Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар аймгийн ИТХ-ын Ээлжит XI хуралдааныг ирэх сарын 15-ны өдөр хуралдуулахаар тов баталлаа. Ээлжит XI хуралдаанаар найман асуудал хэлэлцэнэ.

Мөн зөвлөлийн хурлаар Орхон аймгийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл, хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангасан дүнгийн тухай хэлэлцлээ.

Орхон аймаг дэд бүтцийн чиглэлээр өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд 43 нэр төрлийн ажил төлөвлөснөөс бүрэн хэрэгжиж дууссан 12, хийгдэж байгаа 27, хугацаа болоогүй 3, хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлээгүй 1 ажил байгаа бөгөөд биелэлт 70.8%-тай байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ус хангамжийн гуравдугаар шугамыг ашиглалтанд оруулах, үерийн усны далан сувгийг бүрэн цэвэрлэж үзлэг шалгалтыг тогтмол хийх, орон сууцны хорооллын цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангахаар Уртын гол, Говил, Эрдэнэ, Яргуйт багт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, Орон сууцны болон гэр хорооллын гудамжинд 15 байршилд гэрэлтүүлэг тавих, засварлах, улсын чанартай авто замын нөхөөс, хөвөөг засварлах зэрэг ажлууд өнөөдрийн байдлаар бүрэн хийгджээ.

Зөвлөлийн гишүүд Дэнж, Эрдэнэ, Баянцагаан багийн иргэдийн ундны усны эх үүсвэрийг шийдэх, төлөвлөгөөнд туссан биелэлт хангалтгүй байгаа ажлуудыг эрчимжүүлж, сэрүүний улиралд халаалт, дулаантай холбоотой асуудал гаргаж иргэдийг чирэгдүүлэхгүй байх талаар холбогдох албаныханд үүрэг өглөө.

Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 71,3 хувьтай байна. Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд малчдын түвшинд 9500 тн байгалийн хадлан бэлтгэнэ. Байгалийн хадланг малчдын түвшинд бэлтгэх төлөвлөгөөг сум, баг, өрхийн малын тоо толгойтой харьцуулан гаргаж, хадланг 08 дугаар сарын 25-аас эхлэн бэлтгэх юм.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгүүдийн урсгал засварын ажил дуусч, сурагчдаа хүлээн авахад бэлэн болоод байна. Одоогийн байдлаар “Унага” цэцэрлэгийн хойд фасадын засварын ажил дууссан ыол 6-р цэцэрлэг, Уран эгшиг сургуулийн их засварын ажил үргэлжилж байна. III сургууль хичээлийн I байраа бүрэн суллаж сургуулийн барилгыг буулгах ажил эхлэхэд бэлэн болсон бөгөөд III сургуулийг шилжүүлэх “Хийморь” худалдааны төвийн засварын ажил үргэлжилж байна.

Мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд ЕБС, МСҮТ-үүдэд олгох ухаалаг дэлгэц, “Эрдэнэтийн эрүүл хүүхэд” төслийн хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төвийн тоног төхөөрөмжийг БШУГ-т хүлээн өгчээ. Түүнчлэн энэ жил 5 цэцэрлэгт 143 камер суурилуулснаар Орхон аймгийн бүх цэцэрлэг камерын иж бүрэн системд холбогдож байна.

Нэмж мэдээлэхэд 2022-2023 оны хичээлийн жилд 8200 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдана. БШУЯ-наас өгсөн чиглэлийн дагуу 5 настай 1900 гаруй хүүхдийг харьяалал харгалзахгүйгээр бүртгэж сургуулийн өмнөх боловсролын үйлчилчилгээнд хамруулахаар бэлтгэл ажлыг хангасан зэргийг өнөөдөр аймгийн ИТХ-ын зөвлөлийн хуралд холбогдох албаны хүмүүс танилцууллаа.