Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дууны анги байгуулагдаад 70 жил болжээ. Дуурийн дуулах урлаг нь нарийн мэргэжил төдийгүй монгол дуучны дуу хоолой дэлхийн сонгодог урлагийн тайзнаа эгшиглэхэд үе үеийн дуурийн гоцлол дуучид хувь нэмрээ оруулсан.

Гоцлол дууны анги байгуулагдсан түүхэн ойгоо угтаж тус театрын гоцлол дууны ангийн залуу үеийнхэн эрхэмлэж хүндэлдэг багш нар болон ахмад уран бүтээлчдээ урьж уулзлаа.

ДБЭТ-ийн үе үеийн уран бүтээлчид өөрийн цаг үедээ алдарт “Аида”, “Тоска”, “Богема”, “Евгений Онегин” гээд дэлхийн сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг эгшиглүүлж байсан.

Цаашдаа ч энэ цуваа тасрахгүй үргэлжилнэ. Монголчууд бид дуу хуурын баялаг түүхтэй. Тэгвэл Монголын дуурийн театр “Бөмбөгөр ногоон” театраас эхтэй ажээ. Ийнхүү 1951 онд Хөгжимт драматик театрт нэгэн дэвшил гарсан нь Б.Дамдинсүрэнгийн “Жаргалын зам” дуурийг тоглосон явдал юм. Энэ бол өнөөгийн УДБЭТ-ын гоцлол дууны ангийн үүсэл байв. Ийнхүү 1952 оны аравдугаар сарын 6-ны өдөр театрын дарга Н.Цэгмэдийн тушаалаар Л.Цогзолмаа, Ц.Пүрэвдорж, Д.Пүрэвсүрэн, Ж.Дорждагва, Ц.Дагванамдал, Д.Баатар, О.Даваадорж, Д.Чулуун, М.Нямсүрэн, Д.Долгоржав, М.Шинэхүү В.Долгор гэсэн бүрэлдэхүүнтэй гоцлол дууны ангийг анх байгуулсан түүхтэй.