Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарлаа. Өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад нийслэл хотын хувьд цас их унасан гэдгийг Цаг уурын байгууллагынхан онцолж байна. Цас их орсноос гудамж талбайд хальтиргаа гулгаа үүсч, иргэд явган явахад хэцүү, замын хажуугийн хашлагаас барьж арай ядан явна.
Ийм л дүр зургийг нийслэлийн гудамж талбайн өнцөг булан бүрээс харж болно. Өдөртөө бага зэргийн хайлсан цас шөнийн хүйтэд хөлдөж өглөөгүүр “мөсөн” зам татуулж байна.
Өглөө автобусны буудалд дээр 10 гаруй минут унаа хүлээх зуур иргэдийг хэсэг ажиглав. Зам дагуу болоод ч тэр үү хүний хөл хөдөлгөөн их байлаа. Өглөө эрт ажил, сургуульдаа яарсан залуус, хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгөхөөр алхаж байгаа эцэг, эхчүүд цуваа үргэлжилсээр. Энэ хугацаанд нэлээд олон хүн хальтирч, зарим нь унаж байх юм. Хальтирч унаад ямар нэгэн бэртэл, гэмтэл авахгүй л бол гар, хөлөө барьж хувцсаа гөвсөөр цааш алхах аж.
Нийслэл хотын нэгээхэн хэсэг болсон автобусны ганцхан буудалд дээр түр зуур зогсоход нэлээд олон хүн хальтирч унаж байгаа юм чинь өдөрт нийслэл хотын хэмжээнд хэчнээн хүн унаж бэртсэн гэсэн дуудлага Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд ирж байгаа бол.
Эх сурвалжийн мэдээллээр “Хальтиргаа, гулгаанаас болж өдөрт 300 орчим хүн бэртэж гэмтдэг гэх судалгаа байдаг. Энэ жилийн хувьд энэ тоо буурхгүй байх” гэв.
Мэргэжлийн эмчийн хэлсэн тооны иргэд өдөрт зөвхөн хальтиргаанаас болж, гэмтэл авч байна гэхээр харамсалтай. Иймд байгууллага аж ахуй нэгжүүд ойр орчны 50м газрынхаа мөс цасыг сайтар цэвэрлээрэй.