаны хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн төрийн албанхаагчид хариуцлага тооцож тухай бүр Засгийнгазрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байх; /,  

1.2 / иргэдийг ялгаварлан гадуурхахгүй ижилтэгш, зөв шударга харьцаж, төрийн байгууллагадиргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыншийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулж, хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдлыг 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөрт багтаан шийдвэрлэж, хариуг өгөх, цаашид өргөдөл, гомдлыг хугацаанднь бодитой шийдвэрлэж хэвшүүлэх; / ,  

1.7 / төрийн албан хаагч албан томилолтынявцад, ажлын болон ажлын бус цагаар ажлынбайранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыгтаслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусганхориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлагатооцох;/,

2. Төрийн албаны тухай хуулийн 37  дугаар зүйлийн 37.1.7 /төрийн албан хаагчийн ёс зүйн хэмхэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;/ 37.1.16 / Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамдзаасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэйашиглах; /

46 дугаар зүйлийн 46.1.1 / .хуульд өөрөөрзаагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлынулмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаахийхгүйгээр эмчлүүлж, сувилуулахшаардлагатай болсон;

Иймд энэ гомдлыг шалган шийдвэрлэж өгнө үү

Хувийг: МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД  С.АМАРСАЙХАН

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

                       нарт

Өргөдөл гаргасан иргэн:  Б.Лхамжав

Хойноос ирээд хот минийх гэгч болов

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Д.Батзориг ийнхүү ярив.

Манайх Мандал сумын IV багийн Тэмээтийн хонхор гэх газарт хадлангийн талбайтай. 2022 оны зургадугаар сард хадлангийн газартаа хашаа барьсан ч сумаас 130 машинтай ирээд дайрч буулгасан. Сумын Засаг дарга Б.Ганболдод “Хадлангаа авчихаад сарын дараа хашаагаа буулгана” гэх хүсэлт өгөхөд зөвшөөрч гарын үсгээ зурсан. Гэтэл ЗДТГ-ын дарга Лувсандагва наймдугаар сарын эхээр ирээд нураасан. Үндэслэл нь “Зөвшөөрөлгүй хашаа барилаа, нийтийн эзэмшлийн газрыг хаалаа” гэсэн. Манай суманд малын даац 6-7 дахин нэмэгдсэн гэж үздэг болохоор газрыг хашиж авахгүй бол хадлан авах боломжгүй шүү дээ.

Хадлангийн газрын ард ЗДТГ-ын дарга Д.Лувсандагва хувийн өвөлжөө, фермерээ барьсан байгаа. Хүмүүс “Дэмий юм биш үү, өчнөөн жил нутагласан айлыг болохгүй байх” гэхэд “Би хар толгойгоороо хариуцна, буулга” гэсээр байгаад буулгасан гэсэн.

Д.Лувсандагва дарга сумын нутаг дэвсгэрт 157 га газар авсан байдаг. 2021 онд билүү дээ, гэрчилгээгээ өөрчлүүлж, иргэний хадлангийн газрыг “Эзэмшил” хэлбэрээр, 64 жилээр авсан. Хуульд зааснаар бол хэзээ ч хадлангийн газрыг эзэмшихээр авдаггүй. Дээрээс нь эгэл жирийн иргэд жил болгон хадлан авах газраа сумын ЗДТГ-аас зөвшөөрөл авч хуваарилуулдаг. Жил жилээр сунгаж нэг га газарт 2000 төгрөгийн хураамж төлдөг. Гэтэл тамгын дарга өөртөө 64 жилээр газар авчих жишээний.

Дээрх 157 га газраа дуудлага худалдаанд оруулаагүй, сумын газрын төлөвлөгөөнд ч оруулалгүй хууль бусаар авсан. Энэ бол цэвэр албан тушаалаа ашигласан хэрэг. Би АТГ-т хандаж шалгуулахад “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэг үүсгээгүй. Энэ хариугаа бичгээр бус амаар өгсөн.

