Хоорондоо хөлөө жийлцэж, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болчихоод байгаа АН-ын даргын суудлыг экс Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, эсвэл УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтыг болгох гэж байна гэсэн мэдээлэл цацагдах болсон.

Тийм болоод ч тэр үү, Ц.Элбэгдоржийн “хийрхэл” өвчин сэдрэх болж. АН-ын хурлын үеэр индэр дээр үг хэлж, цэцэрхлээ барьж дийлэхгүй өрсөлдөгчдөө муу муухай болгож харагдуулахаар элдвийг ярьж, “Жүдо үзэхээс өөр ажил хийдэггүй, гишүүдээсээ тусдаа суудал засаж суудаг, намын тамгаар мөнгө хийхээс өөр бодолгүй” гэх мэтээр бусдыгаа цоллон, журмын нөхдийнхөө эвлэрэх сэтгэлд ус цацаад авав. Уг нь АН-ынхан хагарал, хуваагдалдаа цэг тавихын тулд талууд хоорондоо ойлголцож эхэлсэн ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бохир улстөрчийн араншингаа гаргаж, амжилттай үргэлжлэх төлөвтэй болсон ойлголцлын автор нь болж харагдахаар яарч эхэлсэн нь энэ. Тус намынхны ойлголцол Ц.Элбэгдоржоос огт хамааралгүй гэдгийг С.Эрдэнэ нотолж “Элбэг худалч хуцаж л байдаг юм” хэмээн твитерт жиргэснээс дүгнэж болно.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид улс төрд эргэн ирэх асар их хүсэл, сонирхол байгаа нь илт. Тиймдээ ч намын хагарал, бутралыг нэгтгэсэн хүн болохын тулд хурлын индэрт очоод нөхдөө баахан муулж орхисон бололтой. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний дараа залгаад өрнөсөн Украины дайн зэрэг нь улс орнуудын эдийн засгийн хямралт өртүүлж байгаа. Дэлхий дахины энэ хямралыг манай улс боломж болгохын тулд эдийн засгаа солонгоруулах, бараа бүтээгдэхүүний экспортыг барууны орнуудад нэмэгдүүлэх гэж Засгийн газрын тэргүүнээсээ эхлээд хөгшин Европыг зорьсон нь саяхан. Тэгвэл энэ хямралыг улс төрд эргэн ирэх боломж гэж харж, санаагаа ил цагаан илэрхийлж эхэлсэн хүн бол мөнөөх л экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэрбээр индэрт гарч олон зүйл ярьж, нэгэн цагт журмын нөхөр гэж явсан намынхаа нөлөө бүхий хүмүүс рүү дайрч давшлахтай зэрэгцээд түүнтэй улс төрийн хамсаа болж МАНАН бүлэглэлийг толгойлолцож явсан нэгэн эр “ичээ”-нээсээ гарч, элдэв зүйл ярьж эхэлжээ. Энэ юуны дохио вэ. Магадгүй нам дамнасан бүлэглэл Монгол орны баялгийг дахин цөлмөх, эрх мэдлээ буцааж авах сэдэлд хөтлөгдөн амь орж байгаа л хэрэг биз ээ. Тэр бүлэглэлийн тэргүүлэгчдийн нэг хэмээх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол Улсыг мөнхийг хоёр хөрштэйгөө муудалцуулах, нефть бүтээгдэхүүний хангамжийг муутгах, үнэ хөөрөгдөх, улмаар дотоодод тогтворгүй байдал үүсгэж, үймээн самуун дээр дөрөөлөн эрх мэдэл булааж авах атгаг санаа агуулж байж ч магадгүй гэх хүмүүс АН-ынхны дунд ч байна. Өөр бусад намынхан нь тэгж хардаж буй биз. Аз болоход Ц.Элбэгдорж одоо хэн ч биш, ямар ч нөлөөгүй жирийн нэг иргэн гэдгийг мэдэж буй хойд хөрш түүний үйлдэлд хариу үзүүлэлгүй нүдээ анин өнгөрч байгаа гэхэд хилсдэхгүй.