Манай аав Долоонжин гээд 70 гарсан өвгөн бий. Манайх эрт дээр үеэс энэ газраас хадлангаа авч ирсэн. Өнгөрсөн жил өвөлжөөгөө барьж, дэргэд нь үхрийн хашаа барьсан. Гэтэл Лувсандагва дарга байсхийгээд Байгаль орчны хүн явуулж дарамталдаг, зөрчлийн хэрэг нээж торгууль тавина. “Яагаад ингээд байгаа юм бэ” гэхээр наад үхрийн хашаагаа буулга, үхэр малаа харж хононо уу яана уу өөрсдөө мэд гээд зөвшөөрдөггүй. Тэгсэн хэрнээ Тэмээтийн хонхорт байх өөр зөндөө айлын өвөлжөөнд халддаггүй.

Д.Лувсандагва дарга манай Тэмээтийн хонхорын газрыг авах гэж аль 2010 оноос улайрсан хүн. Энэ хүн өмнө нь Сэлэнгэ аймагт Хяналт шинжилгээ үнэлгээний дарга байсан. Өнгөрсөн хоёрдугаар сард манай сумын ЗДТГ-аар ирсэн. Тухайн үеийн 4-р багийн ЗД байсан, одоо сумын ЗД Б.Ганболд анх манайд дагуулж ирж “Та хэд хадлангийн газраасаа энэ хүнд жаахныг өгчихөөч, мал ахуйтай болж байгаа юм байна” гэж гуйсаар хойд хэсгийн газрыг авч өгсөн. Гэтэл одоо сумын ЗДТГ-ын даргаар ирэнгүүтээ Тэмээтийн хонхорын газрыг тэр чигт нь авах гээд улайрч байна. Манайхтай зэргэлдээ байдаг Мөнхтулга гэх залуугийн газрыг бас булааж авсан.

Байгаль орчны хяналтын тасгийн дарга Ж.Волоожтойнийлж хадлангийн газруудыг эргэж байна гэх нэрээр аль шим сортой газрыг нүдэлж явдаг. Газраасаа жаахан хазайж орсон байвал техник битүүмжилнэ, хураасан хадланг нь хурааж булааж авна. 70 гарсан аавыг минь ээлж ээлжээр ирж айлгана, өдөр дараалан утсаар залгаж загнана, ирж гарын үсэг зур, мэдүүлэг өг, прокуророор хүчээр авчруулна гэх мэтээр дарамталжбайна. Төр төлөөлж байж иргэдийг ингэж л дээрэлхэж байна.

Сумын иргэн Н-ийн газрыг мөнгөө тушаагаагүй хоёр хоносон гээд /13 мянга/  шууд хураагаад авчихсан тохиолдол бий. Түүнийгээ өөрийнхөө ойр дотны хүмүүст дараалал харгалзахгүй өгчихдөг.

Би сая Бороо гоулдын орчим хадлан авах гээд судлахад Байгаль орчны байцаагч Мөнхтүвшингийн 20 га газраас 70/30 хувиар хадлан хадаад авбал ав гэж байна. Мөнхтүвшинд малын А данс байгаа эсэх нь эргэлзээтэй. Аав нь гэхэд л Шивэрт гэх газарт маш том газартай. Энэ хүн болон Д.Лувсандагва, Ж.Волоож нар бүлэглэж албан тушаалаа ашиглаж, иргэдийн хадлангийн газраас ашиг олж байна уу гэж харж байна хэмээн ярив.

Мандал сумын хохирсон иргэд өнөөдөр ЗГХЭГ-ын дэргэдэх 1111 төвд удаа дараа хандахаас гадна дээрх өргөдлийг холбогдох албан тушаалтнуудад явуулдаг ч ямар нэгэн хариу ирээгүй гэнэ. Хууль зөрчин, иргэдийг хохироож буй төрийн албан хаагчдад шууд хариуцлага тооцож, алдаа дутагдлыг засаж залруулах үүрэгтэй Мандал сумын Засаг дарга Б.Ганболд ч энэ талаар мэдсэн хэрнээ мэдээгүй царайлж, үг дуугүй толгойг нь илж явааг ойлгохгүй байгаагаа иргэд хэлж байна. Түүнийг сумын тамгын газрын ажилчидтайгаа нийлж “Хууль бус зүйл үйлдэж явдаг байж магадгүй” гэж хардаж байгаагаа ч хэлсэн юм.