Ц.Элбэгдорж Монголын төрд гараад хийсэн хууль бус үйлдэл олон гэж хэвлэлээр шуугьж байсан ч өнгөрсөн зун Нийслэлийн Прокурорын газраас холбогдсон бүх хэргүүдийг нь хэрэгсэхгүй болгох тогтоол гаргаж, улс төрд эргэн ирэх замыг нь бага багаар цэвэрлэж өгч байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргүүдийг нэгтгэн тагнуулын байгууллагад шалгуулахаар прокуророос харьяалал тогтоон АТГ-аас шилжүүлсэн байдаг. Түүнийг “Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын давуу эрхээс татгалзуулж, Д.Эрдэнэбилэг нарын үүсгэн байгуулсан “Монголын зэс корпорац” ХХК-д шилжүүлэх ажлыг зохион байгуулж хамтран оролцсон хэмээн шалгасан юм. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцож, гэм буруутай, эсэхийг нь шүүхээр тогтоолгох санал гаргаж, прокурорын хяналтад хүргүүлсэн билээ. Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүсэлт гаргаж, яллах дүгнэлтийг хүчингүй болгуулахаар хандсан юм. Мөн уг хэрэгтэй хамтатган БНСУ-ын иргэн Ү Так Гуаны 3.7 сая ам.долларыг залилсан гэх гомдлыг шалгаад гэм буруутай нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгоод байсан. Прокурорын байгууллагаас Ц.Элбэгдоржид холбогдох, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаатай холбоотой дээрх хэргийн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгоод нэмэлт ажиллагаа хийлгэхээр ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шилжүүлэн шалгуулсан юм. Учир нь Эрүүгийн хуулийн 19.6 буюу хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх зүйл ангид хамаарах хэргийг шалгах эрх бүхий байгууллага нь ТЕГ учраас ийнхүү тус газарт хүргүүлсэн аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сард УЕПГ-т Ц.Элбэгдоржийн Тавантолгой ордын гэрээтэй холбоотой гэх баримтыг өгч, шалгуулах хүсэлт гаргаж байсан. Улмаар уг хэрэгт холбогдсон Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АТГ шалгаад албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцон дөрвөн жил хорих ял оноосон. Харин М.Энхсайханд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн 19.6-1-д заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан” гэх үйлдлийг нь тусгаарлан, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Уг үйлдэлд Ц.Элбэгдоржийг холбогдуулан шалгаж байсан юм. Түүгээр ч зогсохгүй яллагдагч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ, эрүүгийн хэргийн яллагдагч нар болох “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн гэх хэрэгт холбогдсон нэр бүхий 13 хүнтэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргаж байлаа. Ийнхүү удтал шалгасны эцэст тагнуулынхны мөрдөн шалгах ажиллагаагаар Ц.Элбэгдоржийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдоогүй гэж дүгнэн прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгов.

Ингэснээр Ц.Элбэгдорж хилээр чөлөөтэй гарч явах эрх нь сэргэж, гадаад орон руу чөлөөтэй зорчих болсон. Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн гэх хэргийг яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэхээр болсон гэх мэдээлэлтэй зэрэгцэн зугтах шахам хилээр гарч явсан гэх мэдээлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, Нелсон Манделагийн үүсгэн байгуулсан “The Elders” байгууллагын гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг 2022 оны аравдугаар сарын 17-нд хүлээн авлаа хэмээн мэдээлэл цацуулаад уг халхавч дор явчих шиг болов. Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн гэх хэрэгт холбогдогчдын шүүх хурал болохоос өмнө эх орондоо морилно гэдэгт итгэлтэй байна. Магадгүй түүнийг шүүх гэрчээр дуудаж, хэрэгт оролцуулах биз. Чухал мэдүүлэг өгөхүйц хүн учраас Д.Эрдэнэбилэг тэргүүтэй уг хэргийн яллагдагч нар, тэдний өмгөөлөгчид нь Ц.Элбэгдоржийг гэрчээр оролцуулах хүсэлт шүүхэд хүргүүлэх нь гарцаагүй.